Олон улсын залуучуудын өдөр өчигдөр /2022.08.12/ тохиосон. Энэ өдөр Украины ерөнхийлөгч Владимир Зеленский болон тэргүүн хатагтай Олена Зеленска нар “Бяцхан аврагчид-Дайны баатрууд” арга хэмжээнд оролцлоо. Эл арга хэмжээний хүрээнд залуу украинчуудад хүндэтгэл үзүүлжээ.
Арга хэмжээг Украины ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр Онцгой байдлын алба анх удаа зохион байгуулжээ. Оролцогчид нь ОХУ-ын түрэмгийллийн үед эр зоригоо харуулсан украин хүүхэд, залуус юм. Энэ үйл явдал Киев хотын Мариинскийн ордонд байрлах Украины баатруудын цагаан танхимд болсон.
“Олон улсын залуучуудын өдрийг ийм чухал үйл явдлаар эхлүүлж байгаадаа баяртай байна. Залуу баатрууддаа баяр хүргэе. Та нарын үйлдлүүд зоригтой бөгөөд насанд хүрсэн хүнтэй адилтгахуйц байсан" гэж Зеленский залуу оролцогчдод хандан хэлэв. Мөн тэднийг зоригтой, хариуцлагатай иргэн болгон хүмүүжүүлсэн гэр бүлд нь талархал илэрхийлэв.
“Бид та нараар бахархаж байна. Энэ бол Украинд өнөөдөр бидний бахархах ирээдүй байгаа гэсэн үг. Украины төр алга ташин баяр хүргэж байна. Та нарын аварсан амьдрал бүрийн өмнөөс баярлалаа" гэж Зеленский хэлжээ.
Арга хэмжээнд Украины Дотоод хэргийн сайд Денис Монастырский, Онцгой байдлын албаны дарга Серхий Крук нар оролцож, залуу оролцогчдод бэлэг, аврагчийн дүрэмт хувцас гардуулав.
Эх сурвалж: UKRINFORM