Талибан Кабул хотноо засгийн эрхийг авснаас хойш нэг жил гаруйн хугацаа өнгөрчээ. Үүнээс хойш анх удаа афган эмэгтэйчүүд эрхийн төлөө жагсаал хийсэн боловч Талибан тус үйл явдлыг хүч ашиглан тараасан байна.
Талибанчууд жагсаалын үеэр хий буудахаас өмнө 40 орчим эмэгтэй Афганистаны нийслэлээр эрхээ шаардан алхаж байжээ. Талибан жагсагчдын гар утсыг нь булаан авч, эмэгтэйчүүдийн жагсаалыг зогсоов. Талибууд засгийн эрхийг гартаа авснаас хойш эмэгтэйчүүдийн эрхийг ноцтойгоор хязгаарлаад байгаа юм.
Жагсагчид 2021 онд Талибанчууд Кабул хотыг эзэлсэн өдрийг харуулсан "Наймдугаар сарын 15 бол хар өдөр" гэсэн бичиг барин "Талх, хөдөлмөр, эрх чөлөө" гэж хашхиран, шаардаж байв.
Жагсагчдын нэг “BBC”-д “Тэд энэ удаад биднийг нэг их зодсонгүй. Өмнө нь эмэгтэйчүүдийг их зоддог байсан. Энэ удаа хий буудсан ч бид айгаагүй. Харин Талибанчууд охидын сургуулийг нээхээс л айж байна” гэж ярьжээ. Талибан засгийн эрхэнд эргэн ирснээс хойшхи нэг жилийн хугацаанд эмэгтэйчүүдийн эрх чөлөөг хязгаарласан янз бүрийн тушаал гаргаж, тэднийг төрийн ихэнх ажил, дунд боловсрол, эрэгтэй асран хамгаалагчгүйгээр 70 км-ээс илүү замыг туулахыг хориглосон юм. Өнгөрсөн тавдугаар сард зэвсэгт бүлэглэлийнхэн афган эмэгтэйчүүдийг сүүлийн хэдэн арван жилийн дараа исламын шашны гивлүүр өмсөх ёстой гэж зарлиг гаргажээ. Хэрэв эмэгтэй хүн дагаж мөрдөхөөс татгалзвал түүний эрэгтэй асран хамгаалагчдыг гурван өдрийн турш шоронд хорих боловч энэ заалт үргэлж хэрэгждэггүй байна. Афганистан бол боловсролыг хүйсээр албан ёсоор хязгаарладаг дэлхийн цорын ганц улс. Энэ нь Талибанчуудын олон улсын хууль ёсны эрх мэдэл олж авах гэсэн оролдлогын гол саад болж байна.
Охидыг дунд боловсрол эзэмшихийг хориглож, эмэгтэйчүүдийн асуудал эрхэлсэн яамыг татан буулгаж, эмэгтэйчүүдийг ажилд оруулахгүй байх тохиолдол цөөнгүй тул олон улсын холбоонууд Талибанд тийм ч таатай ханддаггүй юм.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ