Швейцарийн Альпийн нуруунд мөсөн голууд хайлснаар цас, мөсөн дор хөлдсөн байсан зарим зүйл ил гарч эхэллээ. Тухайлбал, 1968 онд осолдсон онгоцны сэг, хоёр хүний цогцос сүүлийн үед олджээ.
Тодруулбал, Францын уулчид наймдугаар сарын 3-нд Чесжен мөсөн голоос араг ясны үлдэгдэл олсон. Тэр хүнийг 1970, 80-аад оны үед нас барсан гэж тодорхойлжээ. Мөн долдугаар сарын сүүлээр Стокжи мөсөн голоос өөр нэг цогцос олсон. Шарилын үлдэгдэл бага зэрэг гэмтэж, муммижсан байсан бөгөөд өмссөн хувцас нь 1980-аад оны загвартай байжээ. Цагдаа нар цогцсуудыг хэн болохыг тогтоохоор ажиллаж буй аж.
Харин сүйрсэн онгоцны сэгийг наймдугаар сарын 4-нд Алецч мөсөн голоос олсон байна. Мөрдөн байцаалтын явцад 1968 оны зургадугаар сарын 30-нд мөсөн гол дээр сүйрсэн “Piper Cherokee” онгоц болохыг тогтоожээ. Тухайн үед онгоцны сэгийг гаргаж авах техникийн боломж хязгаарлагдмал байсныг албаны хүмүүс хэлэв.
Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалж мөсөн голууд гэссээр байна. Хайлсан мөсөн голоос олдвор олдсон тохиолдол цөөнгүй бий. Тухайлбал, Аляскийн ууланд 1952 онд онгоцны ослоор амиа алдсан 52 цэргийн алба хаагчийн шарилыг сүүлийн 10 жилийн хугацаанд гаргаж авчээ.
“Сүүлийн үед баруун Монгол болон Норвеги дахь мөсөн голууд хайлж, эртний багаж хэрэгсэл, олс, жад, сум зэрэг олдвор илэрсэн” гэж Колорадогийн Боулдерын их сургуулийн археологич Уильям Тейлор хэллээ.
Эх сурвалж: BUSINESS INSIDER
Холбоотой мэдээ