БИЛГҮҮНИЙ МАНАЛ
/1938-2022/ ОН
Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн Билгүүний Манал 2022 оны наймдугаар сарын 9-ний өдөр таалал төгссөнд үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгчдэд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Б.Манал нь 1938 онд Төв аймгийн Дэлгэрхаан сумын Талын худаг хэмээх газар төрж, төрөлх нутагтаа бага, дунд сургууль, 1980-1982 онд Худалдааны техникумыг тус тус дүүргэжээ.
Тэрбээр, 1959-1962 онд ардын цэргийн алба хааж, 1962-1964 онд Дэлгэрхаан сумын Давст бригадын тоо бүртгэгч, 1962-1977 онд Дэлгэрхаан сумын орлогч дарга, 1977-1978 онд Төв аймгийн Сэргэлэн сумын орлогч дарга, 1979 оноос Дэлгэрхаан сумын Худалдаа бэлтгэлийн газрын даргын албыг тус тус хашиж байв.
Б.Манал нь 1990 онд анхны ардчилсан чөлөөт сонгуулиар Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, Монгол Улсын Үндсэн хуулийг батлалцсан төр нийгмийн зүтгэлтэн байлаа.
Түүний хөдөлмөрийг төр, засгаас өндрөөр үнэлж ойн медалиуд, Хөдөлмөрийн хүндэт медаль, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнажээ.
Талийгаачийн хөдөлмөрч, хичээнгүй, үнэнч шударга, эгэл даруу зан, төр, түмнийхээ төлөө гэсэн зүтгэл, хүнлэг энэрэнгүй дүр бидний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.
У.ХҮРЭЛСҮХ, Г.ЗАНДАНШАТАР, Л.ОЮУН-ЭРДЭНЭ,
Ж.БАТЖАРГАЛ, Ц.ТУВААН, Н.ЭНХБОЛД,
Д.МӨНХБААТАР, Ц.ЖАМБАЛСҮРЭН, Ж.ГОМБОЖАВ