Гоолтой, нанчилдаантай, асуудал дагуулсан Лондонгийн дерби

Хуучирсан мэдээ: 2022.08.15-нд нийтлэгдсэн

Гоолтой, нанчилдаантай, асуудал дагуулсан Лондонгийн дерби

Гоолтой, нанчилдаантай, асуудал дагуулсан Лондонгийн дерби

Дэлхийн хөлбөмбөгийн хамгийн өрсөлдөөнтэй, ширүүн Премьер лигийн хоёрдугаар тойргийг чимсэн Лондонгийн дерби өчигдөр/2022.08.14/ Стемфорд Бридж цэнгэлдэхэд боллоо.


ЧЕЛСИ 2 – 2 ТОТТЕНХЭМ ХОТСПУР

Итали мэргэжилтэн Антонио Конте шинэ багийнхаа хамтаар хуучин багийнхаа эсрэг тоглосон. Өөрчлөлт, шинэчлэлтийг бага багаар хийж буй Лондон хотын хоёр багийн ширүүн тоглолт тэнцээгээр өндөрлөв. Мэдээж тоглолтын уур амьсгал дерби гэдэг утгаараа эхнээсээ л халуухан, ширүүхэн тэмцэлтэй байлаа.

Нэгдүгээр үед Челсигийн шахалтууд бүрэн хэрэгжиж, Тоттенхэмын залуусын тоглолтыг хязгаарлаж, тоглолтыг удирдаж байв. Ялангуяа Канте, Жоржиньо, Маунт, Лофтус-Чийк, Жэймс зэрэг Челсигийн тоглогчид бөмбөгний төлөөх тулаан бүртээ ялалт байгуулсан гэхэд хилсдэхгүй.

Челси ингэж илүүрхсээр 19 дэх минутад тус багийн хамгаалагч Калиду Кулибали булангийн цохилтоос гоолдож, багтаа тэргүүллийг авчрав. Өдгөө 31 настай Сенегаль тамирчны хувьд энэ зун Италийн Наполигаас Челсид ирсэн билээ. Түүнд гоолын дамжуулалтыг мөн Челсид ирээд удаагүй байгаа Испани жигүүрийн хамгаалагч Кукурелья өгсөн юм.

Харин хоёрдугаар үед Тоттенхэмээс Пьер-Эмиль Хёйбьерг гоолдож, тоглолтын тооны харьцааг тэнцүүлэв. Ийнхүү 68 минутын турш учраа олохгүй байсан Тоттенхэмынхэн сэргэж эхэлсэн. Хёйбьергийн гоол орсны дараа Антонио Конте хэт баярласандаа Челсигийн дасгалжуулагч Томас Тухельтай сөргөлдөж, шар хуудсаар торгуулиад амжив.

Тэгвэл энэ гоолоос удалгүй Челси дахин гоолдож, тэргүүллээ эргүүлэн авсан. Энэ удаад гоолын тэнгэртэй Рийс Жэймс багтаа том тус хүргэв. Тухель ч хариугаа аван Контегийн урдуур салхи татуулан гүйсэн. Ийнхүү талбай дээр хоёр багийн тамирчид, талбайн гадна хоёр багийн дасгалжуулагч нар бие биенийгээ өдөж, тоглолтын уур амьсгал улам ширүүсэв.

Челсид тоглолтын төгсгөлд тооны харьцааг 3-1 болгох олон боломжууд олдсон ч ашиглаж чадсангүй. Алдагдсан боломжууд өшөөгөө авахдаа дуртай байдаг гэгчээр шүүгчийн мэдлийн 90+6 дахь минутад Харри Кэйн булангаас ирсэн бөмбөгийг мөргөж, тооны харьцааг харьцааг тэнцүүлсэн. Энэ гоолын өмнөхөн Тоттенхэмын Кристиан Ромеро Челсигийн Кукурельяаг үсдэж унагаасан ч шүүгч Энтони Тэйлор авч хэлэлцээгүй юм.

Тоглолт дууссаны дараа хоёр багийн дасгалжуулагчид гар барих үеэр Конте, Тухель хоёр дахин сөргөлдөж, шүүгч хоёуланд нь улаан хуудас өгөв.

Тоглолтын дараа Челсигийн дасгалжуулагч Томас Тухель “Цаг агаар халуун, сэлгээний сандал дээр, талбай дээр, үзэгчдийн хооронд гээд хаа сайгүй л халуухан зүйлс боллоо. Улирлын эхэнд ийм л тоглолтыг хүсч, найдсан биз. Тоттенхэмын хоёр гоол хоёулаа асуудалтай байсан. “VAR”-ийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхөд хүнд юм. Эхний гоол нь отон тоглолт байсан. Дараагийн гоол орохын өмнө манай тамирчны үснээс татсан. Үүн дээр ямар ч тайлбар хэлэх аргагүй. Би үүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй” гэжээ.

Харин Конте “Хэрэв асуудал байгаа бол Тухель бид хоёрын дунд л бий. Болсон үйл явдлаас бид хоёр хоёулаа таашаал авч чадлаа. Дараагийн удаа би илүү анхаарал хандуулж, гар барьж, асуудлыг шийдэх болно. Би ч өөрийн сэлгээний сандал дээр, тэр ч өөрийн сэлгээний сандал дээр байх болно. Тоглолтын үеэр ингэж болохгүй гэдгээ ухаарсан ч тоглолтондоо гүн орчихжээ. Үнэхээр хөөр баярт автчихсан байлаа. Харин эсрэг талд таатай санагдаагүй бололтой” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж