Орос, Беларусийн тамирчдыг Парисын олимпод оролцуулах уу?

Хуучирсан мэдээ: 2022.08.12-нд нийтлэгдсэн

Орос, Беларусийн тамирчдыг Парисын олимпод оролцуулах уу?

Орос, Беларусийн тамирчдыг Парисын олимпод оролцуулах уу?

Владимир Путины эрин үед Орос улс 2014 оны Сочигийн өвлийн олимп, 2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг тус тус зохион байгуулж, спортод элэгтэй гэдгээ харуулж байв. Гэвч энэ нь Хятад, Катар зэрэг хүний эрхийн асуудалтай, дотоодын бужигнаантай улсуудын адил олон улсад өөрсдийгөө сайнаар харуулах, олны анхаарлыг өөр зүг рүү хандуулах бяцхан заль байлаа гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Оросууд 2008 онд Гүржийг эзлэн түрэмгийлж, асуудал үүсгэсэн ч Олон улсын олимпийн хороо/ОУОХ/ 2014 оны өвлийн олимпийг зохион байгуулах эрхийг олгож байв. Үүнээс зургаан жилийн дараа Оросууд мөн Крымийг эзлэн авч, өөртөө нэгтгэсэн хэдий ч олон улсын хөлбөмбөгийн холбоо нүд нь балай, чих нь дүлий өнгөрүүлж, 2018 оны ДАШТ-ий эрхийг өгсөн. Тэгвэл энэ удаагийн Украины асуудал дээр дэлхийн спортын холбоод, хороод зүгээр суусангүй.

БҮХНИЙ ЭХЛЭЛ

Оросууд Украин руу халдан довтолж эхэлснээс дөрөв хоногийн дараа ОУОХ-ны гүйцэтгэх зөвлөлөөс “Олон улсын спортын холбоод болон спортын арга хэмжээ зохион байгуулагчид Орос, Беларусийн тамирчид, албаны хүмүүсийг тэмцээнд урьж оролцуулахгүй байх, оролцохыг зөвшөөрөхгүй байх” гэсэн зөвлөмжийг гаргасан. Харин дээрх зөвлөмжийг дагаж чадахгүй нь Орос, Беларусийн тамирчдыг улсынхаа нэр дээрээс бус төв сахисан статустай тэмцээнд оролцуулахыг зөвшөөрнө гэжээ.

ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах дээрх зөвлөмжийг хориг арга хэмжээ биш гэдгийг онцолж, энэ бол өрсөлдөөний шударга байдал, Орос, Беларусийн тамирчдад зориулсан хамгаалалтын арга хэмжээ гэж удаа дараа тайлбарласан. Орос-Украины дайны улмаас дэлхий нийтээрээ Орос, Беларусийг буруушаах явдал ихэссэн учир болзошгүй аюулаас тэднийг хамгаалж байна гэж Бах нэмж хэлсэн юм. Мөн ингэснээр ОУОХ нь олимпийн Харти дахь улс төрийн асуудал дээр төвийг сахих амлалтаа биелүүлж байна гэж мэдэгдэв.

Хоёрдугаар сарын 25-нд ОУОХ-ноос спортын холбоодод хандан Орос болон Беларусьд зохион байгуулахаар төлөвлөж буй бүхий л спортын арга хэмжээнүүдээ өөр улс руу шилжүүлэх эсвэл цуцлахыг уриалсан.

СПОРТ ХОЛБООД ОУОХ-НЫ ЗӨВЛӨМЖИЙГ ДАГАСАН УУ?

Ихэнх спортод холбоод ОУОХ-ны зөвлөмжийг хэрэгжүүлсэн. ФИФА л гэхэд Катарт болох ДАШТ болон 2023 онд Австрали, Шинэ Зеаландад болох эмэгтэйчүүдийн ДАШТ-ээс Орос, Беларусийг хассан билээ. Харин Европын хөлбөмбөгийн холбоо дээрх хоёр улсын шигшээ багийг болон бүх клубуудыг нь Европын тэмцээнд оролцох эрхийг хасав. Оросууд дээрх шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах хүсэлт гаргасан ч Лозанна дахь Спортын арбитрын шүүх уг хүсэлтийг буцаасан юм.

Сүүлд гарсан мэдээллээр Оросын хөлбөмбөгийн холбоо Азийн хөлбөмбөгийн холбоонд элсэхээр судалж байгаа аж.

Үүнээс гадна тавдугаар сард Финландад болсон шайбтай хоккейн эрэгтэйчүүдийн ДАШТ-д, зургадугаар сард Унгарт болсон усан сэлэлтийн ДАШТ-д, саяхан АНУ-д болсон хөнгөн атлетикийн ДАШТ-д Орос, Беларусийн баг тамирчид тус тус оролцоогүй.

Мөн өнгөрөгч тавдугаар сард Оросын Санкт Петербург хотноо болох байсан УЕФА Аваргуудын лигийн финалын тоглолтыг цуцалж, Парис хот руу шилжүүлсэн.

ЯМАР СПОРТЫН ТӨРЛҮҮДЭД ОРОС, БЕЛАРУСИЙН ТАМИРЧИД ОРОЛЦОХ БОЛОМЖТОЙ ВЭ?

Олон улсын жүдо бөхийн холбоо Орос, Беларусийн тамирчдыг тэмцээнд оролцохыг зөвшөөрсөн. Ингэхдээ улсынхаа нэр дээрээс бус олон улсын жүдо бөхийн холбооны нэр дээрээс барилдуулсан. Саяхан Монгол Улсад болсон Улаанбаатарын Гранд Сламд Оросын тамирчид “IJF” гэх нэр дээрээс оролцсон. Гэвч Украин энэ шийдвэрийг эсэргүүцэж, Улаанбаатарт болсон тэмцээнийг бойкотложээ.

Унадаг дугуй, теннисний төрлүүдэд Оросын шигшээ баг оролцох боломжгүй боловч тус улсын тамирчид төвийг сахисан статустай оролцох эрх нь нээлттэй. Тухайлбал, Германы мэргэжлийн дугуйн “Бора-хансгрохе” багийн ахлагч, Оросын Александр Власов энэ жилийн “Тур де Франс” уралдаанд оролцох эрхээ авсан.

Парист өнгөрсөн тавдугаар сард болсон Францын нээлттэй тэмцээнд Оросын Дарья Кассаткина хагас шигшээд шалгарсан. Харин Уимблдонд зохион байгуулагч Их Британийн засгийн газрын шахалтаар Орос, Беларусийн тоглогчдыг хассан удаатай.

Нью-Йорк хотноо наймдугаар сарын сүүлээр болох энэ оны сүүлчийн Их дуулга АНУ-ын нээлттэй тэмцээнд хоёр орны тамирчдыг, тэр дундаа аварга ОХУ-ын Даниил Медведевийг оролцуулахаар болсон. Тэмцээний зохион байгуулагчдын зүгээс "Засгийн газрынхаа үйл ажиллагаа, шийдвэрийн төлөө хувь тамирчид хариуцлага хүлээх ёсгүй” гэсэн байр суурийг илэрхийлэв.

“Формула 1”-ийн тухайд Орос, Беларусийн тамирчид төвийг сахисан статустай уралдах боломжтой байсан ч Оросын цор ганц уралдаанчин болох Никита Мазепинтай баг нь гэрээгээ цуцалсан. Учир нь түүний аав олигарх, бизнесмен Дмитрий Мазепин нь Путины ойрын хүн юм.

ЭНЭ ХОРИГ ХЭР УДААН ҮРГЭЛЖЛЭХ ВЭ?

Спорт холбоод Орос-Украины дайн хэр удаан үргэлжлэхээс энэ бүхэн шалтгаална гэж харж байна. Хориг 2023 оныг дуустал үргэлжлэх байх гэж таамаглаж буй. ОУОХ-ны гишүүн британи эрхэм Сэр Крейг Ридигийн үзэж буйгаар Парист болох 2024 оны зуны олимпод Орос, Беларусийн тамирчид оролцох магадлал тун бага байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж