Энэтхэгийн ардчилал 75 жилийн дараа

Хуучирсан мэдээ: 2022.08.15-нд нийтлэгдсэн

Энэтхэгийн ардчилал 75 жилийн дараа

Энэтхэгийн ардчилал 75 жилийн дараа

Энэтхэгийн гол сөрөг хүчин Конгресс намаас хүнсний үнийн өсөлт, ажилгүйдлийг эсэргүүцэн наймдугаар сарын 5-нд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан. Жагсаал сүүлийн үед тогтмол өрнөж буй эсэргүүцлийн цуглаан шиг эхэлсэн. Гэвч Конгресс намын гол улстөрч Рахул Гандийн тэргүүлсэн сөрөг хүчний хууль тогтоочид Энэтхэгийн парламентын ордон руу дайрснаар цагдаа нар жагсагчдын хооронд зөрчил үүсчээ. Нарендра Модийн засгийн газрын хүч суларснаар сүүлийн хоёр сонгуульд Гандийн нам гол сөрөг хүчин болж гарч ирсэн юм.

Жагсаалын дараа Гадни намын бусад улстөрчдийн хамт цагдаад саатуулагдсан зургаа оруулж, Ганди “(Энэтхэгт) ардчилал дурсамж болжээ” гэж жиргэжээ. Энэтхэг бол 1.4 тэрбум хүн амтай хамгийн том ардчилсан гүрэн юм. Гэвч Гандийн жиргээ нь Энэтхэгт сүүлийн үед бүдгэрч буй ардчиллаа хамгаалах мэдрэмжийг ард түмний дунд сэдрээж өгсөн гэж ажиглагчид дүгнэж байна. Улс төр судлаач, шүүмжлэгч нарын үзэж буйгаар Энэтхэгт хууль шүүхийн захирах эрх мэдэл хумигдсаар байгаа аж. Түүнчлэн хэвлэл мэдээлэл, үзэл бодлоо илэрхийлэхийн эсрэг халдлага, дайралт эрс нэмэгджээ. Хиндичүүд бусад шашин болон үндэсний цөөнхийн эсрэг халдлага үйлдэж, ялгаварлан гадуурхах нь газар авсан. Мөн тайван жагсаал цуглааны эсрэг цагдаа нар хүч хэрэглэснээр үймээн дэгдээж, интернэт сүлжээг унагааж, идэвхтнүүдийг баривчлан хорих үзэгдэл гаарсан гэж тэд үзэж байна.

Нобелийн энх тайвны шагналт зохиолч, идэвхтэн Арундхати Рой хэлэхдээ “Энэтхэг улс колончлолоос гарснаас хойш ардчиллын үнэт зүйлсийг сайн сахин хамгаалсаар ирсэн. Гэвч 75 жилийн дараа ардчиллыг системтэйгээр хүчирхийллийн аргаар устгаж буйд эмзэглэж байна” гэж мэдэгджээ. Нөгөө талд Модийн засгийн газрын сайд нар мэдэгдэлдээ, “Энэтхэгийн ардчилал бат бөх, бүр хөгжиж байна” гэж лоббидох болсон байна. Тухайлбал, тус улсын гадаад хэргийн сайд Субрахманям Жайшанкар хэлэхдээ, “Хэрэв өнөөдөр ардчилал бол ямар нэгэн хэлбэрээр ирээдүй гэсэн ойлголт дэлхий дээр байгаа бол түүний томоохон хэсэг нь Энэтхэгтэй холбоотой. Дэлхий дахинд Энэтхэг улс цор ганц ардчилсан орон байсан цаг байсан” гэж өнгөрсөн дөрөвдүгээр сард ярьж байв.

Энэтхэгт 1947 оны наймдугаар сарын 15-ны шөнө дундын үед парламентын ордны индэр дээрээс тус улсын анхны ерөнхий сайд Жавахарлал Нехру “Дэлхий унтаж байгаа энэ цагт Энэтхэгт эрх чөлөө сэргэлээ” гэж тунхаглаж байв. Түүний энэ мэдэгдэл Их Британийн колоничлолоос гарсан Энэтхэг улс ардчиллыг сонгосныг илэрхийлсэн юм.

Ядууралд нэрвэгдсэн Энэтхэг улс нь ардчиллыг сонгосноор дэлхийн хамгийн хурдан хөгжиж буй эдийн засгуудын нэг болж, дэлхийн тавцанд байр сууриа бэхжүүлж чадсан юм. Түүнчлэн авторитар дэглэмтэй хөрш Хятадтай өрсөлдөх хамгийн том ардчилсан орон болж чадсан.

Энэтхэг нь Өмнөд Азийн орнуудаас хамгийн түрүүнд ардчиллыг сонгосон орон болсон юм. 1975 онд Конгресс намыг засаглаж байхад онц байдал зарлаж, цензур тогтоосныг эс тооцвол Энэтхэг нь ардчилсан үзэл баримтлалдаа тууштай байсаар ирсэн. Үүнд хараат бус хууль шүүх, чөлөөт сонгууль, хэвлэл мэдээллийн хөгжил, хүчтэй сөрөг хүчин, энх тайван шилжилт зэрэг ардчиллын үндсэн зарчмуудыг алдалгүй хадгалж иржээ. Гэвч 2014 онд Моди засгийн эрхэнд гарч ирснээр ардчиллаас ухарсан алхмуудыг хийж эхэлсэн гэж шүүмжлэгчид дүгнэж байна. Модийн популист засгийн газар улс төрийн хүчийг ашиглан ардчилал, эрх чөлөөг дорд үзэж, хинди үндсэрхэг үзлийг хэт баримталсан гэж шүүмжилжээ.

Сүүлийн 10 жилийн хугацаанд олон оронд ардчиллаас ухрах хандлага ажиглагдах болсныг АНУ, Бразил, Энэтхэгийн жишээг дурдан Ардчилал, сонгуулийн зөвлөх институт тайлбарлаж байна. Түүнчлэн АНУ-д төвтэй Ардчиллын ордон гэх төрийн бус байгууллагаас тодорхойлохдоо Энэтхэг “хагас ардчилалтай” болсон гэж дүгнэжээ. Мөн Ардчиллын индексээр Энэтхэг нь сүүлийн жилд найман байраар ухарч, “алдаатай ардчилал”-тай гэж гарсан аж.

Хинди шашны олонх Энэтхэг улс нь олон соёлоороо бахархсаар ирсэн. Тус улсад 200 сая орчим исламын шашинтан байдаг ч Модийн засгийн газар тэдний эрхийг хязгаарласан олон хууль тогтоомжийг баталсан. Улмаар хинди болон мусульман шашинтнуудын хооронд мөргөлдөөн гарахад нөлөөлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж