Хилийн чанадад суралцдаг залуус туршлагаа хуваалцаж байна

Хуучирсан мэдээ: 2022.08.12-нд нийтлэгдсэн

Хилийн чанадад суралцдаг залуус туршлагаа хуваалцаж байна

Хилийн чанадад суралцдаг залуус туршлагаа хуваалцаж байна

Олон улсын залуучуудын өдрийг тохиолдуулан Хилийн чанад дахь оюутан залуучуудын холбооноос анх удаа боловсролын өдөрлөгийг өнөөдөр /2022.08.12/ зохион байгуулж байна. Энэхүү өдөрлөгөөр гадаадын их дээд сургуульд суралцах хүсэлтэй залууст тухайн оронд суралцаж буй оюутнуудын төлөөлөл өөрсдийн туршлагыг хуваалцаж байгаа юм. Тус өдөрлөгт Турк, Украин, Хятад, Япон, Америк, Солонгос, Орос, Тайван зэрэг орнуудад суралцдаг оюутнууд хүрэлцэн ирсэн байна. Өдөрлөгт оюутан залуус хүрэлцэн ирж сонирхсон улсынхаа их дээд сургуулийн талаар хүссэн мэдээллийг авч байсан юм. Тэгвэл өөрсдийн туршлагаа хуваалцах гэж ирсэн оюутнуудын гадаадад сурч байсан сэтгэгдлийг хүргэж байна.

-О.Е.Кутофины нэрэмжит Москвагийн хуулийн их сургуулийн нэгдүгээр курсийн оюутан А.Хэрлэнтуул: 

-Хөл хорио тавигдаж, бүгд маскаа авч хэвийн амьдралдаа шилжсэний дараа ОХУ-д очсон. Тиймээс цар тахлын үеийн хүндрэлийг азаар мэдрээгүй. Эхний хэдэн сар хүмүүстэй ойлголцоход хүндрэлтэй байсан. Мөн шинэ орчинд дасна гэдэг амаргүй даваа. Гэхдээ хэсэг хугацааны дараа аяндаа хүн байгаа газраа дасаад эхэлдэг болохоор энэ асуудал түр зуурынх байсан. Хэцүү зүйл байсан ч шинэ соёл, шинэ хүмүүс, хичээл гээд бүгд их сонирхолтой байсан учраас гадаадад сурах сайхан байсан. Бусад орны соёл, сэтгэхүйтэй танилцаж, шинээр суралцаж сэтгэхүйн цар хүрээгээ тэлж чадсан. Тухайн улсдаа байгаа шинэ зүйлсийг өөрийнхөө улсдаа ингэж оруулж ирвэл болох юм байна гэсэн бодол маш их төрдөг. ОХУ-д сурах сонирхолтой залууст маш их боломж бий. Энэ жилийн хувьд 600 оюутанд ОХУ-д суралцах тэтгэлэг олгоно. Хичээвэл хэн бүхэнд боломж байгаа гэдгийг хэлмээр байна.

-"Feng Chia University Taiwan" их сургуулийн гуравдугаар курсийн оюутан Б.Индира:

-Анх цар тахлын үед Тайваньд байсан. Гэхдээ тухайн үед Тайваньд Covid-19-ийн халдвар эрчимтэй тархаж эхлээгүй маш тайван байсан. Харин Тайваньд халдварын тохиолдол нэмэгдэх үед Монгол Улсдаа ирчихсэн байсан. Тийм учраас тэнд байхдаа цар тахлын үеийн хүнд хэцүү байдлыг хараахан мэдрээгүй. Харин гадаадад ганцаараа суралцахаар явна гэдэг хүн бүрийн хувьд том айдас байдаг. Гэхдээ Тайванийн хувьд харьцангуй тайван учраас хэцүү зүйл тийм ч их тулгараагүй. Харин эрс тэс уур амьсгалд дасан зохицох нь хамгийн чухал. Тайваньд суралцахыг хүсэж байгаа залуустаа хандаж хэлэхэд хамгийн гол нь өөртөө итгэх хэрэгтэй. Тэгж чадвал маш олон боломж нээлттэй байдаг шүү.

Д.Намуунцэцэг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж