Тойм: Монголд валют орж ирэх урсгалгүй болж, доллар ховордов

Хуучирсан мэдээ: 2022.08.13-нд нийтлэгдсэн

Тойм: Монголд валют орж ирэх урсгалгүй болж, доллар ховордов

Ньюс агентлаг энэ долоо хоногийн онцлох сурвалжлагуудаа тоймлон хүргэж байна.


ХОРООЛЛЫН 61 ДҮГЭЭР БАЙР НУРАХ АЮУЛГҮЙ ГЭВ

Олон нийтийн сүлжээнд 3, 4 дүгээр хорооллын 61 дүгээр байрны арын хэсгийн зураг тавигдсан. Энэ зурагт байрны ард байрлах гражийн хажуугийн өгсүүр замыг нурааж, барилгын суурь арматурын төмөр ил гарсан байдалтай байв. Үүнийг харсан иргэд “Байр нурлаа”, “Байшинд ганхалт үүслээ”, “Газар хөдлөлт болвол яах вэ” гэх зэрэг сэтгэгдэл бичсэн байлаа. Үүнтэй холбогдуулан тус барилга дээр очиж, газар дээрээс нь нөхцөл байдлыг сурвалжлав.

3,4 дүгээр хорооллын 47 дугаар сургуулийн хажууд байрлах 61 дүгээр байранд очиход засвар хийж буй хэсэгт хашаа татаж, барилгын ажилчид ажлаа хийж байв. Тэд урт гражны нэг буланг экскаватороор нурааж, хог үлдэгдлийг нь ачааны машинд ачиж байхтай таарав. Байрны оршин суугчид, тэр хавийн иргэд ч хашааны машин орж, гарах үүднээс өрнөж буй үйл явдлыг сонирхон харж, ярилцан зогсоно.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДҮҮДИЙГ ХАРЬЯАЛЛЫН ДАГУУ ЦАХИМААР БҮРТГЭНЭ

Жил бүрийн наймдугаар сард ерөнхий боловсролын сургуульд болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагад хүүхдээ элсүүлэх эцэг эхчүүдэд харьяалал гэх асуудал гарч ирдэг. Өнгөрсөн жилүүдэд нэг хүүхэд нь сурдаг, эсвэл түр оршин суудаг бол тухайн хаяг дээр бүртгэлийг гар аргаар шивж оруулах боломжтой байсан. Харин энэ жилээс боловсролын байгууллагын тэгш хүртээмжийг хангах зорилгоор зөвхөн харьяаллын дагуу хүүхдүүдийг бүртгэх шийдвэр гарчээ.

Ингэснээр наймдугаар сарын 10-нд эхлэх цэцэрлэгийн бүртгэл E-mongolia цахим хуудсаар явагдах бөгөөд гэрийн бүртгэлийн хаягаар хүүхдийг цэцэрлэгт хуваарилах юм.

Хэрэв эцэг, эх болон хүүхэд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд оршин суух бүртгэлтэй ч Сүхбаатар дүүргийн наймдугаар хороонд амьдардаг бол одоо байгаа хаягаар бүртгэл хийгдэхгүй гэсэн үг. Учир нь цахим систем зөвхөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллийн санд байгаа хаягаар хийгдэх аж. Энэ нь нэг талаар өрөөсгөл болохыг эцэг, эхчүүд цахим хуудастаа илэрхийлж, Нийслэлийн боловсролын газарт ч гомдол, саналаа хэлж эхэлжээ. Гэвч бүртгэлтэй холбоотой шийдвэрийг өөрчлөх талаар одоогоор ямар нэгэн шийдвэр гараагүй байна.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

ХҮНСНИЙ НОГООНЫ ҮНЭ БУУРСАН Ч ИРГЭДИЙН ХУДАЛДАН АВАЛТ МУУ БАЙНА

Наадмын дараа хүнсний ногооны үнэ тэнгэрт хадаж, төмс ховрын бараа болох нь холгүй болж байсан билээ.  Импортын хүнсний ногооны татварыг УИХ-аас нэмсэн нь айл өрхийн амжиргаанд дарамт болж байсан нь худлаа биш. Иргэдийн хувьд дотоодод тариалсан гэх  төмс, луувангийн үнэ 2-3 дахин нэмэгдсэнд багагүй бухимдаж байсан юм.  Харин ургац хураалтын ажил эхэлж, эрт ургацын ногоо зарагдаж эхэлснээр үнэ тогтворжжээ.

Эхлээд Баянзүрх захаар орлоо. Тус захын хүнсний ногооны лангуу үйлчлүүлэгч цөөтэй, эл хуль байв. Эсрэгээрээ И-Март худалдааны төвд харьцангуй олон хүн жимс, хүнсний ногоо худалдан авч байлаа.

Захын болон дэлгүүрийн үнэд зөрөө бага, бараг заримдаа дэлгүүрийнх нь хямдхан байдаг дээр нь урамшууллын бонус олгодог болсноос ч тэр үү иргэд ерөнхийдөө хүнсний дэлгүүрээс бараа бүтээгдэхүүнээ худалдан авахыг чухалчилдаг болжээ.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

МОНГОЛД ВАЛЮТ ОРЖ ИРЭХ УРСГАЛГҮЙ БОЛСНООР ДОЛЛАР ДАХИН ХОВОРДЖЭЭ

Арилжааны банкууд дахиад л ам.долларыг хязгаартай өгч эхэлснээр зах зээлд “ноён ногооны” эрэлт ихэсч, олдоц мууджээ. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногоос эхлэн арилжааны банкууд өдөрт 20 сая төгрөг буюу 6000 ам.доллар гаргаж байгаа аж. Эргэн сануулбал, өнгөрсөн хавар ам.долларын ханш огцом өсч байв. Тухайлбал, ОХУ-Украины дайны улмаас банкууд ам.долларт хязгаарлалт тогтоож, “Найман шарга”-ын ченжүүд ам.доллараа нөөцөлж, иргэд хадгаламжин дах мөнгөө ам.доллар болгохоор “алалцаж” байв.

Тэгвэл арилжааны банкууд ам.долларт хязгаарлалт дахин тогтоожээ. Ямар сайндаа л “Ам.доллар нь Монголд “картын бараа” болжээ хөөрхий” гэж эдийн засагч Д.Ангар шүүмжилсэн байна. Энэ он гарсаар Монгол Улс гадаад 4.3 тэрбум ам.долларын нөөцтэй байсан бол өдгөө гурван тэрбум орчим ам.доллар болтлоо буурчээ. Энгийнээр бодоход манайх шиг гаднаас ихэнх бараа бүтээгдэхүүнээ худалдаж авдаг улсад ам.долларыг дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадах гарцаагүй дүр зураг ажиглагдаж буй.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж