Цэц эрх баригчдад Үндсэн хуулийг “хөндөх” эрх олгов

Хуучирсан мэдээ: 2022.08.16-нд нийтлэгдсэн

Цэц эрх баригчдад Үндсэн хуулийг “хөндөх” эрх олгов

Цэц эрх баригчдад Үндсэн хуулийг “хөндөх” эрх олгов

УИХ дахь сөрөг хүчний гишүүдийн Цэцэд хандсан “давхар дээл”-ийн асуудлыг Их суудлын хуралдаанаар хэлэлцэв. Тодруулбал, УИХ дахь Ардчилсан намын гишүүн Н.Ганибал, Ш.Адьшаа нар  Үндсэн хуульд заасан “Ерөнхий сайдаас гадна УИХ-ын дөрвөн гишүүн сайдын албан тушаал хашиж болно” гэсэн заалт нь Үндсэн хууль зөрчиж байгаа эсэх маргаан үүсгэсэн. Угтаа бол энэ гомдол эрх баригч намын захиалга бөгөөд цаг хугацааны хувьд аль эрт өгсөн гомдол. Харин өчигдөр Цэцийн Их суудлын хуралдаан хуралдаж, 2019 онд арваннэгдүгээр сарын 14-ний өдөр баталсан Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “… Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэр гаргав.

Цэцийн Их суудлын хуралдааны энэ шийдвэр нь, захиалга нь ч  аль эртнээс бэлтгэгдсэн, тодорхой зүйл байсан.

Цэцийн Их суудлын хуралдааны шийдвэрт,  “Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар  Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн зарим заалт  Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 30 дугаар зүйлд зааснаар дахин хянан хэлэлцлээ. Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “… Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.” гэсэн заалт нь Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд харшилж, Монгол Улсын Үндсэн хуулийн Удиртгал, Нэгдүгээр зүйлийн 2, Хорин есдүгээр зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийцээгүй байх тул хүчингүй болгож 02 дугаар тогтоол гаргасан байна. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд үүнээс өмнө оруулж байсан нэмэлт, өөрчлөлтийг хянан шийдвэрлэсэн хоорондоо зөрчилтэй Үндсэн хуулийн цэцийн өмнөх шийдвэрүүдийг хүчингүй болгожээ” гэжээ. Цэцийн Их суудлын хуралдааны шийдвэр эцсийнх байдаг.

Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албыг хавсарч болно гэсэн заалт  У.Хүрэлсүхийн Засгийн газраас эхлэн эрх баригч нам доторх эрх мэдлийн тулааны бай болж байв. Одоогийн МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч энэ зовлон эдэлж буй.

Гэхдээ Цэцийн энэ удаагийн шийдвэр Л.Оюун-Эрдэнийн хүсэл гэхээс илүү МАН доторх сайд болох хүсэлтэй, эрх мэдлийн хуваарилалтад орж чадаагүй парламентын гишүүдийн хүсэл давамгайлсан. Нөгөө талдаа Үндсэн хуульд шууд утгаараа гар хүрч чадахгүй байсан МАН-ын даргад ч давхар боломж бүрдэж байна. Өөрөөр хэлбэл, Цэцийн шийдвэр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах МАН-д боломж олгож байна гэсэн үг.

Ердөө гуравхан жилийн өмнө эрх баригчид Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд эрх баригчид Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар ил, далд олон удаа оролдсон ч олон нийтийн саналыг төдийлөн татаж чадаагүй, дээр нь covid-19-ийн цар тахал гээд хүндхэн цаг үеийг туулсан. Тиймээс ч өнгөрсөн зургадугаар сараас эхлэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг идэвхжүүлж, наймдугаар сард ээлжит бус чуулган зарлахаар төлөвлөж байв. Гэвч одоо Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэрхэн өрнөх бол гэдэг анхаарал татаж байна.

Олон улсын жишгээрээ бол энэ удаагийн өөрчлөлт нь сонгодог парламентын тогтолцоог төгөлдөржүүлэх. Сонгуулийн тогтолцоог өөрчилж, парламентын гишүүдийн тоог нэмэх гээд парламентын чадамж, хариуцлагыг нэмэгдүүлэх нь зөв сонголт байх учиртай гэдэгт намууд нэгдэж буй. Дээрээс нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гэсэн гурван эрх мэдлийн хуваарилалтыг зөв голдрилд оруулах ёстойг ч судлаачид хэлдэг.

Цэцийн Их суудлын шийдвэр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эрхийг МАН-д, МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд олголоо. Ирэх есдүгээр сард Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь ч тодорхой. Харин бүхний хүсээд байгаа сонгодог парламентын тогтолцоо, 2019 онд дутуудуулсан зөв өөрчлөлтөө хийж чадах болов уу.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж