SPEAK OUT: Үндсэн хуульд гар хүрч болдгийг Цэц баталлаа

Хуучирсан мэдээ: 2022.08.16-нд нийтлэгдсэн

SPEAK OUT: Үндсэн хуульд гар хүрч болдгийг Цэц баталлаа

SPEAK OUT: Үндсэн хуульд гар хүрч болдгийг Цэц баталлаа

Үндсэн хуулийн цэцээс өчигдөр /2022.08.15/ гаргасан шийдвэрийг олон хүн Үндсэн хуулийг зөрчсөн болохыг хэлж буй. Тиймээс энэ талаар УИХ-ын гишүүд болон хуульчид ямар байр суурьтай байгааг сонирхлоо.


АН-ын Хууль эрх зүйн асуудал хариуцсан Нарийн бичгийн дарга О.БААСАНХҮҮ:

-Үндсэн хуулийн цэцээс гаргасан шийдвэрт миний бие эсрэг байр суурьтай байна. Нэгдүгээрт, Цар тахлын хууль, хоёрдугаарт, УИХ-ын гишүүд өөрсдөө эрх мэдлээ нэмэгдүүлэх зорилготой хууль санаачлан батлуулж болохгүй. Гэтэл өнөөдөр УИХ Цар тахлын хуулиар Үндсэн хуульд өөрчлөлт хийж болохгүйгээр заасан зориуд зохион байгуулалттай өөрчлөлт хийгээд байгаа. Нөгөө талаар гишүүд эрх мэдлээ нэмэх талаар бүхий л аргыг хайж байна. Тиймээс тоглоомын цэц гэж дүгнээд байгаа юм. Хамгийн харамсалтай нь АН-ын зарим нөхөд гар хөл болж явж байгаад харамсч байна.

Үндсэн хуулийн цэцийн гаргасан шийдвэр Үндсэн хууль Үндсэн хуулиа зөрчиж байгаа. Өөрөөр хэлбэл, тухайн үед Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийхдээ бүх байгууллагаас, Улсын дээд шүүх, цэцээс ч санал авсан байгаа.

Санал өгөхдөө тухайн үед яг энэ байр суурь шигээ санал өгсөн бол харж үзэх боломжтой. Гэтэл өнөөдөр Үндсэн хуулиа өөрчилж болно гэдэг шийдвэр гаргаж байна. Үүний үр дүн аюултай. Гадаад бодлогоо авч үзвэл Орос, Хятадын нөхцөл байдал ямар байгаа билээ. Нэг нөхөр гарч ирээд Монгол Улс тусгаар тогтносон бүрэн эрхт бүгд найрамдах улс Үндсэн хуулиа зөрчсөн байна гэж гомдол гаргаад, нөгөөдүүл нь үнэхээр энэ Үндсэн хуультайгаа зөрчилдсөн юм байна гэдэг шийдвэр гаргавал яах вэ? Үндсэн хуульд ингэж дураараа халдаж байгаа явдал нь их эрсдэл дагуулна.

Үүнээс ч илүү дарамт, шахалт ирээд хүнд байдалд орвол энэ улс дураараа Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж чаддаг юм байна гэдэг ойлголтыг гадаадын улс оронд өгч байгаа явдал.

Үндсэн хуульд гар хүрч болдгийг олон улсад Цэц батлан харуулж байна. Өнөөдрийн үр дүн нь жижиг, хэдэн хүн сайд болохоор хэмжигдэж болох ч тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд маш халтай. Олон улсын жишгээр Монгол Улс Үндсэн хуульдаа ингээд л халдаж болдог гэдгийг харуулбал дараа дараагийн үр дүн ноцтой байна гэсэн үг. МАН-д эрх мэдэл дутаагүй, хууль муу байгаагүй. Өөрсдөө сонгож, өөрсдөө л томилсон. Үндэслэл бол үнэхээр утгагүй. Давхар дээлгүй бол шийдвэр гаргахад хүндрэлтэй байна гэнэ. Сөрөг хүчин ажлыг нь хийлгэхгүй бол хамаа алга. Өөр намаас сайдыг томилж УИХ-ын ажлыг гацаагаад байгаа юм шиг утгагүй үндэслэл дэвшүүлээд байгааг ойлгохгүй байна. Хоёр жил олигтой ажиллаагүй учраас сонгогчид эсэргүүцэж байгаа энэ үед бушуухан л шийдвэр гаргахыг хичээж байгаа үйлдэл гэж харагдаж байна.

ТОГТОЛЦООНЫ ГАЖУУДАЛ ҮҮССЭН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙГ ТАТАН БУУЛГАХААС ӨӨР АРГАГҮЙ

Өмгөөлөгч А.ПҮРЭВДУЛАМ:

-Үндсэн хуулийн цэцийн үндсэн чиг үүрэг нь хууль эрхзүйн хувьд Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавьж, хэрэгжилтэд маргаан гарвал түүнийг нь магадлан шийдвэрлэх. Цэцийн дээр зөвхөн тэнгэр бий ч гэж ярьдаг. Тэгэхлээр цаашид үүсэх буруу үлгэрлэлийг Үндсэн хуулийн цэц үзүүллээ гэж харж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухайд хуульд цэцийн чиг үүргийг тодорхой заасан байгаа. Тухайлбал, Цэц Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавьж, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргаж маргааныг магадлан шийдвэрлэх л үндсэн үүрэгтэй гэж заасан байдаг.

Өөрөөр хэлбэл, Цэц Үндсэн хуулийг дагалдаж гарсан хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, тэр нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянана гэсэн үг. Гэтэл өчигдрийн хуралдаанаар гарсан шийдвэрээр Үндсэн хуулийн заалт өөрөө Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн гэлээ.

Энэ нь Үндсэн хуулийн заалтад хойшид улс төрийн нөлөөгөөр ямар ч байдлаар эрх ашигт нийцэхүйцээр өөрчилж болно гэдэг хөнөөлтэй жишгийг бий болгож байна. Зарим улстөрчид тогтолцооны өөрчлөлт Монгол Улсад хэрэгтэй гэдэг дээр байр сууриа илэрхийлж байна. Үүнд реформ хийх нь зөв гэж эхнээсээ тархи угаалт ч явагдаж байна. Ямар нэгэн байдлаар давхар дээлтэй болох, парламентын гишүүдийн тоог нэмэх нь реформ биш. Энэ бол өөрчлөлт. Түүнээс реформ гэдэг бол шинэчлэлт буюу тогтолцоогоор нь шинэчлэхийг хэлдэг. Тогтолцоогоор нь өөрчилнө гэхээр сонгодог парламенттай болох ч юм уу, засаглалын хэлбэрийг өөрчлөх гэсэн үг. Гэтэл зөвхөн ард түмний тархийг угаах зорилгоор хууль зөрчсөн шийдвэрийг цэцийн гишүүдийг гар хөл болгож гаргаж байгаа нь утгагүй. Тиймээс Үндсэн хуулийн цэц татан буугдах цаг болсон гэж харж байна. Монгол Улсад Үндсэн хуулийн цэцээс эхлээд тогтолцооны хямрал, гажуудал үүссэн. Тэгэхлээр ийм цэцийг татан буулгахаас өөр аргагүй.

ЦЭЦ УЛСТӨРЧДИЙН ЗАХИАЛГААР ШИЙДВЭР ГАРГАЛАА

УИХ-ын гишүүн С.ОДОНТУЯА:

-Үндсэн хуулийн цэцийн өчигдрийн их суудлын хуралдаанаар Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 30 дугаар зүйлд зааснаар дахин хянан хэлэлцсэн.

Тийнхүү “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.” гэсэн заалт нь Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд харшилж, Монгол Улсын Үндсэн хуулийн Удиртгал, Нэгдүгээр зүйлийн 2, Хорин есдүгээр зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийцээгүй байх тул хүчингүй болгож 02 дугаар тогтоол гаргасан байна. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд үүнээс өмнө оруулж байсан нэмэлт, өөрчлөлтийг хянан шийдвэрлэсэн хоорондоо зөрчилтэй Үндсэн хуулийн цэцийн өмнөх шийдвэрүүдийг хүчингүй болголоо.

Нэгдүгээрт, өөр хууль Үндсэн хуультай зөрчилдөж байна гэдгийг ойлгож болно. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүн давхар дээлтэй байж болно гэдгийг мөн л ойлгож болох. Харин Үндсэн хууль дотор байгаа нэг заалт нөгөө заалттайгаа зөрчилдөнө гэж хэзээ ч байдаггүй.

Тиймээс Үндсэн хуулийг хамгаалахгүй, улстөрчдийн захиалгаар шийдвэр гаргадаг Үндсэн хуулийн цэцийг татан буулгах цаг болсон гэж харж байна.

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДЭЭР ХӨХ ТЭНГЭР БАЙДАГ ГЭЖ ЯРЬДАГ, ЦЭГ ТАВИЛАА

ХҮН намын дарга, УИХ-ын гишүүн Т.ДОРЖХАНД:

-Монгол Улсын парламентын түүхэнд түүхэн өдөр тохиолоо. Үндсэн хуулийн цэц  их суудлын хуралдаанаар 2019 онд Үндсэн хуульд оруулсан Засгийн газрын гишүүдийн дөрөв нь УИХ-ын гишүүн байна гэх нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хуулийн анхны зорилттой нийлж байгаа эсэхийг хэлэлцсэн. Энэ нэмэлт өөрчлөлт нь агуулгын хувьд зөрчил үүсгэсэн. Иймд зөрчлийг арилгах асуудлаар миний бие мэдээлэл гаргасан.

Үр дүнд ямар ч Ерөнхий сайд өөрийн багаа хэн нэгнээс хамааралгүйгээр, улс төрийн нөлөөгүйгээр өөрөө байгуулах боломжтой боллоо.

Энэ бол цэцийн их суудлын хуралдааны шийдвэр. Шийдвэр нь тогтоол гэж гардаг. Энэ тогтоолыг дагаж мөрдөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл УИХ үүнийг өөрчлөх боломжгүй. Үндсэн хуулийн цэцийн дээр хөх тэнгэр байдаг гэж ярьдаг, цэг тавилаа. Үүнээс хойш давхар дээл, дан дээлийн талаарх нийгмийн зөрчил, үл ойлголцол байхгүй болсон гэдгийг албан ёсоор мэдэгдье. Мөн их суудлын хурлаар УИХ-ын дөрвөн гишүүн Засгийн газарт заавал ажиллах ёстой гэх зүйл заалт үгүй болж байгаа бол УИХ-ын гишүүдийн тооны асуудал хөндөгдөж байна. Учир нь 2019 онд 76 гишүүнтэй байгаа тохиолдолд Засгийн газарт дээд тал нь дөрвөн УИХ-ын гишүүн ажиллана гэх үндэслэлээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. Гэтэл өнөөдөр энэ хязгаарлалт үгүй боллоо. Ингэснээр засаглалын тэнцвэртэй байдлыг хангах зорилгоор цэцээс УИХ-ын гишүүдийн тоог нэмэх нь зүйтэй гэсэн байдлаар тогтоол гарлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж