Дуулиан: Зургаан бөхөөс допинг илэрсэн үү?

Хуучирсан мэдээ: 2022.08.17-нд нийтлэгдсэн

Дуулиан: Зургаан бөхөөс допинг илэрсэн үү?

Дуулиан: Зургаан бөхөөс допинг илэрсэн үү?

Үндэсний их баяр наадмын допингийн шинжилгээний хариу ойрын өдрүүдэд анхаарал татаж байна. Өнгөрөгч наадмаар нийт 80 бөх, харваачдаас шинжилгээ авч, сорьцыг Өмнөд Солонгосын итгэмжлэгдсэн лаборатори руу явуулсан. Сүүлийн мэдээллээр гурван сорьцын хариу ирээгүй байгаа аж. 80 сорьцын хариу гүйцэт ирсэн тохиолдолд хариуг задалж, олон нийтэд мэдээллэх гэнэ.

Шинжилгээний сорьц Өмнөд Солонгосыг зориод нэг сар гаруй хугацаа өнгөрлөө. Хугацаа ихсэх тусам иргэдийн ялангуяа бөх сонирхогчдын итгэл алдарч, шинжилгээний хариунд эргэлзэх шинжтэй болж ирэв.

Тэгвэл допингийн шинжилгээний хариу ингэж уддаг уу. Хэд хэдэн лабораторийн мэдээллийг танд хүргэе.

  • АНУ-ын Техас мужид үйл ажиллагаа явуулдаг “ARCpoint” лабораторийн мэдээлж буйгаар шээсний шинжилгээ хариу ажлын 1-5 өдрийн дотор гардаг гэнэ. Гэхдээ сорьцыг тээвэрлэх, шинжлэх гээд илүү хугацаа ч шаардаж магадгүй аж.
  • USADA буюу АНУ-ын допингийн эсрэг агентлагийн мэдээлэлд допингийн шинжилгээний хариу нь шинжилгээ авсан өдрөөс хойш 6-8 долоо хоногийн дараа гарна гэжээ.
  • Олимпийн наадмын үеэр авсан допингийн шинжилгээний хариу 24-72 цагийн хооронд гардаг.
  • Швейцарийн спортын шударга байдлын сангийн мэдээлэлд допингийн шинжилгээний хариуг 4-6 долоо хоногийн дотор тамирчдад мэдээллэнэ гэв.
  • Чехийн допингийн эсрэг хорооны журамд зааснаар допингийн шинжилгээ авснаас хойш нэг сарын дотор үр дүнг зарлана гэж заажээ.

Допингийн шинжилгээнд өгсөн сорьцыг 10 хүртэлх жил хадгалдаг.

Тэгвэл манай улс заавал Өмнөд Солонгос руу шинжилгээний сорьцоо явуулах шаардлагатай юу. Өөр улсад шинжлүүлэх боломж бий юу?

WADA буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагийн итгэмжлэгдсэн лаборатори дэлхий даяар нийт 29 бий. Эндээс Ази тивд гэвэл, Хятад, Энэтхэг, Япон, Өмнөд Солонгос, Тайланд гэх сонголтууд байна. Харин шууд нислэгтэй, харилцахад амар талаас нь харвал, Азийн орнуудаас гадна Турк, Герман, Австрали зэрэг сонголтууд нэмэгдэнэ.

Манайх Өмнөд Солонгос руу шинжилгээний сорьцуудаа илгээдэг бөгөөд энэ нь хугацаа их шаардаж байна гэж иргэд шүүмжилж байна.

Монгол Улсад допингийн шинжилгээний сорьцыг шинжлэх, боловсруулах лаборатори байхгүй бөгөөд манай улсын допингийн эсрэг үндэсний хороо зөвхөн сорьц цуглуулах л үүрэгтэй. Оросын тухайд тус улсын лабораторийн үйл ажиллагааг зогсоосон. Мөн шинжилгээний лаборатори байгуулах нь олон сая ам.долларын өртөгтэй.

  АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ БА БӨХ СОНИРХОГЧДЫН ТААМАГ

Шинжилгээний хариу удах тусам иргэдийн дунд хардлага төрсөн. Сүүлд л гэхэд нэр бүхий зургаан бөхөөс допинг илэрсэн гэх яриа бөх сонирхогчдын дунд гарав. Харин энэ талаар П.Сайнзориг “Мэдээлэлтэй хэн ч танилцаагүй. Хэн ч дугтуйг задлаагүй. Ингэж хий хоосон таамаглаж болохгүй. Үндэсний өв соёл, тамирчны нэр хүндэд ингэж битгий халдаасай. Бид нарт нуух юм алга. Хариу 80 болвол олон нийтэд зарлана” гэсэн юм.

Баяр наадмын зохион байгуулах хорооны албаны хүн ийн хэлж байгаа ч Монголын допингийн эсрэг үндэсний төвд итгэх хүн цөөхөн. Сүүлийн жилүүдэд тус төвийг тойрсон асуудал маргаан олон гарсан. Үйл ажиллагаа нь хаалттай, ажлаа хийдэггүй, лабораториос ирсэн хариуг нуудаг, сольдог, өөрчилдөг гэх мэт асуудлууд хөвөрсөн.

Энэ удаад ч ирээд буй 77 хариуг тэд албаны хүмүүсээс түрүүлж үзэн мэдээлэл задруулсан байж болзошгүй гэж бөх сонирхогчид хардаж байна.

ХЭН ХЭН ДОПИНГИЙН ШИНЖИЛГЭЭНЭЭС АЙХГҮЙ ВЭ?

Энэ жил дөрөв давсан 64 бөх бий. Үүнээс заал танхимын барилдааны үед явцын шинжилгээ өгсөн нь П.Бүрэнтөгс аварга, Ц.Содномдорж, Б.Орхонбаяр арслан, Ц.Одбаяр заан, Т.Баасанхүү, Х.Гантулга,  Б.Зоригтбаатар, Ц.Бямба-Отгон харцага, Ч.Батчулуун, Ж.Ням-Эрдэнэ, Б.Түмэндэмбэрэл, Б.Лхагвадорж начин зэрэг  12 бөх бий. Өөрөөр хэлбэл, тэднээс өмнө нь допинг илрээгүй. Үүн дээр их спортын тамирчид нэмэгдэнэ. Учир нь чөлөөт бөх, жүдо зэрэг спортын тамирчид байнга допингийн шинжилгээнд хамрагддаг. Тухайлбал, чөлөөт бөхийн М.Лхагвагэрэл заан, Ө.Батзул, Э.Батмагнай начин,  жүдогийн О.Цэцэнцэнгэл начин, жиү жицүгийн Г.Эрхэмбаяр аварга зэрэг таван бөх бий.

Мөн допингийн эсрэг аянд нэгдсэн, дуу хоолойгоо хүргэдэг П.Бүрэнтөгс, С.Мөнхбат, О.Хангай аварга, Б.Гончигдамба гарьд, Б.Серик заан, Н.Батзаяа, Ш.Пүрэвгарьд харцага, Б.Ганхуяг, Э.Сумъяабат начин гэх зэрэг бөхчүүд байна.

Харин допингийн шинжилгээнд бүдэрч байсан хар түүхтэй нь даян аварга Н.Батсуурь, улсын харцага А.Цацабшир нар.

Ямартай ч ийнхүү 30 гаруй бөх допингийн шинжилгээнд санаа зовохгүй гэж харж байна. Мөн улсад нэгээс олон удаа шөвгөрч, шинжилгээ өгөөд сурчихсан бөхчүүд ч хэд хэд бий.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ГайхмаарГайхмаар
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж