Органик гэсэн шошгыг хуурамчаар хэрэглэвэл өндөр торгуультай

Хуучирсан мэдээ: 2022.08.12-нд нийтлэгдсэн

Органик гэсэн шошгыг хуурамчаар хэрэглэвэл өндөр торгуультай

Органик гэсэн шошгыг хуурамчаар хэрэглэвэл өндөр торгуультай

Өнөө цагт хүмүүс эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэх болсон. Үүний тулд химийн элемент агуулаагүй, генийн өөрчлөлтгүй буюу органик бүтээгдэхүүн сонгож өдөр тутамдаа хэрэглэхийг эрмэлздэг болжээ. Тэгвэл органик гэсэн бичигтэй олон бүтээгдэхүүн дундаас аль нь үнэхээр органик вэ гэдгийг бид ялгаж мэдэхгүй төөрөлддөг. Иймд Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ахлах шинжээч Д.Тунгалагаас органик хүнсний бүтээгдэхүүний талаарх зарим зүйлийг тодрууллаа.


Дэлгүүрийн лангуун дээр органик гэсэн бичигтэй олон бүтээгдэхүүн байдаг. Энэ бүгд органик байж чаддаг уу? Эдгээрт хэрхэн яаж хяналт тавьдаг вэ?

-Органик бүтээгдэхүүн нь зөвхөн баталгаажуулалтын байгууллагын аудитаар баталгаажсан бүтээгдэхүүн байх ёстой. Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас бүртгэлийн дугаар олгодог. Бүртгэлийн дугаар олгосон хүнсний бүтээгдэхүүнийг "organic.gov.mn" гэсэн цахим хуудсанд бүртгэдэг. Энд бүртгэгдсэн бүтээгдэхүүнүүд монгол органик хүнс гэсэн тэмдгийг авсны дараа зах зээл дээр гардаг. Тэмдэггүй бүтээгдэхүүн гарах боломжгүй. Хэрэв хуурамч хаяг шошготой бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлсэн тохиолдолд Монгол Улсын Үндсэн хууль, Зөрчлийн тухай хууль, Органик хүнсний тухай хуулийг зөрчсөн болно. Хэрэглэгчдийн эрх ашгийг зөрчдөг учраас энэ төрлийн хэрэгт өндөр торгууль ноогдуулдаг.

Органик хүнсний тухай хуульд органик, байгалийн гаралтай, цэвэр байгалийн гаралтай гэсэн үгнүүдийг хэрэглэсэн тохиолдолд заавал органик хүнсний тухай хуулийг дагаж мөрдөнө гэсэн заалттай байдаг. Өөрөөр хэлбэл кирилл эсвэл латинаар аливаа бүтээгдэхүүнд органик гэсэн үгийг хэрэглэсэн л бол заавал хуулийн шаардлагыг дагаж мөрдөх зайлшгүй шаардлагатай.

Хуурамч хаяг шошго хэрэглэсэн тохиолдолд ямар байгууллага илрүүлж арга хэмжээ авдаг вэ?

-Органик бүтээгдэхүүний тухай хуулийг дагаж мөрдөөгүй тохиолдолд зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авдаг. Энэхүү арга хэмжээг авах эрх үүрэг нь мэргэжлийн хяналтын байгууллагад байдаг. Мэргэжлийн хяналтын байгууллага зах зээл дээр байгаа бэлэн бүтээгдэхүүнүүдэд эрсдэлийн үнэлгээ хийгээд, шаардлага хангаагүй, хэрэглэгчдийн эрх ашгийг зөрчсөн бүтээгдэхүүн гаргасан үйлдвэрлэгчдэд хариуцлага тооцдог эрх нь байгаа.

Жинхэнэ органик бүтээгдэхүүн мөн гэдгийг хэрхэн ялгах вэ?

Жинхэнэ баталгаажсан органик хүнсний бүтээгдэхүүнүүд нь нэгдүгээрт өөрийн гэсэн бүртгэлийн дугаартай байна. Хоёрдугаарт QR кодтой байдаг. Гуравдугаарт оюуны өмчийн таних тэмдгүүдтэй байна. Иргэд органик бүтээгдэхүүн худалдаж авахдаа юун түрүүнд тэмдгийг нь харах хэрэгтэй. Хэрэв орц бүрдүүлэгч нь 100 хувь органик бол ногоон дэвсгэр дээр “100 хувь органик Монгол хүнс” эсвэл “Баталгаажсан 100 хувь органик Монгол хүнс” гэсэн тэмдэглэгээ байна. Орц бүрдүүлэгч нь 90-99 хувь органик бол “Органик Монгол хүнс” эсвэл “Баталгаажсан органик Монгол хүнс” гэсэн бичигтэй тэмдэглэгээ байдаг. Харин “Органик Монгол хүнс”-ээр баталгаажуулах эхний шатны шаардлага хангасан бол “Шилжилтийн үеийн органик Монгол хүнс” гэсэн бичигтэй шар өнгийн тэмдэглэгээтэй байна. Эдгээрийг хөндлөнгийн баталгаажуулалтын байгууллага болон хамтын баталгаажуулалтын байгууллагаас баталгаажуулж  тэмдэглэгээ  олгодог.

Хамтын баталгаажуулалтын байгууллага болон хөндлөнгийн баталгаажуулалтын байгууллага хоорондоо ямар ялгаатай вэ?

-Органик бүтээгдэхүүнд хоёр төрлийн баталгаажуулалт байдаг. Хамтын баталгаажуулалт гэдэг нь иргэд, үйлдвэрлэгч, хэрэглэгч, тал талын оролцоог хангасан хэсэг хүн нийлээд хамтын баталгаажуулалтын байгууллага байгуулсныг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам зөвшөөрвөл тухайн бүтээгдэхүүн дотоодын зах зээлд органик гэдгээ нотолж байгаа юм. Харин хөндлөнгийн баталгаажуулалтын байгууллагаар баталгаажуулах нь  экспортод чиглэсэн үйлдвэрүүдэд хамаардаг. Үүнд ихэвчлэн томоохон аж ахуйн нэгжүүд хөндлөнгийн баталгаажуулалтын байгууллагыг сонгон хийлгэдэг.

Импортоор орж ирдэг органик бүтээгдэхүүнүүдэд ямар шаардлага тавьдаг вэ?

Гаднаас орж ирж байгаа бүтээгдэхүүнүүд тухайн орныхоо органик хүнсэнд олгодог итгэмжлэгдсэн кодтой байдаг. Тэрхүү код, бүртгэлийн дугаарыг нь Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны цахим хуудсанд бүртгэдэг. Үүний дараагаар тухайн бүтээгдэхүүнд дугаар олгож зах зээл дээр нийлүүлэгдэх эрх нь нээгдэнэ.

Д.Намуунцэцэг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж