ТОЙМ: Антонио Гутерреш, Ван И айлчилсан 7 хоног

Хуучирсан мэдээ: 2022.08.14-нд нийтлэгдсэн

ТОЙМ: Антонио Гутерреш, Ван И айлчилсан 7 хоног

ТОЙМ: Антонио Гутерреш, Ван И айлчилсан 7 хоног

Өнгөрч буй долоо хоногт төрийн өндөр дээд айлчлалууд давхацсан төдийгүй Засгийн газраас хэд хэдэн шийдвэрийг гаргав. Тухайлбал, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийг онцолж, хамтран ажиллахаа илэрхийллээ. Харин НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөтөлбөрийг дэмжиж буйгаа илэрхийлж цаашид ч НҮБ Монгол Улстай хамтран ажиллана гэдгийг мэдэгдсэн юм.

Ньюс агентлаг энэ долоо хоногт болсон онцлох үйл явдлуудаас тоймлон хүргэж байна.

Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг Монгол Улсад айлчлахыг урьсан билээ. Энэ дагуу НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш наймдугаар сарын 8-нд  Монголд ирсэн. Тэрбээр энэ сарын 8-11-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн юм.

Энэ нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын түвшинд Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар хийж буй анхны айлчлал юм.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга НҮБ Монгол Улстай цаашид ч хамтран ажиллахаа онцолж, экологийн тэнцвэрт байдлыг хангаж ажиллахад дэмжлэг үзүүлэхээ онцлов.

У.ХҮРЭЛСҮХЭД БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И БАРААЛХАВ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И өнгөрсөн Даваа гаригт бараалхав. Тэрбээр, Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа амжилттай хөгжиж байгааг Ерөнхийлөгч онцолж, олон улсын амаргүй нөхцөл байдал, цар тахлын үед ч харилцаа, хамтын ажиллагаагаа улам бүр бэхжүүлэн, ойр дотно хамтарч ажиллах нь зүйтэйг тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч хүлээн авч уулзсанд Гадаад хэргийн сайд Ван И талархал илэрхийлж, БНХАУ-ын дарга Ши Жиньпиний мэндчилгээг уламжлав. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийг БНХАУ-д айлчлах урилгыг нотлов.

Гадаад хэргийн сайд Ван И хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэж, хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.

ЖҮДОЧИД АЗИЙН АВАРГААС 7 МЕДАЛЬ АВЧ, БАГААРАА МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Казахстан улсын Нур-Султан хотноо өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд 17 улсын 168 шилдэг тамирчид өрсөлдсөн бөгөөд Монгол Улсаа төлөөлөн олимпийн хүрэл медальт Ц.Цогтбаатар, Ё.Басхүү, Б.Хорлоодой тэргүүтэй 17 бөх оролцов. Манай тамирчдын медаль авсан байдал. Эмэгтэйчүүдийн ангилалд

  • -48 кг – Г.Наранцэцэг хүрэл медаль
  • -52 кг – Б.Хорлоодой хүрэл медаль
  • -63 кг – Б.Ганхайч алтан медаль
  • -70 кг – Ц.Энхчимэг хүрэл медаль

Эрэгтэйчүүдийн ангилалд

  • -66 кг- Ё.Басхүү алтан медаль
  • -90 кг – Г.Алтанбагана хүрэл медаль
  • -100 кг – Б.Гончигсүрэн хүрэл медаль

Ийнхүү багийн нийлбэр дүнгээр Монгол Улс хоёр алт, таван хүрэл медаль гэсэн амжилттай хоёрдугаар байр эзлэв. Харин Япон улс есөн алт, гурван мөнгөн медальтай тэргүүлжээ.

НМХГ-ЫН ДАРГА Б.БАТШАГАЙГ АЖЛААС ЧӨЛӨӨЛӨХИЙГ ҮҮРЭГ БОЛГОВ

Шадар сайд С.Амарсайхан Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт наймдугаар сарын 9-нд ажиллаж махны асуудалтай холбоотой албан тушаалтнуудыг ажлаас чөлөөлөх үүрэг өгөв. Шадар сайд С.Амарсайхан МХЕГ-ийнхан хариуцлага, ёс зүй өндөр байх ёстой атал зургадугаар сард гаргасан шийдвэрийг одоо хүртэл биелүүлээгүй, махны асуудал цэгцрээгүй байна. Иймд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга М.Баасандоржид дунд шатны удирдлагуудыг ажлаас чөлөөлөх үүрэг өгч байна гэсэн юм.

Тодруулбал, НМХГ-ын Хүнсний аюулгүй байдал хариуцсан хэлтсийн дарга Х.Нямбаатар, МХЕГ-ын дарга Б.Батшагайг чөлөөлөхийг МХЕГ-ын дарга Б.Баасандоржид үүрэг болголоо.

Мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг есдүгээр сарын 1-ний дотор Засгийн газарт танилцуулах. Хоёрдугаарт, лабораторуудын хүчин чадлыг сайжруулах чиглэл өглөө.

ЗГ: ЗАМЫН-ҮҮДИЙН БООМТЫГ ХЯТАДЫН ДЭМЖЛЭГТЭЙГЭЭР ӨРГӨЖҮҮЛЖ БАЙНА

Энэ долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар 40 жилийн дараа шинэ хот байгуулах ажлын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эхлүүлж байгаа талаар болон цахимжуулалттай холбоотой шийдвэрүүдийг гаргасан байна.

Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар:

-Монгол Улс 1980 оноос хойш шинэ хот бариагүй. Хамгийн сүүлд Багануур хотыг байгуулсан. Одоо ийнхүү 40 жилийн дараа дахин хот байгуулах тухай төлөвлөлтийг хийж байна. Хөшигийн хөндийд онгоцны буудал ашиглалтад орсноор Шинэ Зуунмод байгуулах ерөнхий төлөвлөгөөний хүрээнд инженерийн дэд цүтцийн эх үүсвэр, шугам сүлжээний ажлын зургийг хийж эхэлсэн.

Цэвэрлэх байгууламж, усан сан, дулааны шийдэл, инженерийн бэлтгэл ажил, хөрсний усыг хэрхэн зайлуулах зэрэг ажлын зургуудыг хийсэн.

Шинэ Зуунмод хотын төлөвлөлтийн ажлын зураг эцэслэгдэн батлагдаж, техникийн шийдэл, төсөв хөрөнгө оруулалтыг гаргасан. Ингэснээр эхний ээлжийн 498 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, санхүүжилт шаардлагатайг гаргаж ирсэн. Үүнтэй холбоотой төвлөрлийг сааруулахын тулд төр захиргааны зарим байгууллагыг нүүлгэх асуудлыг өнгөрсөн гуравдугаар сарын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн. Одоо ийнхүү албажиж эхэлж байна.

Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Наранцогт:

-Засгийн хуралдаанаар "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд боомтын сэргэлт, боомт дээр хийгдэж буй бүтээн байгуулалт зэргийн талаар танилцуулга хийлээ. Нийт 94 төслийн явцыг сар бүр Засгийн газарт танилцуулж байгаа. Хятадын Гадаад хэргийн сайдын айлчлалаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өмнөд хөрштэй хиллэж байгаа боомтуудын талаар нарийвчлан авч үзэхийг ярьсан. Тиймээс боомтуудын төлөвлөлт, түүнд тулгамдаж байгаа асуудлууд, бүтээн байгуулалт зэргийг мэдээлсэн.

Засгийн газраас тодорхой чиглэлүүдийг өглөө. Нэгдүгээрт, Хятад улс боомтоо нэгдсэн зангилаа, голлох, бусад боомт гэж ангилдаг. Энэ төлөвлөлттэй уялдуулсан төлөвлөгөөг танилцууллаа.

Хөрш орнуудын боомтуудын төлөвлөлттэй уялдуулж эрэмблэх, ялангуяа төслийн явцын ажлыг эрчимжүүлэх үүрэг өгсөн. Монгол Улс Оростой 16 боомт, Хятадтай 17 боомтоор холбогдоог. Оросын тухайд дөрөв нь ерөнхий, хоёр нь хэсэгчилсэн төлөвлөгөөтэй боомт. Харин өмнөд хөршийн тухайд долоон боомтын ерөнхий төлөвлөгөө хийгдэж байна. Тэгэхлээр ирэх оны төсөвт бүх боомтын ерөнхий төсөв, зарим шаардлагатай гол боомтуудын хэсэгчилсэн төлөвлөгөөний төсвийг тусгах ажлууд хийгдэнэ. Хилийн үйлчилгээний байгууллага, зорчих хэсэг зэрэг үндсэн хэсгүүдийн бүтээн байгуулалт хийгдээд явна. Мөн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар бусад бүтээн байгуулалтыг хийнэ.

ЦЭЦЭРЛЭГТ ХАМРАГДАХ ХҮСЭЛТИЙГ 100 ХУВЬ ЦАХИМААР БҮРТГЭЖ БАЙНА

Цэцэрлэгийн насны бүх хүүхдийг боловсролын байгууллагад хамруулах зорилтын хүрээнд энэ жил хүүхдүүдийг харьяаллын дагуу цэцэрлэгт бүрэн хамруулахаар болсон. Үүнтэй холбоотойгоор БШУЯ-наас бүртгэлийг Цахим хөгжлийн яамтай хамтарч 100 хувь цахимаар хийхээр болсон талаар мэдээлсэн. Бүртгэл энэ сарын 10-нд эхлээд байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж