Налгар намар хаяанд ирж, нийслэлчүүдийн өмнө өвөлжилтийн бэлтгэл ажил тулаад байна. Гэвч бид өвөлд бэлэн үү. Нийслэлийн 200 гаруй мянган өрхийг түлшээр хангадаг сайжруулсан шахмал түлшийг өнгөрсөн жил аравдугаар сараас эхлэн үйлдвэрлэсэн нь асуудал дагуулж байсан. Энэ жил сайжруулсан шахмал түлшний нөөц болоод, цахилгаан дулааны эх үүсвэр болон өвөлжилтийн бэлтгэл ажил ямар явцтай байгааг албаныхнаас тодрууллаа.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх өвөлжилт хүндэрч, нийслэлд тог цахилгааны хязгаарлалт, эрчим хүч тасалдах эрсдэлтэйг үгүйсгээгүй. Тэгвэл нийслэлээс өгсөн мэдээллээр цахилгаан, дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллагын бэлтгэл ажил энэ сарын 04-ний байдлаар 74 хувьтай хангагдсаныг мэдээллээ. Нийслэлийн дулаан хангамжийн гол шугам сүлжээнд энэ зуны засвараар Дэлхийн банк болон ЕСБХБ-ны хөнгөлөлттэй зээлээр 3г, 5а, 8б магистраль шугамыг өргөтгөн шинэчлэх болон “Насос станц 2”- ын барилга угсралтын ажил хийгджээ.
Өнөөдрийн байдлаар тус ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Харин орон сууцуудын хороолол доторх инженерийн шугам сүлжээ, ус дулаан дамжуулах төвийн их болон урсгал засварын ажлын гүйцэтгэл 81 хувьтай байгаа юм.
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 194 дулаан солилцуурын угаалга, 186 ус дулаан дамжуулах төвийн 261 насосын засвар, 89 мянга гаруй метр ариутгах татуургын шугам, 4124 ширхэг худгийн угаалгыг хийсэн байна.
75 МЯНГАН ТОНН САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШИЙГ НӨӨЦӨЛЖЭЭ
Сайжруулсан шахмал түлшний хувьд өнөөдрийн байдлаар 75 мянган тонн түлшийг нөөцөөлжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 15 мянган тонноор илүү байгааг Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын хэлтсийн дарга мэдээллээ. Галлаганы улирал удахгүй эхлэх тул Тавантолгой түлш ХХК 2022-2023 онд сайжруулсан шахмал түлш худалдан борлуулах хүсэлтэй иргэдийг өчигдрөөс цахим хаягаар бүртгэж эхэллэ
Нийслэлийн хэмжээнд энэ оны есдүгээр сарын 1-ээс 2023 оны тавдугаар сарын 15-ны хооронд 670 цэгээр сайжруулсан шахмал түлш худалдан борлуулна. Дүүрэг тус бүр хүн ам, өрхийн тооноос хамааран харилцан адилгүй байх юм.
Өнгөрсөн оноос эхлэн хамтран ажилласан борлуулалтын цэгүүдээс үр дүнгээ 100 хувь хангалттай дүгнүүлсэн 423 цэгтэй гэрээгээ үргэлжлүүлж, хамтран ажиллах юм байна. Харин үлдсэн 247 цэгийг цахим хаягаар хүсэлт илгээсэн иргэдээс сонгон шалгаруулж гэрээ байгуулна. Сонгон шалгаруулалтыг Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболдоор ахлуулсан хамтарсан ажлын хэсэг шалгаруулах юм. Иргэдийн хүсэлтийг энэ сарын 21-ний 18:00 цаг хүртэл хүлээн авах аж.
Б.УНДРАМ
Холбоотой мэдээ