Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдын элсэлтийг энэ жил цахимаар бүртгэх тухай албаны хүмүүс мэдээлсэн. Тодруулбал, “E-Mongоlia” цахим хуудсаар нэвтрэн хүүхдээ харъяалалын дагуу сургуульд бүртгүүлэх юм. Харин гадаадын иргэдийг цахимаар бүртгүүлэх боломжгүй тул биеэр очиж хүүхдээ элсүүлнэ.
Өнөөдрөөс /2022.08.16/ эхлэн “E-Mongolia”-аар нэгдүгээр ангийн сурагчдын цахим элсэлт эхэлнэ гэж мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр тус цахим хуудсаар бүртгэл эхлээгүй байгаа юм.
Энэ талаар хариуцсан ажилтнаас тодруулахад нэгдүгээр ангийн сурагчдын цахим элсэлт маргааш эхэлнэ гэв. Элсэлтийн явц хэрхэн явагдах талаар маргааш /2022.08.16/ нэгдсэн байдлаар мэдээлэх юм байна.
Мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон цэцэрлэгийн насны хүүхдүүд өнгөрөгч оны хичээлийн жилээс эхлэн харъяаллын дагуу сургууль, цэцэрлэгтээ хамрагдах шийдвэрийг салбарын яамнаас гаргасан. Тэгвэл энэ хичээлийн жилд ч мөн уг шийдвэр хүчинтэй байгаа эсэх болон сургууль, цэцэрлэгийн хүртээмж зэрэг асуудлын талаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас лавлахад энэ долоо хоногт нэгдсэн байдлаар хэвлэлийн хурал хийж мэдээлнэ гэлээ.
Д.НАМУУНЦЭЦЭГ
Холбоотой мэдээ