Монгол, Оросын зэвсэгт хүчний хамтарсан "Сэлэнгэ-2022” хээрийн сургуулилалт энэ сарын 1-15-ны хооронд Ховд аймгийн нутаг дэвсгэрт болж байна гэх мэдээлэл цацагдсан. Энэ талаар Зэвсэгт хүчний жанжин штабаас тодруулахад "Цэргийн сургуулилалт долоо хоног үргэлжилж, өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын цэргүүд техниктэйгээ Монголоос гарсан" гэв.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар олон улсын нөхцөл байдалтай холбоотойгоор "Сэлэнгэ-2022" хээрийн сургуулилалтын талаар Засгийн газрын нууц тогтоол гаргаж, олон нийтэд нээлттэй мэдээлэл өгөхийг хориглосон байна.
Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав "Сэлэнгэ" сургуулилалт болоод дууссан. Улсын батлан хамгаалах асуудалтай холбоотой учраас тоон болон бусад мэдээлэл нийтэд гаргаагүй" гэсэн юм.
Тиймээс албаныхны зүгээс Орос, Монголын зэвсэгт хүчний хамтарсан "Сэлэнгэ-2022” сургуулилалт нь дайчин нөхөрлөлөө бататгах, итгэлцлийг бэхжүүлэх, цэргийн алба хаагчид харилцан туршлага солилцох, мэргэжлээ дээшлүүлэх зорилготой гэдэг хариултыг өгч байв.
Сургуулилалтын хүрээнд тус орон нутгийн газар нутгийн тодорхой заасан бүсэд зэвсэг, техник хэрэгслүүд чөлөөтэй нэвтрэх эрхтэй. Туршлага солилцох үүднээс агаарын болон бусад хэрэгслүүдийг ч нэвтрүүлж ирсэн болохыг Жанжин штаб мэдэгдсэн. Иймд энэ үйл явц нь хамтын ажиллагааны хүрээнд аюулгүй байдлыг бүрэн сахиж хийж буй учир иргэд айх шаардлагагүй гэдгийг ГХЯ-ныхан ч онцолж байсан.
Орос, Монголын хамтарсан “Сэлэнгэ” цэргийн сургуулилалтыг 14 дэх жилдээ уламжлал болон зохион байгуулжээ.
Зэвсэгт хүчний жанжин штабын Хэвлэлийн албаны дарга, хурандаа Б.Отгонбаяр “Монгол, Оросын зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ” сургуулилалт гэж уламлжлалт сургуулилалт бий. Өмнө нь “Дархан-1, 2” байж байгаад “Сэлэнгэ” нэртэй болсон уламжлалт сургуулилалт хийж байгаа. Өнгөрсөн жил “Сэлэнгэ-2021” цэргийн сургуулилалт есдүгээр сарын 20-ноос аравдугаар сарын 5-ны хооронд Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн хээрийн сургалтын төвийн газар, районд зохион байгуулсан. Зарим хүний түгээж байгаа шиг эрсдэлт нөхцөл бүрдээгүй бөгөөд ЗХЖШ, ГХЯ бүгд энэ сургуулилалтад ач холбогдол өгч, анхаарч ажиллаж байгаа" гэдгийг хэлж байв.
Холбоотой мэдээ