Монголд цар тахлын омикрон хувилбарын мутацийн халдвар нэмэгдэж байгааг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс анхааруулж буй. Шинжилгээгээр илрэх эерэг тохиолдлын хувь 14.5 болж, өмнөх долоо хоногоос өссөн. ХӨСҮТ-өөс хийсэн сорьцын судалгаагаар долдугаар сарын сорьцод омикроны BA.5 хувилбарын дөрвөн дэд хэв шинж 70 хувьтай давамгайлж байна. Энэ хувилбарын нууц үе нь 2.4 хоног. Иргэдийн давтан өвдөж байгаа хугацаа нь 6.6 сар байна. Нийгмийн харилцаанд идэвхтэй оролцдог 18-39 насны бүлгийнхэн халдварт өртөх эрсдэл 1.3 дахин өндөр байна.
Улсын хэмжээнд 1906 хүн хэвтэн эмчлүүлж байна. Иргэд нэмэлт тундаа хамрагдаж, хүүхдээ вакцинд хамруулах боломжтой гэдгийг яамнаас зөвлөж буй. Сүүлийн 24 цагт 291 тохиолдол батлагдсан байна.
Нийт батлагдсан тохиолдлын 190 нь нийслэлд бүртгэгджээ. Харин Архангай аймагт долоо, Баян-Өлгийд нэг, Дархан-Уулд зургаа, Дорноговьд 34, Орхонд хоёр, Өмнөговьд 37, Сүхбаатарт нэг, Төв аймагт ес, Ховдод гурав, Увс аймагт нэг тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.
Холбоотой мэдээ