Сурвалжлага: Дугуй цагааны тохижилт цаг агаараас болж хугацаа алджээ

Хуучирсан мэдээ: 2022.08.16-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Дугуй цагааны тохижилт цаг агаараас болж хугацаа алджээ

Сурвалжлага: Дугуй цагааны тохижилт цаг агаараас болж хугацаа алджээ

Нийслэлийн Засаг даргын захирамжаар Богдхан уулын аманд байрлах Дугуй цагаан орчмын эвдэрч гэмтсэн байгууламжийг буулгасан. Тодруулбал, тусгай хамгаалалттай газар нутагт зөвхөн аялал жуулчлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрдөг. Газар эзэмшигч “Энигма” ХХК нь зориулалтын бусаар үйл ажиллагаа явуулж, газрын төлбөрөө төлөөгүй тул зөвшөөрлийг цуцалж, олон жилийн өмнө барьсан 49 шавар гэрийг буулгасан.

Тэгвэл Богд уулын Ар Зайсангийн гудамж буюу шавар гэр буулгасан байршил болон тус газраас дээш өгсөөд Дугуй цагаан орчмыг иж бүрэн тохижуулахаар ажиллаж байгаа юм.

Иргэдийн ая тухтай орчинд амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хүүхдийн модон тоглоомын талбай, явган зам, нийтийн ариун цэврийн байгууламж, тойрог бүхий тохижилтын талбай, террас, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, камержуулалтын ажил хийгдэж байна.

Энэхүү бүтээн байгуулалтын ажил хэрхэн явагдаж байгааг хүргэхээр Дугуй цагааныг зорьсон юм. Учир нь Хотын даргын амласнаар бол Дугуй цагаан орчмын тохижилтын ажлыг наймдугаар сарын 15-ны өдөр дуусгана гэсэн. Гэвч бидний очиход бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байв.

Ажил ид өрнөхийн хажуугаар ууланд алхаж, амарч байгаа хүмүүс холхилдон бүтээн байгуулалтын ажлыг сонирхох нь их. Зарим бэлэн болсон модон саравч, амралтын талбайг хүмүүс ашиглаж, амарч эхэлжээ. Тохижилтын ажил нэгдүгээр хэсэг болох хүнснийхудалдаа, нийтийн ариун цэврийн байгууламж, дунд хэсэг буюу хүүхдийн тоглоомын талбай, явган хүний алхалтын зам, доод хэсэгт инженерийн шугам сүлжээ гэсэн хэсэгчилсэн бүтээн байгуулалт хийгдэж буй.

Талбайн эхний хэсэгт хүнсний худалдаа, нийтийн ариун цэврийн байгууламжийн суурин болон цутгалтын ажил явагдаж байлаа. Мөн доод хэсэгт инженерийн шугам сүлжээний бэлтгэл ажлууд хийгдэж дуусчээ. Харин дээд, дунд хэсэгт хүүхдийн тоглоомын талбай, явган хүний алхалтын зам болон бусад тохижилтын хэсгээс бүрдэх аж. Дунд хэсгийн тохижилтын ажил 70-80 хувьтай явагдаж байгааг ажилчид хэлж байлаа.

Явган зам, тоглоомын талбайн ажлуудыг наймдугаар сарын 15-нд бүрэн хийж дуусах байсан ч ямар шалтгаанаар дуусаагүй талаар талбай хариуцсан ажилтан Г.Төрбатаас тодрууллаа. Тэрбээр, “Алхалтын зам дагуу амралтын зам талбай, оройн хэсгийн талбай гэсэн хэд хэдэн ажлууд байгаа. Эдгээр ажлыг наймдугаар сарын 15-нд дуусгах хуваарьтай байсан. Хил гаалиар бараа, бүтээгдэхүүн нэвтрэх асуудалтай холбоотойгоор зарим нэг бараа материалын саатлаас болоод товлосон хугацаандаа дуусгаж чадаагүй. Мөн цаг агаарын таагүй нөхцөл байдлаас шалтгаалж ажил зарим нэг өдөр хойшлогдох асуудал гарсан.

Харин дунд хэсгийн амралтын талбайг 14 хонгийн дотор шахаж дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Бусад ажлын хэсгийг эцсийн байдлаар дуусгах тов хараахан гараагүй байгаа. Зарим ажлуудын үе шаттай холбоотой зураг төсөл нь хүлээгдэж байна. Мөн тухайн өдрийн ажлын онцлогоос хамааран 14-30 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна” гэлээ.

Дугуй цагаан орчимд нийтдээ 2.6 га талбайд тохижилтын ажил хийгдэнэ. Бүтээн байгуулалтын ажилд 1.7 тэрбум төгрөг төсөвлөсөн аж.

Хүүхдийн талбайг байгалийн унаган төрхөд зохицсон хэлбэр, дүрстэйгээр зохиомжлон хийж байгаа юм байна. Хүүхдэд яг зурсан зураг шиг харагдахуйц, тоглоход ээлтэй, эко гэдгээрээ онцлог гэнэ. Мөн гурван байршилд том, дунд, бага насны хүүхдүүд тоглох тоглоомууд хийж байгаа бөгөөд тоглоомын талбайг  байгалийн жамаар унасан, цэвэрлэх явцад гарсан улиас моднуудыг ашиглаж байгаа гэдгийг талбайн ажилчид онцлов.

Мөн “Дугуй цагаанаас дээш өгсөөд горхины дэргэд террас байгуулах ажил хийгдэж байгаа. Тэрхүү террас нь хүмүүс горхины дэргэд суугаад амарч тухлахад зориулагдсан. Харин явган хүний замыг мод, чулуугаар бүтээж байна. Цас, борооотойд халтиргаа гулгаагүй гэж мод, чулууг сонгосон. Энэ нь бетон замаас урт настай, эко бүтээгдэхүүн гэдгээрээ онцлог гэдгийг ч ажилчид онцолж байлаа.

Тохижилтын ажил эхлэх үед хүмүүс шүүмжлэх хандлагатай байсан ч одоо бол уулзсан болгон дэмжиж байгаагаа илэрхийлэх болсон. Харин дөнгөж эхэлж байгаа ажлууд болон овоолсон шороог хараад гайхах хүмүүс нэлээдгүй байна. Тэрхүү газруудад ч гэсэн тохилог бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. Дуусаагүй байгааг харчхаад дэмий шороо овоолчихлоо гэж андуурч магадгүй” гэдгээ тайлбарлаж байв.

Энэхүү бүтээн байгуулалтын зураг төслийн ажлыг “Creative 100” хотыг бүтээлчээр сайжруулах залуусын хөдөлгөөнтэй хамтран гаргажээ. Тэдний зүгээс долоон хоногийн турш олон нийтээс судалгаа авч өмнөх зураг төслийг сайжруулахад гар бие оролцсон гэнэ.

Дугуй цагаан орчмын шавар гэрүүдийг нураасны дараа олон нийт бүтээн байгуулалтын ажил хийгдэх үү гэдэгт эргэлзэж байв. Гэхдээ энд бүтээн байгуулалт, амрах орчин, хүүхдийн тоглоомын ажил хийгдэж байна. Гэхдээ Хотын даргын амласан шиг цаг хугацаандаа ашиглалтад орохгүй бололтой.

Д.НАМУУНЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж