Циркийг "засвар" нэрээр нураах уу?

Хуучирсан мэдээ: 2022.08.12-нд нийтлэгдсэн

Циркийг "засвар" нэрээр нураах уу?

Циркийг "засвар" нэрээр нураах уу?

Олны хэл амны бай болсон улсын циркийн барилгын засварын ажил эхэлсэн тухай хэвлэл хариуцсан мэргэжилтэн нь хэлэв. Харин олон нийтийн сүлжээнд цацагдсан зураг нь бэлтгэлийн заалыг өндөр болгохоор буулгаж буй хэсэг гэдгийг ажилчид нь тайлбарласан юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сард циркчдийн чуулганы үеэр “Аса” циркийн төлөөлөл ирэх есдүгээр сард циркчдийн бэлтгэл, сургуулилалт хийх боломжийг бүрдүүлнэ гэж хэлсэн талаар уран бүтээлчид ярьсан удаатай. Гэвч есдүгээр сар болоход 20 хүрэхгүй хоног үлджээ.

Улсын циркийн барилгын төлөө дугарах хүн ч цөөрчээ. "Даймонд цирк"-ийн үүсгэн байгуулагч, циркийн жүжигчин Н.Дашдэндэв “Монголын циркчид нэгдэж, циркчдийн хоёрдугаар чуулганыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 22-нд зохион байгуулсан. Уг чуулганаар "Аса" циркийнхэн хэсэг бүлэг хүмүүсийн тархийг нь угаасан. Циркийн тухай ярьдаг хүмүүст шинээр циркийн сургууль барьж өгнө гэж амыг нь таглаж, залуу үеийнхэн хохирч үлдсэн. Засвар хийх нэрээр түүхэн барилгыг нурааж байна. Одоо засвар хийсний дараа юу болохыг нь харах л үлдлээ" хэмээн байр сууриа илэрхийлэв.

Монгол Улсын консерваторийн Циркийн тэнхимийн багш, найруулагч Ю.Гэрэлбаатарын хувьд циркийн уран бүтээлчдийг төлөөлөн эсэргүүцлээ илэрхийлж байсан хүний нэг. Тэрбээр сүүлд news,mn сайтад ярилцлага өгөхдөө “Циркийн уран бүтээлчид хамтран чуулганаа зохион байгуулж, асуудлаа ярилцаж хэлэлцсэн. Циркчдэд тулгамдаж буй асуудал олон бий. Тэр бүхнийг шийдэхийн тулд 22 мэргэжлийн холбоо нэгдсэн юм. Чуулганы үеэр уран бүтээлчдийн хооронд санал зөрөлдөх асуудал байсан. Бид одоо Үндэсний "АСА" циркийг буцааж авах талаар ярихгүй ээ. Одоо нэгэнт ийм шийдвэр гарч, олон жил хэрэлдэж ханалаа. Харин одоо яаж хамтарч ажиллах вэ гэдгээ ярилцъя.

"Аса" циркээс хуучин байсан орон зайг нь томруулж, орчныг нь сайжруулахаа хэлж буй. Бид хийж байгаа ажлыг нь үгүйсгэж чадахгүй шүү дээ. Цаашдаа хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Дэлхийн улс орнууд хотынхоо нэрээр нэрлэсэн цирктэй байдаг шүү дээ. Жишээлбэл, Москвагийн цирк гэх мэт. Үүнтэй адил Хотын дарга Д.Сумъяабазарын санаачлагаар Улаанбаатар хот өөрийн гэсэн цирктэй болох гэж байна. Нийслэл хот гэхэд нийт 1.4 сая хүн амтай болж өргөжин тэлсэн. Тийм учраас хотын дүүрэг болгонд цирктэй байх боломж бий. Заавал улсдаа ганцхан цирктэй байх албагүй шүү дээ” гэдгийг хэлж байв.

Энэ үгнээс нь харахад циркийн төлөө дугарч байсан уран бүтээлчдэд Хотын дарга Д.Сумъяабазар Улаанбаатар хотын шинэ циркийг байгуулж өгнө гэж амласан нь тодорхой байна.

Чуулганаар Монголын мэргэжлийн циркчдийн холбооны тэргүүн Т.Будыг тэргүүнээрээ сонгосон байдаг. Тэрбээр өмнө нь /2022.04.20/ ярихдаа “Бид циркийн урлагийг хөгжүүлэхийн тулд хамтран үйл ажиллагаа явуулна. Үүнийг ч циркийн урлагийнхан дэмжиж байна. Монголын циркчдийн хоёрдугаар чуулган бол эрх ашгийн төлөө биш юм. Нийт циркчдийн болон нийт ард түмний эрх ашгийг хамааруулах холбоо болох зорилготой. Чуулга уулзалтыг Монголын мэргэжлийн циркчдийн холбоо, Монголын циркчдийн холбоо, Монгол Улсын консерватурын бүжиг, циркийн мэргэжлийн сургууль, Монголын ахмад зүтгэлтнүүдийн хороо, Монгол циркийн хөгжлийн төв, Шинэ цирк төв зэрэг 30 гаруй байгууллага хамтран зохион байгуулна. Мөн “Аса” цирк чуулганд оролцож, циркийн асуудлаар тайлангаа тавина. Бидний ерөнхий байр суурь бол эв нэгдэл юм” гэж онцолж байв.

Улсын цирк 2008 онд хувийн өмчид шилжсэн. Менежментийн гэрээг үндэслэн Худалдах, худалдан авах гэрээ хийснээр “Аса” групп энэ барилгыг эзэмшин, Монголын үндэсний циркийг байгуулсан. Циркийн уран бүтээлчид Монголдоо цор ганц, олон улсын стандартад нийцсэн барилгадаа бэлтгэл, сургуулилалт хийхийн тулд улсаас сард 15 сая төгрөг төлж, "Аса" циркийг түрээсэлдэг байсан. Харамсалтай нь, улсын цирк 2020 оны наймдугаар сараас бүрэн хэмжээний засварт орж, өнөөдрийг хүртэл ажиллахгүй хэвээр байгаа юм.

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ТэнэглэлТэнэглэл
9
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж