Нийслэлд цоожтой хаалганы цаана жилд цэцэрлэгийн насны 30 мянга гаруй хүүхэд үлддэг. Үүнээс болж ахуйн хүрээний осолд орох, бэртэж гэмтэх, амь насаа алдах зэрэг харамсалтай тохиолдол олон бий. Хамгийн чухал нь тэдгээр хүүхдүүд тэгш боловсрол эзэмших эрхээс ангид өсч байна. Тиймээс 2022-2023 оны хичээлийн жилд цэцэрлэгийн насны хүүхэд бүрийг сургуулийн өмнөх боловсролын байгууллагад хамруулах шийдвэрийг Боловсрол шинжлэх ухааны яамнаас гаргаад буй. Өнгөрсөн жилүүдэд цэцэрлэгийн барилга хүрэлцээгүй, хамран сурах тойргийн бус хүүхдүүд харьяаллын бус цэцэрлэгтээ орсноор хүрэлцээ хомс асуудал үүсдэг байсан бол энэ жилээс үүнийг арилгана гэдгийг салбарын сайд нь онцолсон.
Тухайлбал, Л.Энх-Амгалан сайдын мэдээлснээр Монгол Улсын хэмжээнд цэцэрлэгийн насны 303 мянган хүүхэд байдгаас нийслэлд 141 мянга нь байна. Гэвч нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг авч үзвэл 102-106 мянган хүүхэд хамруулах боломжтой.
Тиймээс он дуусахаас өмнө цэцэрлэгийн обьектын хүртээмжийг нэмэгдүүлж, дүүрэг бүрт хуваарилж боловсролын байгууллагад хамрагдаагүй 34 мянган хүүхдийг СӨБ-д тэгш хамруулна гэсэн юм. Ингэхдээ үлдсэн дүүргүүдэд цэцэрлэгт хамрагдах хүсэлт гаргасан статистикийн дагуу харьяаллын хамруулалт хийх аж.
Сонгинохайрхан, Багахангай, Налайх, Багануур дүүргүүдээс бусад дүүрэгт цэцэрлэгийн барилгыг нэмэх зорилгоор худалдан авах болон түрээслэх хэлбэрээр зохицуулалт хийнэ гэдгийг албаныхан мэдээлсэн.
Энэ хүрээнд одоогоор бусад дүүргийн 14 байршилд цэцэрлэгийн обьект худалдан авах төлөвлөгөө гаргаад буй. Төлөвлөгөөний дагуу тендерүүд ч зарлагдаад байгаа юм. Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд бүртгэгдсэнээр Баянгол, Хан-Уул, Чингэлтэй зэрэг дүүрэгт цэцэрлэгийн барилга худалдаж авах, шинээр барих тендерүүд зарлагджээ.
ЭНЭ САРД ЗАРЛАГДСАН ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГЫН НЭЭЛТТЭЙ ТЕНДЕРИЙН УРИЛГУУД
Баянгол дүүрэгт цэцэрлэгийн барилга худалдаж авах /Хугацаа есдүгээр сарын 12/
Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороонд цэцэрлэгийн обьект авах /Хугацаа есдүгээр сарын 23/
Эдгээрээс гадна худалдан авах ажлын хүрээнд хүүхэд хүлээж авахад зарим обьект нь бэлэн болжээ. Цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй хүүхдүүдийг насаар нь эрэмбэлж авч үзвэл таван настай 3513, дөрвөн настай 3621 гурван настай 3672, хоёр настай 23780 хүүхэд бий.
Эдгээрийн 11 мянган хүүхдийг эхний ээлжид нэмэлтээр гаргасан цэцэрлэгүүдэд есдүгээр сарын 1-н гэхэд хамруулна. Харин үлдсэн 24 мянга гаруй хүүхдийг 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор цэцэрлэгт элсүүлэх шийдвэр гарсан.
ЦЭЦЭРЛЭГТ ХАМРАГДАХ 73818 ХҮҮХДИЙН ХҮСЭЛТ E-MONGOLIA-Д БҮРТГЭГДСЭН
Энэ жилээс эхлэн цэцэрлэгийнхний бүртгэлийг 100 хувь цахимаар явуулах болсон. Хүсэлт бол хүүхдийн бүртгэлтэй ямар ч холбоогүй бөгөөд зөвхөн хамран сургах тойргийн статистик мэдээллийг баталгаажуулж байгаа хэлбэр. Түүнээс түрүүлж бүртгүүлсэн нь цэцэрлэгт эхэлж хамрагдана гэсэн зүйл байхгүйг Л.Энх-Амгалан сайд онцолсон. Гэхдээ цэцэрлэгийн насны хүүхэд бүрийн мэдээлэл цахимжсан учир заавал хүсэлт гаргах шаардлагатай юм. Наймдугаар сарын 10-нд эхэлсэн бүртгэлд өнөөдрийн байдлаар 73818 хүүхдийн хүсэлт баталгаажсан байна. Доорх хүснэгтэд 2022 оны наймдугаар сарын 15-ны байдлаар нийслэлийн хэмжээнд хүсэлт гаргаад буй хүүхдүүдийн статистикийг харууллаа.
ХУВИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ХУВЬСАХ ЗАРДЛЫГ ХОЁР ДАХИН НЭМЖ, 10500 ХҮҮХДИЙГ ХАМРУУЛНА
34 мянга гаруй хүүхдийг цэцэрлэгт бүрэн хамруулахаар БШУЯ хэд хэдэн арга хэмжээг авч ажиллаж байгаагаа танилцуулсан. Нэгдүгээрт, цэцэрлэгийн зориулалтын бус байруудыг түрээсэлж 9850 хүүхэд авах. Хоёрдугаарт, хувийн цэцэрлэгт тойргийн хүүхдүүдийг авсан тохиолдолд хувьсах зардлыг хоёр дахин нэмж өгөхөөр зохицуулалттай 10500 хүүхэд авахаар болсон. Үүнээс гадна гэр цэцэрлэгээр дөрвөн цэцэрлэгт 240 хүүхэд хамруулахаар болж байна. Харин байгууллагын цэцэрлэгүүдэд 1000 гаруй хүүхдийг хамруулах урьдчилсан тооцоолол гараад байгаа юм.
Энэ жил шинээр ашиглалтад орох цэцэрлэгүүдэд 5000 хүүхэд авахаас есдүгээр сарын 1-нд 1700-г авна.
Мөн хүүхэд харах үйлчилгээний тухайд 2000 хүүхэд авах боломж бүрдсэн. Харин хамран сурах тойрог дээр аль цэцэрлэгт хамрагдах вэ? гэдгийг эцэг эхэд хүсэлтийн дараа эргэн мэдэгдэнэ. Ямартай ч нийслэл болон нийслэлийн боловсролын газраас аравдугаар сарын 15-нд гэхэд нийт 21 барилга худалдаж авахаар төлөвлөж байгаа аж.
ШАТ ДАРААЛЛЫН ДАГУУ 10 САР ХҮРТЭЛ ЦЭЦЭРЛЭГТ ХАМРАГДАХ ХҮСЭЛТ ХҮЛЭЭЖ АВНА
Энэ жил 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс 2020 оны арванхоёрдугаар сарын 31-н хүртэлх хугацаанд төрсөн хүүхдүүдийг товын дагуу цэцэрлэгт хамруулна. Ингэхдээ хүсэлт хүлээж авах хугацааг аравдугаар сар хүртэл нийт гурван удаа зохион байгуулна гэсэн юм. Сар бүр зохион байгуулах бүртгэлд түрүүлж бүртгүүлснээр хэн нэгэнд давуу байдал үүсэхгүй.
Ирэх есдүгээр сарын 10-наас эхлэх бүртгэлд түр оршин суугч гэдгээ нотлох боломжгүй, гадаадад байгаа зэрэг хүндэтгэх шалтгаантай иргэдийг бүртгэнэ.
Тиймээс иргэд бүртгэлээ сар бүр заасан хугацаанд хийх боломжтой. Нийслэлийн хэмжээнд байгаа 141 мянган хүүхдийн регистр бүгд системд орсон учраас механикаар өөрчлөлт оруулах ямар ч боломжгүй гэдгийг ч Нийслэлийн боловсролын газраас анхааруулсан. Хүсэлт гаргахад алдаа заасан, хүндэтгэн үзэх шалтгаантай харьяаллын бус хүүхдүүдийг тэгэхлээр ирэх саруудад цэцэрлэгт хамруулах боломжтой гэсэн үг. Гол нь цэцэрлэгийн барилгуудын хүртээмжийг хэрхэн нэмэхээс шалтгаална. Ямартай ч хичээлийн шинэ жил эхлэхэд цэцэрлэггүй 34 мянган хүүхдээс 11 мянга нь сургуулийн өмнөх боловсролын байгууллагад хамрагдах юм байна.
Холбоотой мэдээ