“Долларын хомсдол инфляцийг хөөрөгдөх шалтгаан болно”

Хуучирсан мэдээ: 2022.08.15-нд нийтлэгдсэн

“Долларын хомсдол инфляцийг хөөрөгдөх шалтгаан болно”

“Долларын хомсдол инфляцийг хөөрөгдөх шалтгаан болно”

Эдийн засагч Ч.Отгочулуугаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.


-Банкууд ам.доллар хязгаарлалттай өгч, “Найман шарга”-д ам.долларын олдоц муу байна. Өөрөөр хэлбэл ам.долларын хомсдолд орчихлоо. Ингэснээр эдийн засагт ямар сөрөг нөлөөтэй вэ?

-Ам.доллар хязгаарлана гэдэг нь хомсдолд орж буйн шинж л дээ. Ер нь улам ховордох байх. Дээр нь ам.долларын үнэ өсч магадгүй гэсэн үүднээс банкууд хязгаарлаж буй байх. Ам.долларыг хүрэлцээтэй байлгах үүрэг нь Монголбанкид бий. Тав банк валютын зохицуулалт сайн хийх хэрэгтэй. Арилжааны банкууд хувийн хэвшил учраас өөрсдөө эрсдэлээ тооцоод алхмаа хийж байгаа. Манайх импортоос хараат бөгөөд ихэнх бараа бүтээгдэхүүнийг ам.доллараар худалдан авдаг. Тэгэхээр юмны үнийг хөөрөгдөх, инфляцийг нэмэгдүүлэх суурь шалтгаан болно.

Бензин, үйлдвэрийн тоног төхөөрөмж, гол түүхий эдийг бид гаднаас авч байгаа. Эдгээрийн үнэ дагаад өснө гэсэн үг дээ.

-Ирэх намар инфляци, үнийн өсөлт дээд хэмжээнд хүрч, эдийн засаг хүндрэх талаар УИХ-ын дарга чуулган хаахын өмнө мэдээлсэн. Гэтэл эрх баригчид найр, наадам гэсээр эдийн засгийн асуудлууд орхигдож буйтай та санал нийлэх үү. Цаашдаа инфляцийг тогтоож чадах уу?

-Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт үргэлжлэх байх гэж харж байна. Төр засгийн хувьд нийлүүлэлтийг дэмжих хэрэгтэй. Жишээлбэл, аж үйлдвэрийн салбарыг дэмжихдээ хоол хүнс, тариаланчдаа дэмжиж байж, бүтээгдэхүүний тоо хэмжээг олшруулж зах зээлээ чөлөөлөх хэрэгтэй. Хоёрдугаарт, инфляцитай тэмцэхийн тулд бодлогын хүүг өсгөдөг. Энэ бол стандарт арга хэмжээ. Төв банк бодлогын хүүг өсгөчихөөр арилжааны банкууд өөрт байгаа мөнгөө төв банкинд өгдөг. Тэгээд бодлогын хүүтэй тэнцэх хэмжээний хүү аваад суучихна. Жишээлбэл, чамайг арилжааны банк байлаа гэж бодъё. Чамд зуун сая төгрөг байлаа гэхэд, зуун сая төгрөгийг ямар салбар руу оруулах нь хүнд байгаад байдаг. Чиний зээл амжилттай яваа ч уу, үгүй ч үү. Тэрний оронд Монголбанк дээр очоод Төв банкны үнэт цаасыг худалдаад авчихвал хугацаа нь богино, хүү өндөр байдаг. Тэгэхээр чи зээлийн араас хөөцөлдөөд, хүн цалинжуулаад эрсдэл үүрээд явахын оронд Төв банкнаас бондыг нь авчихвал ашигтай байхгүй юу. Гэтэл зах зээл рүү зээл болгоод гаргавал буцаж орж ирэхгүй байх магадлал бага болчихоод байна. Тэгэхээр арилжааны банкууд эрсдэлээ хаагаад зээл гаргахгүй удаад байгаа юм болов уу гэж таамаглаж байна. Дээрээс нь төв банк хүүгээ өсгөчихөж байгаа юм чинь төв банкин дээр байршуулах нь хялбар. Тэгэхээр зээл гарахгүй байна гэдэг хөрөнгө оруулалт бага хийгдэнэ гэсэн үг. Компаниуд бага худалдан авалт хийнэ. Хэрэглээ буурна. Хэрэглээ буурснаар орлого буурна. Зах дээр бараг наймаа хийгдэхгүй болчихсон гэж иргэд ярьж байна. Хүмүүс юм авахгүй бол худалдагч нар цалингүй, ажлын байргүй болно. Ийм аюул үүсээд байна.

Ийм үед улс зоригтой төсвөө танаад явах хэрэгтэй. Яагаад гэвэл улсын төсөв зардал, алдагдал ихтэй байгаа. Тэгэхээр хэмнэсэн мөнгөөрөө моргейжийн зээл гаргамаар  байгаа юм.

Хятадад инфляци бараг байхгүй байна. Барааны үнийн өсөлт харьцангуй гайгүй байна. Гэтэл Монголд тээвэр дээр үнэ өсч байна. Боомтоор гарах машины тоог нэмэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, үнэ нь тэнгэрт хадчихаад байна. Хил боомт дээрх гацааг арилгаж, гарч орж буй машины тоог өсгөөд ачаа эргэлтээ сайжруулчихвал эргээд юмны үнэ буулгахад чухал нөлөөтэй.

-Эдийн засгийн хямрал улстөрчдөд төдийлөн мэдэгдэхгүй байх шиг. Гэтэл юмны үнэ хоёр дахин өссөн нь иргэдийн амьдралд хүнд тусч байна. Цаашид бүхий л салбарт эдийн засаг доройтох байх?

-Он гараад орон сууцны зээлтэй иргэд төлж эхэлнэ. Тэгэхээр хүмүүст маш том нөлөө үзүүлнэ. Тухайлбал, 800 мянган төгрөгийн цалинтай байлаа гэж бодъё. Таван зуун мянгыг сар болгон төлдөг байлаа. Одоо төлөөд эхлэвэл баларна. Үлдсэн мөнгө нь амьдралд хүрэлцэх үү үгүй юу. Сүүлийн жилд юмны үнэ хоёр дахин өсчихлөө.  Зөвхөн нэг өрхөд ийм байгаа юм чинь. Тэр олон өрх хүндэрнэ. Яагаад гэвэл халамжууд зогсоно. Тиймээс өрхийн санхүүд маш том дарамт ирнэ.

-Эрх баригчид гэснээс АН-ын бүлэг албан ёсоор тарсан уу. Бүлэг тарсан асуудлыг та хэрхэн харж байна вэ?

-Энэ асуултанд би хариулахгүй. Би АН-ын эдийн засгийн асуудлыг хариуцдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж