"Squid game" киноны гол дүр И Жон Жэгийн кинонд орлон тоглогчоор ажилласан"

Хуучирсан мэдээ: 2022.08.16-нд нийтлэгдсэн

"Squid game" киноны гол дүр И Жон Жэгийн кинонд орлон тоглогчоор ажилласан"

"Squid game" киноны гол дүр И Жон Жэгийн кинонд орлон тоглогчоор ажилласан"

Солонгосын А зэрэглэлийн жүжигчин, найруулагч И Жон Жэгийн найруулсан "Hunt" action жанрын уран сайхны кинонд монгол орлон тоглогчоор ажиллажээ. Түүнийг Б.Нандин-Эрдэнэ гэдэг. Тэрбээр энэ кинон дээр нэлээн хүнд тооцогдох орлон тоглогчийн үзүүлбэрийг гүйцэтгэсэн байна. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.


-Б.Нандин-Эрдэнийг БНСУ-ын "Жамп" театрт жүжигчнээр ажиллаж байсныг нь мэднэ. Одоо мэргэжлийн орлон тоглогчоор ажиллаж байгаа юу?

-Намайг Болдбаатарын Нандин-эрдэнэ гэдэг. Монгол дахь "Mongol stunt" төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагчдын нэг. Би БНСУ-д 2012 онд анх ирж, " Жамп " театрын жүжигчнээр ажилласан. Театрт ажиллахын хажуугаар Өмнөд Солонгос улсын “Seoul Action school " компанийн орлон тоглогчоор ажилладаг байв. Одоо энэ ажилдаа ороод нэг жил болж байна.

Энэ сургуулийн орлон тоглогчид Өмнөд Солонгосын тулаант кинонуудтай хамтран тулааны найруулга хийж, ажилладаг. Надаас өөр монгол орлон тоглогч байхгүй. Гадаад жүжигчдээс Германы орлон тоглогч бас ажилладаг. Миний хувьд сургуульд нь сурахгүйгээр шалгалт өгч, шууд орлон тоглогчоор ажиллаж эхэлсэн.

-Анх хоёр найзтайгаа хамтран орлон тоглогч болохоор таэквондогоор хичээллэж, Жэки Чаны тоглосон киноны хэсгийг дууриасан бичлэг хүртэл хийж байсан шүү дээ?

-Бид анх багаа “Фантастик” нэртэйгээр 2006 онд байгуулж байлаа. Тухайн үед А.Лхагвасүрэн, М.Наранбаатар, Б.Нандин-Эрдэнэ гэсэн гурван залуу киноны орлон тоглогч болох хүсэлдээ хөтлөгдөн нэгдэж байсан юм. Бид өмнө нь таэквондогоор хичээллэдэг байсан учраас паркоур урлагийг илүү сонирхож эхэлсэн л дээ. “Загасан нүд” олон улсын кино наадамд хүртэл богино хэмжээний бичлэг явуулж оролцдог байлаа.

Үүний дараа бидний хийсэн алдарт жүжигчин Жэки Чаны тоглосон ‘Би хэн юм бэ’ киноны тулаантай хэсгийг дууриасан бичлэг хийсэн. Бид тэр бичлэгээрээ Холливудын кинонд гардаг тулааныг монгол залуус хийж чадна гэдгийг харуулахыг хичээсэн юм.

Хүмүүс ч “Их сайхан болсон байна” гэж хэлж, урам өгсөн. Бид Жэки Чаны тулаантай хэсгийг дууриахдаа монтаж монтажаар нь салгаж, удаашруулж байгаад нэг бүрчлэн цээжлээд давтаж байлаа. Тэр киноны дараагаар тулаантай олон киног дуурайх байсан боловч төсөл маань амжилтгүй болж, хэрэгжиж чадаагүй юм.

-Одоо Солонгосын ямар кинон дээр орлон тоглогчоор ажиллаж байна вэ?

-Би нэг жилийн хугацаанд 10 гаруй кинонд орлон тоглогчоор ажилласан. Одоо эхнээсээ нээлтээ хийж эхэлж байна. Хамгийн эхнийн нь "Netflix" компанийн "The king’s Affection" цуврал бол дараагийнх нь наймдугаар сарын 10-нд нээлтээ хийсэн Өмнөд Солонгосын А зэрэглэлийн жүжигчин найруулагч И Жон Жэгийн найруулсан " Hunt " action жанрын уран сайхны кино. Одоо бас хоёр драм, нэг бүрэн хэмжээний уран сайхны кинонд ажиллаж байна. Үүний нэг нь монголчуудын сайн мэдэх "Есөн сүүлт үнэг " цувралын хоёр дахь анги дээр ажиллаж байгаа.

Саяхан Ма Дун Сог жүжигчний гол дүрд тоглосон киноны орлон тоглогчоор ажилласан. Ерөнхийдөө Солонгосын алдартай ихэнх жүжигчидтэй нэг кинонд ажилласан. Орлон тоглогчдын хувьд өнөөдөр нэг кинонд ажилласан бол маргааш нь өөр кинонд тоглодог. Нэг киног дуустал нь тухайн орлон тоглогчид ажилладаггүй. Манай сургуулийн хувьд үүсгэн байгуулагдаад 30 жил болж буй. Тэгэхээр Өмнөд Солонгосын кино урлагт энэ жанр хүчтэй хөгжиж, сүүлийн үед тулаант кинонууд улам хүчээ авч байна.

Үлгэр дууриалал авдаг жүжигчин гэвэл?

-Одоо миний хувьд Хонконгийн жүжигчин Донни Йен буюу “Ip Man” киноны гол дүрийн жүжигчний кино болгоныг үзэж, судалгаа хийдэг. Үлгэр дууриалал авдаг жүжигчин.

-Орлон тоглогч хэр хугацааны дараа кинонд ажилладаг вэ?

-Бүтэн жилийн хугацаанд бэлтгэл хийсний дараа кинонд ажиллах боломжтой болдог. Кинонд гарсны дараа ч өглөөнөөс орой хүртэл байнгын бэлтгэл сургуулилалт хийдэг. Яг л оффисын ажилтан шиг. Зураг авалтгүй ажилчид нь өдөр бүр биеийн хүчний болон тулааны техникийн бэлтгэл хийдэг.

Орлон тоглогчийн мэргэжил амь насанд болон эрүүл мэндэд эрсдэлтэй учраас Өмнөд Солонгост сайн үнэлдэг. Жишээлбэл холбооноос дүрэм журам, орлон тоглогчдын үнэлгээг тогтоож өгсөн байдаг. Хамгийн өндөр үнэлгээтэй нь галд шатах, машинд дайруулах үзүүлбэр байдаг. Ойролцоогоор нэг ангитай кинонд өдрийн 600 мянган воноор ажилладаг.

-Ажлаа хийх явцдаа хүнд бэртэл гэмтэл хэр авч байв?

-Хэцүү ажил ч гэсэн бэртэл гэмтэл ерөнхийдөө гайгүй. Хамгийн хүнд бэртэл гэвэл Монголд “Татар ажиллагаа” киноны зураг авалтын үеэр үзүүлбэр хийж байгаад хамтрагчтайгаа үл ойлголцож, мөрөө хүнд бэртээж байсан. Тэр бэртэл маань удаан хугацаанд эдгэж, одоо ч гэсэн сайн эдгээгүй байгаа.

-Ирээдүйн зорилгоосоо хуваалцахгүй юу?

-Миний ирээдүйн зорилго гэхээсээ илүүтэй багаараа дэлхийд гарсан тулаант, адал явдалт киног өөрсдөө бүтээх мөрөөдөлтэй. Бид олон жил зохиолоо ярьж, судалгаа хийж байна. Магадгүй ирэх жилээс багаараа өөрсдийн тулаант киногоо хийх төлөвлөгөөтэй байгаа. Мөн дэлхийн кино урлагийн том төсөл дээр хамтарч, өөрийн тулааны найруулгаараа хамтран ажиллах зорилготой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж