АНУ-ын төлөөлөгчид өчигдөр /2022.08.15/ Тайваньд айлчилсан. Тодруулбал, Массачусетсийн сенатор Эд Марки тэргүүтэй таван төлөөлөгч Тайванийн дарга Цай Ин Вэнтэй уулзжээ. Энэ нь Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосигийн айлчлалтай залгуулаад хоёр дахь гэнэтийн айлчлал болж байна. Үүнтэй зэрэгцээд Хятад улс байлдааны 30 онгоц, армийн таван хөлөгөө Тайвань руу илгээжээ.
Тайванийн Батлан хамгаалах яам Ням гаригт твиттер хуудсандаа Хятадын цэргийн сургуулилалтыг буруушаасан мэдэгдэл оруулсан. Мөн өөрсдийгөө хамгаалахын тулд ойр орчмын бүс нутагт хяналт тогтоож, аливаа нөхцөл байдал бүрт тохирсон хариу үйлдэл үзүүлнэ гэдгээ хэлжээ. “Авторитари засаглалтай Хятад улс ардчилсан Тайванийг хэнтэй найзалж нөхөрлөхийг заахгүй” гэж тэрбээр жиргэжээ.
Харин Хятадын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэхдээ, Ардын чөлөөлөх арми бэлтгэл сургуулилалтаа үргэлжлүүлж, дайнд бэлтгэж байна гэлээ. Түүнчлэн, Тайванийн салан тусгаарлах үзэл, гадаадын орнуудын хөндлөнгөөс оролцох гэсэн оролдлогыг шийдэмгий няцаана гэв.
Нэнси Пелосиг айлчлах үеэр Хятадын цэргийн сургуулилалт Тайванийг тойрсон зургаан байрлалд болсон. Олон хоног үргэлжилсэн уг сургуулилалтаас хэдхэн өдрийн дараа ийнхүү дахин арлын ойролцоо байлдааны хөлөг онгоц, пуужин, тийрэлтэт онгоцуудаа илгээлээ.
Дашрамд дурдахад, АНУ-ын өндөр албан тушаалтнууд Тайваньд олон удаа айлчилж байсан. Тухайлбал, 1997 онд Төлөөлөгчдийн танхимын тэр үеийн дарга Ньют Гингрич айлчилсан. Ерөнхийлөгч асан Дональд Трамп, Байден нарын үед АНУ-ын айлчлалын давтамж харьцангуй олширчээ.
Эх сурвалж: DAILY MAIL
Холбоотой мэдээ