ОУ-ын математикийн олимпиадаас медаль хүртсэн сурагчдад тэтгэлэг гардууллаа

Хуучирсан мэдээ: 2022.08.12-нд нийтлэгдсэн

ОУ-ын математикийн олимпиадаас медаль хүртсэн сурагчдад тэтгэлэг гардууллаа

ОУ-ын математикийн олимпиадаас медаль хүртсэн сурагчдад тэтгэлэг гардууллаа

ММОХ-ноос Олон улсын математикийн олимпиадаас медаль хүртсэн сурагчдаа хүлээн авч уулзлаа. Норвеги улсын Осло хотноо болсон энэхүү олимпиадад Монгол Улсын баг хоёр мөнгө, гурван хүрэл медаль, нэг шагналт байрын хүртэж өндөр амжилт гаргасан билээ.

Олон улсын олимпиадаас мөнгөн медаль хүртсэн сурагч Ш.Билгүүдэй, Б.Билэгдэмбэрэл, хүрэл медальт Ц.Сайханбилэг, Б.Мөнхцэлмэг, Д.Энэрэлт, шагналт байр эзэлсэн Г.Далайцэрэн нарт өчигдөр /2022.08.11/ Монполимет Групп болон түүний дэргэдэх “Мөнх тогтвортой хөгжил” сангийн зүгээс сургалтын тэтгэлэг гардууллаа.

Энэ үеэр ММОХ-ны ерөнхийлөгч, Монполимет Группийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан “Математик бол бүх шинжлэх ухааны хаан гэдэг. Ер нь манай улсад энэ шинжлэх ухааныг, математик сонирхож байгаа хүүхэд, залуусыг дэмжих, хүүхдүүдийг математикт дуртай болгоход анхаарах, хөгжүүлэх цаг үед ирчхээд байна. Өнгөрсөн жилээс хойш би ММОХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж эхэлсэн. Математикийн боловсролыг хөгжүүлэх, ач холбогдлыг хүүхэд, залууст таниулах, мэдүүлэх, гоц авьяастай хүүхдүүдээ илрүүлэх, тэднийг дэмжих зорилго тавиад ажиллаж байна. Энэ жил оролцсон 6 сурагч бүгд өндөр оноо авч, багийн онооны амжилтаа ахиулан Монгол Улсынхаа нэрийг гаргалаа. Манай хорооны үе үеийн удирдлагууд, гавьяат багш нар, доктор, профессорууд болон математикийг ойлгож дэмждэг хувийн компаниудын дэмжлэг оролцоотойгоор бид олон улсын тавцанд чамлахааргүй амжилт гаргаж байна.

Монполимет Групп үүсэн байгуулагдсан ойн үйл ажиллагааны хүрээнд Мөнх тогтвортой хөгжил сангаас хүүхэд залууст урам зориг, дэмжлэг өгөх үүднээс 30 хүүхдэд тэтгэлэг олгоно гэсэн зорилготой байгаа. Үүнийхээ хүрээнд олон улсын математикийн олимпиадад амжилттай оролцсон 6 сурагчдаа сургалтын төлбөрийн тэтгэлэг гардууллаа. Үндэсний бусад компаниудаа оюуны хөгжлийг мэдэрч, математикч хүүхэд, залуусаа дэмжихийг уриалж байна. Сурагчдадаа баяр хүргэж, амжилтаа ахиулахыг хүсье” гэж хэллээ.

Мөн ММОХ-ны гүйцэтгэх захирал Б.Батбаясгалан “Бид 2021-2022 оны хичээлийн жилийнхээ ажлыг дүгнээд, өнөөдөр манай ерөнхийлөгч Н.Мөнхнасан олон улсын олимпиадад оролцсон багш сурагчдыг хүлээн авч уулзаж, тэтгэлэг гардууллаа. Энэ уулзалт бол манай баг, сурагчдыг хүлээн авч уулзаж баяр хүргэсэн анхны үйл ажиллагаа болж байна. Ер нь бол жил бүр олон улсын олимпиадууд явагдаж дууссаны дараа улсаас нэгдсэн байдлаар хүлээн авдаг. ММОХ-г хувийн компаниуд, бизнесийн төлөөллүүд маань дэмжиж бидэнд бүтэн жилийн үйл ажиллагаагаа төлөвлөөд бэлтгэлээ хийх боломжийг олгож байдаг. Тухайлбал, АНД компани, Космо групп, Монполимет групп, Д.Энхтүвшин захирал зэрэг биднийг байнга дэмждэг хувь хүн, компаниуд бий. Өнөөдөр Монполимет групп болон Мөнх тогтвортой хөгжил сангаас манай сурагчдад тэтгэлэг гардуулсан нь тэдэнд урам зориг нэмж, идэвхийг сэргээсэн үйл явдал боллоо” хэмээсэн юм.

Тэтгэлэг гардсан сурагчдын сэтгэгдлээс хүргэж байна.

Мөнгөн медальт сурагч Ш.Билгүүдэй: Сант сургуулийг хавар төгссөн. Мөнгөн медаль хүртсэндээ сэтгэгдэл өндөр байгаа. Учир нь зорьж байснаасаа илүү үр дүнд хүрсэн. Бид МУИС-ийн байранд очиж олимпиадын бэлтгэлээ хийдэг, багш нар нь бидэнд хичээл заасан. Ер нь бүх л зуныг бэлтгэлдээ зарцуулсан. Математик бол бүх зүйлийн суурь гэдэг шүү дээ. Тиймээс математикаар хичээллэхээр сэтгэх чадвар нэлээн сайжирдаг юм шиг санагдсан. Өнөөдөр тэтгэлэг авсандаа баяртай байна. Монполимет Групп болон тэтгэлэг өгсөн хүмүүстээ баярлалаа. Цаашдаа улам хичээнэ ээ.

Шагналт байр эзэлсэн Г.Далайцэрэн: Би Хөвсгөл аймгийн Эрдмийн далай цогцолбор сургуулийн 12 дугаар ангийг төгсөөд, МУИС-д элссэн, энэ зун. Математикаа түшиглэж ирээдүйн мэргэжлээ сонгоно. Олимпиадын бэлтгэлдээ өдөрт 5-6 цаг зарцуулдаг байсан. Математикт багаасаа сонирхолтой байгаагүй ч энэ хичээлээр гаргасан амжилтууддаа урамшаад илүү дуртай болсон.

Мөн энэ өдөр Олон улсын математикийн олимпиадын алтан медальт, MIT-ийн оюутан М.Өнөболд, О.Мишээл нарыг хүлээн авч уулзан, монгол орноороо аялах эрхийн бичгээр урамшуулав. Олон улсын математикийн олимпиадаас Монгол Улсдаа 3, 4, 5 дахь алтан медалийг авчирч тэд дэлхийн шилдэг их сургуульд сурч байгаа бөгөөд зуны амралтаа эх орондоо өнгөрүүлэхээр ирээд байгаа аж.

Тэтгэлэг гардуулах үйл ажиллагаанд Монголын математикийн олимпиадын хороо /ММОХ/-ны ерөнхийлөгч, Монполимет Группийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан, ММОХ-ны удирдах зөвлөлийн гишүүдийн төлөөлөл буюу "Анд глобал” – “ОНДО”-гийн үүсгэн байгуулагч Ч.Анар, математикийн шинжлэх ухааны доктор Ч.Алтаннар, ММОХ-ны гүйцэтгэх захирал Б.Батбаясгалан, гишүүн Г.Баярмагнай, Б.Батзориг, Ү.Отгонбаяр,  “Мөнх тогтвортой хөгжил сан”-ийн дэд тэргүүн Ч.Ариунаа болон медальт сурагчид оролцлоо.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж