Сурвалжлага: Хэрэггүй хогийг үнэт "эрдэнэс" болгодог газар

Хуучирсан мэдээ: 2022.08.15-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Хэрэггүй хогийг үнэт "эрдэнэс" болгодог газар

Сурвалжлага: Хэрэггүй хогийг үнэт "эрдэнэс" болгодог газар

Иргэн та хогоо ангилж хаядаг уу? Хэрэв үгүй бол өнөөдрөөс эхлэн хогоо ангилж, хаяж дадаарай. Хогийг эх үүсвэр дээр нь ангилж хэвшвэл хөрсөнд булагдах хогны хэмжээ 50 хувиар буурах боломжтой гэх судалгаа бий. Сүүлийн үед гудамж талбай, орон сууцнуудын хогийн цэг дээр өнгө өнгийн хогийн сав үзэгдэх болсон. Харамсалтай нь, монголчууд энэ өнгөнүүдийн, үгнүүдийн утгыг төдийлөн сайн ойлгохгүй байх шиг.

Ерөнхийдөө дахин боловсруулах боломжтой болон дахин боловсруулах боломжгүй гэх хоёр төрлийн хогийг ангилан хаях зориулалттай савнууд нийслэлээр түгээмэл бий.

Дахин боловсруулах боломжтой хог нь дотроо хуванцар сав, шил, лааз, гялгар уут, металл, цаас гээд олон төрөл. Монголд ч хог ангилах төвүүд олширсон. Эдгээр төвүүдийн гол зорилго нь хогнуудыг ангилж, дахин боловсруулах болон дахин ашиглах үйлдвэрүүд рүү хүргэдэг. Өөрөөр хэлбэл, дундын зуучлагч. Хогийг хүлээн авч, ангилж, үйлдвэрүүдэд хүргэдэг.

Энэ удаад бид дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газруудын төлөөлөл болох “Төвшин Сайхан” төвөөр зочилж, тэднийг хэрхэн ажилладаг болохыг сурвалжлалаа. Дарь эхийн зам дагуу байрлах том цагаан самбартай, жижиг хаалгатай ч том хашаан дотор нар хөөрөх үеэр түм түжигнэн бум бужигнаж байв. Хашааны нэг булангийн агуулах дотор хүмүүс хог ангилж байх бол хаалганы хажууханд ангилсан хогийг үйлдвэр, компаниуд руу зөөхөөр жолооч машинаа бэлэн болгож байлаа.

Их ажлынхаа хажуугаар тус төвийн маркетингийн менежер О.Лхагвасүрэн зав гарган бидэнтэй ярилцав. Түүний хувьд 12 жилийн турш хог хаягдал дахин боловсруулах, орчны хогийг бууруулах, эргэлтийн эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлд тогтвортой ажиллажээ.

Дэлхий ээжийгээ хогноос хамгаалж, хогоо ангилан ялгаж хэвшицгээе уриатай “Төвшин Сайхан” төв нь 2009 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн гэнэ. Анхандаа өрхийн хэмжээнд байсан ч сүүлийн 4-5 жилийн хугацаанд байгууллагын зохион байгуулалттай болсон аж. Одоогийн байдлаар тус төв долоон төрөлд 64 ширхэг зүйлийг ангилан ялгаж, дахин боловсруулах болон дахин ашиглах 22 үйлдвэрт нийлүүлдэг гэж О.Лхагвасүрэн ярьсан юм.

Дахин боловсруулсан цаасаар ариун цэврийн цаас, лаазаар хөлөг онгоцны тэнцвэржүүлэгч, гялгар уутаар нүхэн жорлонгийн дэвсгэр тэргүүтэй зүйлс хийдэг аж. Мэдээж архи, шар айрагны шил, хуванцар савуудыг цэвэрлэн дахин ашигладаг.

Түүнээс хогийг ангилан хаяж, дахин боловсруулах нь ямар ач холбогдолтой талаар асуухад “Хамгийн гол нь орчны бохирдол. Нийслэл маань дөрвөн уулын дунд байрладаг. Хойд талаараа гэр хороолол ихтэй. Мөн 18 га “Цагаан даваа”-ны хогийн цэг, 31 га “Нарангийн энгэр” гээд хоёр уулынхаа хормойд бүхий л хогоо аваачин булж байгаа. Гэтэл салхины эх үүсвэр баруун хойноосоо билээ. Маш олон хүнд металлууд холилдсон хогноос бий болдог. Эргээд бид нар амьсгалахаар уушги болон цусанд шингэдэггүй. Ингээд хорт хавдар үүсгэн өвчлөлийн үүр уурхай болдог.

Жишээлбэл, машины яндангаас 230 төрлийн хүнд металлийн нэгдэл, хорт хий ялгардаг.

Үүнийг тоохгүй байж болохгүй. Тиймээс мөнгө урамшууллаар хогийг цуглуулж, аль болох цэвэр түүхий эдийг үйлдвэрүүдэд нийлүүлснээр орчны хог хаягдал буурна” гэв.

“Төвшин Сайхан” төвийн нэг онцлог нь тэд хогийг дуудлагаар очиж авдаг. Гэхдээ нэг шаардлага тавьдаг нь хогоо бүгдийг нь төрөл төрлөөр нь ангилсан байх ёстой гэнэ.

Дэлхий нийтийн чиг хандлага сүүлийн жилүүдэд “ногоон” тал руугаа явж байгаа. Бүхий л зүйлс байгальд ээлтэй болж, органик, байгалийн гэх зүйлс тренд болж буй. Үүний илрэл нь хүмүүс хогоо ангилж мөн “Vintage” буюу бидний хэлж заншсанаар комиссын хуучин хувцас өмсөх болсон. Нэг жийнсэн өмд шинээр хийхэд л 7500 орчим литр ус зарцуулагддаг гэх судалгааг НҮБ-аас хийжээ. Салбараар нь авч үзвэл хувцас үйлдвэрлэлийн салбар жилдээ 93 тэрбум метр.куб ус зарцуулж байна.

Тиймээс байгаль эх дэлхийгээ хайрладаг, ус гэдэг зүйл хэмжээтэй, хязгаартай гэдгийг ухаарсан хүмүүс орчны бохирдолд санаа зовох болжээ. Ийм хүмүүс санаачлагаараа “Төвшин Сайхан” төвийг зорьж, хог хаягдлаа хүлээлгэн өгдөг аж. Энэ талаар О.Лхагвасүрэн ярихдаа “Хог хаягдал бууруулах чиглэлд хүмүүс их болсон. Нэг ширхэг хагархай лонхыг хүртэл хайрцаганд хийгээд авчирч өгч байна. 3-4 цаг Зайсангаас түгжирч ирээд хогоо өгч байна. Одоогийн залуус өөрчлөгдөж байна” гэлээ.

Мэдээж гэрлийг дагаж сүүдэр гэдэг шиг хогоо бөөгнүүлээд нэг дор хаядаг хүмүүс өнөөдрийн байдлаар дийлэнхи нь байна.

Иргэдийн хандлага ийнхүү бага багаар өөрчлөгдөж байгаа ч төр засгийн зүгээс эрх зүйн орчныг нь сайтар хангаагүй гэдгийг тэрбээр онцолсон. О.Лхагвасүрэн ярихдаа “Засгийн дарга нарын үзэмж л шийддэг. Ямар нэгэн дэмжлэг бол байхгүй. Гэхдээ энэ оны эхээр Ерөнхий сайд цахим шилжилт, хог хаягдлыг бууруулах, тэрбум мод гэсэн гурван чиглэлд анхаараарай гэсний дагуу засаг дарга нарын чих бага ч гэсэн онгойсон. Сүүлд л гэхэд Өмнөговийн Даланзадгадын байгаль орчны мэргэжилтнүүд, сумдын засаг захиргааны нэгжийн төлөөлөлд төмрийн чиглэлээр зөвлөгөө өгсөн. Зөвлөгөө өгснөөс хоёр сарын дараа л гэхэд 15 тонн хуванцар хог хаягдлыг ачаад ирсэн. Чадъя гэвэл чадаж л байна. Ганцхан хуванцар сав л дэлхийн хөрсөнд шингэх гэж 500 жил болдог” гэв. Ийнхүү “Төвшин Сайхан” төвийн үйл ажиллагаатай танилцсан аялал өндөрлөж, дахивар ачсан ачааны машин хогийн цэгээс олдсон "алт"-аа үйлдвэр, компаниудад хүргэхээр замдаа гарлаа.

Иргэд та бүхэн хог хаягдлаа ангилан хаях дадал хэвшилд суралцаж, байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалахад хувь нэмрээ оруулаарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж