"Моннис" групп Б.Мөнгөнзулд автомашин бэлэглэх эрхийн бичгээ гардуулав

Хуучирсан мэдээ: 2022.08.13-нд нийтлэгдсэн

"Моннис" групп Б.Мөнгөнзулд автомашин бэлэглэх эрхийн бичгээ гардуулав

"Моннис" групп Б.Мөнгөнзулд автомашин бэлэглэх эрхийн бичгээ гардуулав

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Үндэсний шигшээ багийн тамирчин, дэлхийн шатрын холбооны дэд мастер Б.Мөнгөнзул IV ширээнд оноогоороо тэргүүлэн, алтан медалийн эзэн болсон билээ. Тэгвэл өнөөдөр /2022.08.13/ түүний энэ амжилтыг үнэлж, "Моннис" группийн хамт олноос "Renualt Sandero Stepway" маркийн цоо шинэ автомашин бэлэглэх эрхийн бичиг гардууллаа.

Тэрбээр 10 өрөг тоглож найм хожиж, нэг тэнцэн, нэг хожигдож 85 хувийн хожил авч, ширээндээ түрүүлсэн юм. Энэхүү амжилтаараа Дэлхийн шатрын холбооны мастер цолны болзол хангаж цолоо ахиулсан юм.

"МОННИС МОТОРС" КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ч.ЧИНЗОРИГТ:

-Манай групп 1800 гаруй ажилтантай. Нийт зургаан салбарт үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд 11 охин компанитай. Монгол хүний хувь хүний хөгжил бол улсын хөгжил. Үндэсний их баяр наадмын түрүү бөхийг байлах арга хэмжээгээ удахгүй зохион байгуулах гэж байна. Мөн хөлбөмбөг, сагсан бөмбөгийн дээд лиг зэрэг маш олон спортын амжилтыг нийгмийн хариуцлагын хүрээнд үнэлж ирсэн. Мастер Б.Мөнгөнзулын хувьд түүхэн амжилтыг гаргаж, анхны алтан медалийг хүртэж чадлаа. Монголчууд хүчний спортоос гадна оюуны спортоор дэлхийд амжилт гаргах бүрэн боломжтой гэдгийг батлан харууллаа.

"Моннис" группийн зүгээс залуу тамирчныг урамшуулж, ирээдүйн амжилтыг нь бататгах зорилгоор автомашин бэлэглэж байгаа юм. "Моннис" групп 25 жилийн ойгоо угтаж "Motors renualt" брэндтэй хамтран шагналыг өгч байгаа. Учир нь "Эрүүл биед саруул ухаан оршдог" гэдэгчлэн бид Монголын ирээдүй болсон оюун ухааны спортоор амжилт гаргасан дүүдээ хамт олныхоо зүгээс баяр хүргэе. Мөн ирээдүйд Б.Мөнгөнзултай маркетинг тал дээр хамтран ажиллахад нээлттэй байна.

ДЭЛХИЙН ШАТРЫН ХОЛБООНЫ МАСТЕР Б.МӨНГӨНЗУЛ:

-Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын баг маш амжилттай оролцож, эмэгтэй баг 15 дугаар байр эзэлсэн. Мөн эрэгтэйчүүдийн баг маш сайн оролцсон. Миний бие дөрөвдүгээр ширээндээ хувийнхаа дүнгээр алтан медаль хүртсэн. Энэ амжилтыг маань дэмжиж, урам хайрлаж буй "Моннис" группийн хамт олон болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэд гүнээ талархаж байна. Мөн Орхон аймгийн нутгийн зөвлөл болон багш дасгалжуулагч нартаа баярлаж талархсанаа илэрхийлье.

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад тоглохдоо ширээ ахих тусам хүчтэй тоглогчидтой тоглодог. Манай багийнхан өндөр оноо авсан учраас рейтингээрээ дээшээ гарч ирж чадсан. Баг хамт олондоо маш их баярлаж байна. Миний хувьд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль авч байсан. Дараа нь хоёр удаа дөрөвт орж, алтан медалиас мултарсан. Тийм учраас Дэлхийн аваргын алтан медаль авах багын мөрөөдлөө биелүүлэхийг хүсч байна. Тиймээс есдүгээр сард болох ДАШТ-д бэлтгэж эхэлнэ. Намайг найман настайгаас минь дэмжиж ирсэн шатрын олон улсын мастер Н.Баттулга болон спортын мастер О.Батзориг, анхны суурийг минь тавьж өгсөн Э.Энхжаргал багш нартаа баярлаж явдгаа хэлье.

Б.МӨНГӨНЗУЛЫН АНХНЫ БАГШ Э.ЭНХЖАРГАЛ:

-Орхон аймагт 2004 оноос "Цагаан морь" шатрын клуб хичээллүүлдэг байсан. Одоо үйл ажиллагаагаа хотод явуулж буй. Мастер Б.Мөнгөнзулын хувьд Орхон аймгийн 17 дугаар цэцэрлэгт суралцаж байхдаа дөрвөн нас гарантай байхдаа манай шатрын дугуйланд явж эхэлсэн. Тухайн үед манай Б.Мөнгөнзул шатарт маш сонирхолтой хүүхэд байсан. Тэгээд 2011 онд улсын анхны тэмцээндээ орж, цэцэрлэгийн насны хүүхдүүдээс багаасаа тэргүүлж, амжилт гаргаж байлаа. Тухайн хүүхэд болгоны нас сэтгэхүй нь өөр өөр байдаг. Б.Мөнгөнзул шатрын тактикыг олноор задалж, өөрөөр сэтгэж чаддаг хүүхэд байсан.

 

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
87
ЗөвЗөв
8
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж