Дэлхийн эдийн засаг булангийн энэ удаагийн дугаарт Хятадын Төв банк зээлийн хоёр гол хүүг бууруулсан талаар онцолж байна.
Хятадын Төв банкнаас бодлогын хүүгээ энэ он гарсаар хоёр дахь удаагаа буурууллаа. Тус банк өчигдөр бодлогын хүүг бууруулж, банк санхүүгийн системээс бэлэн мөнгөө эргүүлэн татаж эхэлсэн байна. Энэ нь зээлийн эрэлтийг нэмэгдүүлэх замаар цар тахалд нэрвэгдсэн эдийн засгийг дэмжих бодлого нь аж. Эдийн засагчид, шинжээчдийн таамаглаж буйгаар бусад том гүрнүүд бодлогын хүүгээ эрчимтэй өсгөж байхад Хятадын эрх баригчид эсрэгээр нь бууруулах замаар суларсан эдийн засгаа дэмжихийг хичээж байгаа аж. Хятадын Ардын банкны (PBOC) мэдээллээр зарим санхүүгийн байгууллагад нэг жилийн хугацаатай 400 тэрбум юанийн зээлийн хүүг 10 нэгжээр бууруулж, 2.85 хувиас 2.75 хувьд хүргэсэн аж Зах зээлийн шинжээч 32 хүний дунд өнгөрсөн долоо хоногт явуулсан санал асуулгаар эрх баригчид дунд хугацааны зээлийн хүүг өөрчлөхгүй гэдэгт бүгд санал нийлж байв. Гэтэл Хятадын Төв банкны шийдвэр шинжээчдийн таамгаас зөрж, гайхашрууллаа гэж “ANZ” байгууллагын ахлах стратегич Шин Жаопен мэдэгджээ. Түүний тайлбарласнаар гэнэтийн шийдвэр нь өнгөрсөн Баасан гаригт мэдүүлсэн зээлийн муу мэдээлэлтэй холбоотой аж. Хятадын засгийн газар нь эдийн засгийн өсөлтөд ихээхэн анхаарал хандуулж байгаа бөгөөд унагаахыг хүсэхгүй байна гэж тэрбээр таамаглажээ.
Хятадад шинээр үүсгэн байгуулагдсан банк зээл олгоход өнгөрсөн долдугаар сард зээлийн өсөлт буурснаар хүндрэлтэй тулгарч байсан. Цар тахлын удаа дараагийн давалгаа нь ажил олгогчдод тогтворгүй байдлыг үүсгэж, ядуурлыг нэмэгдүүлсэн бөгөөд компаниуд, хэрэглэгчид зээл авахдаа илүү болгоомжлох хандлагатай болж иржээ.
Харин Хятадын Ардын банкнаас энэ алхамаа "банкны системийн хөрвөх чадварыг боломжийн хэмжээнд байлгах" гэж тайлбарласан. Мөн 600 тэрбум юанийн дунд хугацаатай зээлийн хугацаа дуусч, үйл ажиллагааны үр дүнд цэвэр 200 тэрбум юанийн санг татан авсан байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд банк хоорондын мөнгөний ханш хамгийн доод түвшинд, бодлогын хүүгээс байнга доогуур хэвээр байж, банкны систем бэлэн мөнгөөр дүүрсэн байсан тул зах зээлд оролцогчид хэсэгчилсэн эргэлтийн үнийг голчлон тогтоожээ. Харин өнөөдөр хүүг 10 оноогоор бууруулсан нь бодлогын хямралыг урьдчилж харсан гэж “OCBC Bank” –ны хүүгийн стратегист Францес Чэнг тайлбарлаж байна. Дотоодын болон гадаад инфляцийн өөрчлөлтийг анхааралтай ажиглахын зэрэгцээ мөнгөний ухаалаг бодлогоо хэрэгжүүлж, хөрвөх чадварыг боломжийн хэмжээнд байлгах болно гэж Хятадын Төв банк тайландаа дурджээ. “Инфляцийн эрсдэл болон хөрвөх чадварын нөхцөл байдлын талаар анхааруулж байсан ч COVID-ийн тархалт, үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт давамгайлж буй. Эдгээр уналтын эрсдэлүүдээс шалтгаалан Хятадын Төв банк эрэлтийг нэмэгдүүлэхийн тулд хүүг бууруулахад хүргэсэн” гэж “Mizuho Bank”-ны ахлах стратегист Кен Чун тайлбарлажээ.
Төв банкны шийдвэрийн дараа Хятадын 10 жилийн хугацаатай төрийн сангийн фьючерс арилжааны эхэн үед 0.7%-иас дээш өссөн бол тус улсын бондын өгөөж 5 орчим нэгжээр буурсан байна.
Төв банк мөн долоон өдрийн урвуу репогоор 2 тэрбум юанийг төвлөрүүлж, зээлийн өртгийг 2.1%-иас 2.0% болгон бууруулсан байна. Хятадын төв банк өмнө нь өнгөрсөн нэгдүгээр сард дээрх хоёр хүүг 10 нэгжээр бууруулж байв.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS