Энэтхэг Номхон далайн бүс нутагт Хятадын цэргийн үйл ажиллагаа нэмэгдэж буй энэ цаг үетэй зэрэгцэн АНУ, Индонези, Австралийн хамтарсан цэргийн сургуулилалт өчигдөр /2022.08.12/ эхэллээ. Энэ нь Суматра арал дээр жил бүр тогтмол болдог сургуулилалт. Нийт 5000 гаруй албан хаагч оролцож буй эл сургуулилалт нь 2009 оноос хойших хамгийн томоохон хэмжээний сургуулилалт юм.
Энхүү өргөтгөсөн сургуулилалтыг Хятад улс аюул заналхийлэл гэж үзэж байна.
Тодруулбал, Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр АНУ-ыг “Хятадын өсөн нэмэгдэж буй цэргийн болон дипломат нөлөөг хязгаарлах зорилгоор Энэтхэг Номхон далайн бүс нутагт НАТО-той төстэй эвсэл байгуулж байна” гэж бичжээ.
Тэгвэл АНУ-ын Энэтхэг Номхон далайн цэргийн командлагч Жон Аквилино бас энэ талаар байр сууриа илэрхийлэв. “Хятад улс Өмнөд Хятадын тэнгисийг бараг бүхэлд нь эзэмшиж, Тайванийг заналхийлсэн сургуулилалт хийж буй. Энэ цаг үед АНУ-ын хамтарсан сургуулилалтад хамрагдсан 14 улс харилцаагаа улам бэхжүүлж буйгаа харуулж байна” гэж тэр хэллээ. Сургуулилалтад Их Британи, Канад, Франц, Энэтхэг, Малайз, Өмнөд Солонгос, Шинэ Зеланд, Папуа шинэ Гвиней, Зүүн Тимор гэсэн улсууд ажиглагчдаа илгээжээ.
Индонези, Хятад хоёр ерөнхийдөө эерэг харилцаатай байдаг ч Өмнөд Хятадын тэнгис дэх сургуулилалтад санаа зовж буйгаа Жакартагаас илэрхийлсэн.
Тус улс нь Хятадыг эдийн засгийн онцгой бүсэд халдаж байна гэж үзсэн. Тэд АНУ-тай хийж буй энэ удаагийн сургуулилалтыг Натуна арлуудыг хамгаалах арга хэмжээ гэж үзэж буй.
Эх сурвалж: MSN
Холбоотой мэдээ