“Маникюраар дамжуулан мөөгөнцрийн халдвар авах эрсдэлтэй” | News.MN

“Маникюраар дамжуулан мөөгөнцрийн халдвар авах эрсдэлтэй”

“Маникюраар дамжуулан мөөгөнцрийн халдвар авах эрсдэлтэй”

“Маникюраар дамжуулан мөөгөнцрийн халдвар авах эрсдэлтэй”

Сүүлийн үед охид бүсгүйчүүд хумсаа будуулах нь нэн чухал зүйл болон хувираад байгаа билээ. Тэгвэл хумс арчилгаа, хумсаа будуулах талаар “L’unica Beauty Bar” салоны артист Ц.Хулантай ярилцлаа.


-Сүүлийн үед охид, бүсгүйчүүд хумсаа тогтмол будуулах болсон. Тэгвэл хумсаа байнга будуулах нь сөрөг нөлөөтэй юу?

-Тийм ээ. Хумсаа байнга будуулах нь сөрөг нөлөөтэй. Хумсны будаг болон будаг арилгагчинд орж буй зарим химийн элемент хумсыг хуурайшуулж, хэврэг болгож байдаг. Тиймээс сар бүр  хоёр долоо хоног орчим хугацаанд хумсаа амрааж байх нь зүйтэй. Ингэснээр өөрийн хумсыг эрүүл бас бат бөх байлгаж чадна.

Хумсаа ямар хугацаагаар гелэн будагтай байлгах хэрэгтэй вэ?

-Гелэн будгаар хумсаа будуулаад хичнээн хугацаагаар ч арилгахгүй явж болно. Гэвч хумсны толийг гэмтэж, нимгэрэхээс сэргийлэн хумсаа будуулснаас хойш 2-3 долоо хоногийн дараа будгаа арилгуулж байхыг мэргэжилтнүүд зөвлөдөг. Хумсны будгаа арилгалгүй хэтэрхий олон хоновол хумс хуурайшиж, хугарамтгай болох магадлалтай. Хэдий хумсны будаг гаднаасаа ямар ч асуудалгүй, цэмцгэр харагдаж байсан ч цагт нь арилгах хэрэгтэй.

-Гелэн будагтай байхдаа юуг анхаарвал зүгээр вэ?

-Маникюр хийлгэсний дараа халуун ваннд хэвтэх эсвэл шүршүүрт удаан зогсохоос зайлсхийх хэрэгтэй. Халуун ус хумсны будгийг цагаасаа эрт хуулрахад нөлөөлдөг. Мөн гарын тос түрхэж, арьсандаа чийгшил өгч байх нь чухал. Хэрэв хумсны будаг хууларч эхэлвэл артист очиж засуулах эсвэл мэргэжлийн багажаар хумсны будгаа арилгуулах хэрэгтэй. Хумсны будгаа өөрөө хуулж, ховхолвол хумсны толь гэмтэхийг анхаараарай.

-Хумсаа яаж арчилвал эрүүл байх вэ?

-Хумсыг хуурай, цэвэрхэн байлгаснаар хумсны доор бактери үржихээс сэргийлнэ. Мөн усанд гараа хэт удаан байлгах нь хумсыг хэврэгшүүлж, хугарахад хүргэдэг. Аяга таваг угаах, цэвэрлэх, химийн хүчтэй бодис хэрэглэх үед хөвөн доторлогоотой резинэн бээлий өмсөхийг зөвлөж байна. Хумсны эрүүл ахуйг сайн сахиж, ариутгасан, ир сайтай маникюрын хайч, хумс засагч /хумсны хутга/ хэрэглээрэй. Мөн хумсаа тэгш тайрч, үзүүрийг нь дугуйлж засах нь зөв. Түүнчлэн гарын арьсыг тогтмол чийгшүүлж, хэвшээрэй. Зарим гарын тоснууд хумсыг бэхжүүлж, хумс орчмын арьс буюу бидний хэлж заншснаар хумсны махыг зөөлрүүлэх үйлчилгээтэй байдаг шүү дээ. Хумсаа амрааж байх үедээ хумс бэхжүүлэгч түрхэх нь хумсаа бат бөх болгож, эрүүл чигээр нь хадгалж үлдэж байгаа хэрэг юм.

Таны үс, хумс маш хэврэг бол эмчээс энэ талаар зөвлөгөө авах нь зүйтэй. Учир нь бие дэх биотин дутагдсанаар үс хумс арьсанд асуудал үүсч хагтах, хумс хугарах, үсний ширхэг нарийсч өнгөө алддаг тул эмчээс зөвлөгөө авч, нэмэлт витамин уухыг зөвлөж байна. Хэрвээ таны хумс байгалиасаа хуурай бас хугарамтгай бол өдөр тутамдаа заавал ч үгүй эмчилгээний зориулалттай будгийг хоёр давхар түрхэж байгаарай. Ингэснээр та хумсаа чийгтэй байлгах болно.
Маникюр хийлгэж байхдаа ямар нэгэн байдлаар өвчин авах боломжтой юу?

-Ихэнх сайн маникюрын газрууд ариутгасан тоног төхөөрөмжийг ашигладаг. Гэсэн хэдий ч ашигласан тоног төхөөрөмж нь ариутгагдаагүй байсан ч ХДХВ-ийн халдвар авах эрсдэл маш бага байдаг. Яагаад гэвэл вирус нь арьс, хумсны гадаргуу дээр биш цусанд агуулагддаг. Хэрэв халдвар тархах боломжтой гэж үзвэл нэгдүгээрт багажан дээр цус тогтсон байх ёстой. Хоёрдугаарт, хатсан цусан дахь вирусны тархах магадлал маш бага байдаг бөгөөд вирус нь гадна болон хүрээлэн буй орчинд сайн тэсвэрлэдэггүй.

Маникюраар дамжуулан ХДХВ-ийн халдвар тархах эрсдэл бага байдаг ч гоо сайхны салоны орчны ариун цэвэр, багажны эрүүл ахуйг сахиагүй тохиолдолд мөөгөнцөр, үү гэх мэт бусад халдвар авах эрсдэл өндөр байдаг. Тиймээс үйлчлүүлэх гэж буй газраа сонгохдоо ариутгасан багаж хэрэгсэл ашиглаж байгаа эсэхийг сайтар судлахыг зөвлөж байна.

-Хумс болон гелэн будалтын талаар нэмэлт мэдээлэл, зөвлөгөө өгвөл?

-Хумс гэдэг хүний эрүүл мэндийн толь байдаг тул идэж буй хоол хүнсээрээ дамжуулан хэрэгцээт витаминаа авч, эрүүл бат бөх хумстай байхад анхаарч байх нь зүйтэй. Таны хумс ямар нэг байдлаар амархан хугарч, гэмтэж байдаг бол эмчид хандан эрүүл мэндийн зөвлөгөө аваарай. Мөн хумсаа будуулах үедээ мэргэжлийн, ариутгал маш сайн хийдэг салон сонгож үйлчлүүлээрэй.

Б.УНДРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж