Цэргүүдийн хэргийг хэрхэн шийдвэрлэв?

Хуучирсан мэдээ: 2022.08.15-нд нийтлэгдсэн

Цэргүүдийн хэргийг хэрхэн шийдвэрлэв?

Цэргүүдийн хэргийг хэрхэн шийдвэрлэв?

Сүүлийн үед цэргийн ангид хугацаат цэргийн албан хаагчдыг дарамталж, амь насаа алдах, халдварт өвчин авах, бусдыг аминд хүрэх онц ноцтой хэрэг цөөнгүй гарлаа. Он гарсаар дөрвөн цэрэг албаа гүйцэтгэж байхдаа харамсалтайгаар нас барж, нэг цэрэг хүнд гэмтээд байна. Өнгөрсөн онд хийсэн ХЭҮК-ын судалгаанд оролцсон хугацаат цэргийн алба хаагчдын 18.8 хувь, хугацаат цэргийн алба хаасан иргэдийн 45.1 хувь цэргийн алба хааж байх үедээ дүрмийн бус харьцаанд өртсөн гэж хариулсан байна.


ЦЭРГИЙН ХОДООД НЬ ЗАДАРЧ, МЭС ЗАСЛЫН ДАРАА НАС БАРСАН

Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч 18 настай Н /2022.06.16/ 16:00 цагийн үед эмнэлэгт яаралтай түргэн тусламж авахаар ухаангүй хүргэгдэн иржээ. Ингээд 6-7 цаг үргэлжлэх мэс засалд орсон ба эмч нарын баг ходоодыг нь бүрэн авсан байна. Учир нь ходоод нь бүхэлдээ задарсан болохыг ар гэрийнхэн нь хэвлэлд өгсөн яриандаа хэлж байв. Харамсалтай нь тухайн залуу мэс заслын дараа тэнхрэхгүй сэхээнд байсаар нас барсан.

Талийгаач тавдугаар сард 05 дугаар ангид татагджээ. Цэрэгт очсоноос 45 хоног крантин тогтоож зургадугаар сарын 15-нд тангаргын баяр нь болж, ар гэрийнхэнтэйгээ уулзсан байна. Тухайн үед талийгаачийн биеийн байдал хэвийн байсан бөгөөд ямар нэгэн архаг хууч өвчингүй болохыг ар гэрийнхэн нь хэлж байв.

ЦЭРЭГ 15 ДАВХРААС УНАСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ ТОГТООГДСОН

Цэргийн алба хаагч 15 давхраас унасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Цагдаагийн байгууллагад энэ тухай дуудлага долдугаар сарын 13-ны өдрийн 09.10 цагт ирсэн байдаг. Цагдаагийн ерөнхий газраас "Өмнөговь аймаг дахь цагдаагийн газраас хэргийн газрын үзлэг явуулж, 19 настай, эрэгтэй Н амиа алдсан нөхцөл байдал тогтоогдсон.

Хохирогч тус аймагт байрлах Зэвсэгт хүчний 167 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан. Тухайн үед цэргийн ангиас гадуур ажиллаж байгаад баригдаж буй барилгын 15 давхраас унасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.

ХОВД АЙМГИЙН ЦЭРГҮҮД СҮРЬЕЭГИЙН ХАЛДВАР АВАВ

Ховд аймагт байрлах Зэвсэгт хүчний 123 дугаар цэргийн ангийн нийт бие бүрэлдэхүүнийг сүрьеэгийн үзлэг, шинжилгээнд хамруулж, 21 цэрэг эмчилгээтэй байгаа талаар /2022.07.22/ ХӨСҮТ-ээс мэдээлсэн.

Тус ангийн нэг алба хаагчийн гэр бүлтэй холбогдоход “Манай ахын хүү одоо 18 настай. Аав, ээж нь хөдөө малчин хүмүүс юм. Өнгөрсөн 2021 оны аравдугаар сард Ховд аймгаас Зэвсэгт хүчний 123 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж буй. Анх цэргийн албанд татагдахдаа эрүүл мэндийн үзлэгт тэнцэж, эрүүл саруул явсан. Өмнө нь бие нь өвдөж байгаагүй. Covid-19 халдвар ч аваагүй цэрэгт явсан. Гэтэл сүрьеэгээр өвдчихсөн байна. Үнэхээр гомдолтой байна.

Харьцангуй хөнгөн өвдсөн учраас уушгинаас нь ус аваагүй. Зарим цэргийн ар гэрийнхэн уушгинаас нь 800 грамм ус авсан гэж ярьж байна лээ. Эмч нь хэлэхдээ "Анх цэргийн ангид гуравдугаар сард сүрьеэгийн халдвар гарсан" гэсэн. Тэгээд манай дүүгээс гурав, зургадугаар сард шинжилгээ авахад сөрөг гарсан. Тэгсэн долдугаар сарын 6-нд шинжилгээ өгөхөд сүрьеэ илэрсэн байна” гэдгийг хэлж байв.

ДЭД АХЛАГЧ ТОГОНД ЦОХИУЛЖ НАС БАРАВ

Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн байлдагч /2022.08.01/ тогонд цохиулж нас барсан. Энэ талаар ЗХЖШ-аас тодруулахад "Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн дэд ахлагч харамсалтайгаар нас барсан. Тус ангийн шинэ барилгын төлөвлөгөөт ажлаа хийх явцад өдөр осол гарч, нас барлаа. Тухайн байлдагч гурав дахь жилдээ алба хааж байсан. Хөдөлмөр аюулгүй байдлын заавар өгдөг инженер нь өөрөө байсан. Тэрээр өглөө бүр алба хаагчдад аюулгүйн зааварчилгаа танилцуулж, гарын үсэг зурж, өдрийн ажлыг талбайн инженерүүдэд хуваарилж өгдөг байсан.

Ослын шалтгаан нөхцөлийг тогтоохоор нийслэлийн Баянзүрх дүүргийн цагдаагийн газар, ЗХЖШ-ын Хяналт шалгалт үнэлгээний газраас ажлын хэсэг томилогдон ажиллаж байна. Ар гэрийнхэн нь бүгд мэдэж байгаа" гэж мэдээлсэн.

327 ДУГААР АНГИЙН АЛБА ХААГЧ ХЭРЛЭН ГОЛД ЭНДСЭН

Дорнод аймагт цэргийн алба хаагч /2022.08.06/ усанд осолдон амиа алдав. Тодруулбал, Дорнод аймгийн Хэрлэн сумын нутагт байх ЗХЖШ-ын харьяа 327 дугаар ангийн алба хаагч Хэрлэн голын усанд эндсэн байна.

Талийгаач Сүхбаатар аймгийн Халзан сумын малчин айлын ганц хүү байжээ. Тэрээр 2021 оны аравдугаар сард цэргийн албанд татагдсан байна.

ЦЭРЭГ МОРИНООСОО УНАЖ, ХҮНД ГЭМТЖЭЭ

Сүхбаатар аймгийн Онгон суман дахь хилийн цэргийн 0184 дүгээр ангид 2022 оны нэгдүгээр ээлжээр Дорноговь аймгаас татагдсан 21 настай байлдагч наймдугаар сарын 11-ний өдрийн 18 цагийн үед цэргийн малын суурьт үүрэг гүйцэтгэж байх үедээ мориноосоо унасан, ухаангүй байдалтай олджээ.

Улмаар холбогдох албаныхан байлдагч гэмтсэн талаарх мэдээллийг авсан даруйд  амь нас, эрүүл мэндийг түргэн шуурхай цаг алдалгүй аврах ажиллагааг эхлүүлж, нисдэг тэргээр Гэмтэл согог судлалын үндэсний төвд авч иржээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж