Төр засаг төсвийн тодотголыг өнгөрсөн дөрөвдүгээр сард хэлэлцэхдээ өнөөдрийн үнийн өсөлтөөс бага орлоготой иргэдийг хамгаалах чиглэлээр хэд хэдэн шийдвэр гаргасан. Үүний дотор нэг сая төгрөгийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос иргэний өөрөө төлсөн тэтгэврийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгохоор болсон. Ингэснээр Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн зарим даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох тухай хуулиар нэг сая ба түүнээс доош төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос албан журмаар болон сайн дураар даатгуулсан даатгуулагч 2022 оны 5-12 дугаар сард өөрийн хариуцан төлсөн шимтгэлийн 50 хувийг сар бүр буцаан авах эрхтэй болсон.
Энэ шийдвэрийн дагуу нэг сая ба түүнээс доош төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн 2022 оны тавдугаар сард төлсөн шимтгэлийн 50 хувийг өнгөрсөн сараас буцаан олгож эхэлсэн.
Гэвч зарим хүний дансны мэдээлэл зөрүүтэй, хувийн мэдээлэл дутуугаас болж буцаан олголт ороогүй гэх гомдол их ирсэн байна.
Энэ талаар НДЕГ-аас тодруулахад “Иргэд санаа зовох шаардлагагүй. Хуулийн дагуу буцаан олголтыг сар бүр хийгээд явна. Дансны мэдээллээ баталгаажуулаагүй, хувийн мэдээлэл нь зөрж байгаа даатгуулагчид буцаалтыг нөхөн авах боломжтой. Он дуустал буцаалт хийнэ. Түүнээс энэ сар нийгмийн даатгалын шимтгэлийн буцаан олголтыг авч чадаагүй иргэдэд зөвхөн дараа сард нь нөхөж олгоно гэсэн зохицуулалт байхгүй. Одоогийн байдлаар зарим даатгуулагчийн дансны мэдээллийн зөрүүгээс шалтгаалан шимтгэлийн буцаан олголт дансанд нь ороогүй байна. Тиймээс шимтгэлийн буцаан олголт нь ороогүй иргэд НДЕГ-т хандах хэрэгтэй” гэсэн тайлбар өглөө.
Шимтгэлийн буцаан олголт аваагүй иргэд дараах сувгуудын аль нэгт хандан дансны мэдээллээ шалгаж, шинэчлэн баталгаажуулна уу. Тодруулбал:
- https://daatguulagch.ndaatgal.mn/
- Харъяа аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс
- Сумын нийгмийн даатгалын тасаг, байцаагчид хандах боломжтой аж.
Дансны мэдээлэл зөрүүтэйгээс шалтгаалан шимтгэлийн буцаан олголт аваагүй даатгуулагчийн мэдээлэл шинэчлэгдсэнээр тавдугаар сарын буцаан олголтыг долдугаар сард нөхөн олгох юм байна.
Холбоотой мэдээ