Холбооны мөрдөх товчоо яагаад Трампийн гэрт нэгжлэг хийх болов?

Хуучирсан мэдээ: 2022.08.12-нд нийтлэгдсэн

Холбооны мөрдөх товчоо яагаад Трампийн гэрт нэгжлэг хийх болов?

Холбооны мөрдөх товчоо яагаад Трампийн гэрт нэгжлэг хийх болов?

АНУ дахь Үндэсний архив, албан хэрэг хөтлөлтийн газар энэ оны эхээр ерөнхийлөгч асан Дональд Трампийг шалгах болсон. Тодруулбал, Трампийг Цагаан ордноос бичиг баримт авч явсан хэргээр шалгалт явуулж буйгаа мэдэгдэв. Энэ хүрээнд Дональд Трампийн Флорида дахь эдлэнд хийсэн нэгжлэг дэлхий дахины анхаарлыг татлаа. Трамп энэ үйл явдлыг "Манай үндэстний хувьд харанхуй цаг үе" гэж тодорхойлсон. Трампийн гэрт нэгжлэг хийх болсон тухай Цагаан ордон огт мэдээгүй гэдгийг Холбооны мөрдөх товчоо мэдэгджээ. 

Трампийг гурван хэргийн гол эзэн байж болзошгүй гэж Холбооны мөрдөх товчоо үзэж байна. Эдгээр нь, Атланта хотод 2020 оны сонгуулийн үеэр луйвар хийхээр хуйвалдаан зохиосон, Нью-Йорк дахь үл хөдлөх хөрөнгийн компанийнхаа санхүүгийн асуудлыг нуусан, АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын сонгон шалгаруулалтын үед Капитолд бослого гаргасан гэсэн хэргүүд юм. 

ХОЛБООНЫ МӨРДӨХ ТОВЧОО ФЛОРИДА ДАХЬ ЭДЛЭНГЭЭС ЮУ ХАЙСАН БЭ?

Дональд Трампийн ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн оны нэгдүгээр сард дууссан. Үүний  дараа Трамп Цагаан ордноос Флорида мужийн Мар-а-Лаго дахь эдлэн рүүгээ 15 хайрцаг авч явсныг албаныхан илрүүлжээ. Мөрдөн байцаалтын ажиллагааг АНУ-ын төрийн болон түүхэн баримт бичгүүдийг хадгалах үүрэгтэй бие даасан байгууллага болох Үндэсний архив, албан хэрэг хөтлөлтийн газар эхлүүлсэн аж. Тэд Трампаас  хайрцгуудыг буцааж өгөхийг шаарджээ. Тус 15 хайрцагт засгийн газрын баримт бичгүүд, тэр дундаа Үндэсний аюулгүй байдлын нууцад хамаарах мэдээлэл гэж онцгойлон тэмдэглэгдсэн баримтууд, бэлэг, захидал, дурсгалын зүйлс байсныг илрүүлсэн байна. Трампийн үйлдлийг Үндэсний архив, албан хэрэг хөтлөлтийн газар баримт бичигтэй зөвшөөрөлгүй харьцсан явдал гэж үзэн, АНУ-ын Хууль зүйн яамд хэргийг шилжүүлсэн байна.

Хайрцагт байгаа зарим баримт бичиг нь Ерөнхийлөгчийн албан тушаалын тухай хуулийн заалтад хамаардаг аж. Ерөнхийлөгчийн баримт бичгүүд нь тухайн үеийн ерөнхийлөгчийн өмч биш бөгөөд 12 жилийн дараа албан тушаалаа хүлээлгэж өгөхдөө Үндэсний архив, албан хэрэг хөтлөлтийн газарт хүлээлгэн өгөх ёстой гэж хуульд заасан байдаг.

Трамп ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байх хугацаандаа засгийн газрын бичиг баримттай зүй зохистой харьцах тухай хууль тогтоомжийг зөрчиж, ул мөрөө  баллаж байсан нь тогтоогдвол шударга ёсыг тогтооход саад учруулсан хэрэгт буруутгагдаж болзошгүй юм. Тангарагтны шүүхийн мөрдөн байцаалтын ажиллагаа дөрөвдүгээр сард  эхэлсэн бөгөөд Хууль зүйн яам хэд хэдэн хүсэлт гаргасан. Тухайлбал, Трампийн засгийн газрын үед ажиллаж байсан янз бүрийн хүмүүстэй ярилцлага хийх зэрэг хүсэлт үүнд багтжээ.

Хэрэг улам даамжрах төлөвтэй байгаа ба  Даваа гаригт болсон нэгжлэгийн талаар Холбооны мөрдөх товчоо ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна. Хууль сахиулагчид яг ямар баримт бичиг хайж байсан нь тодорхойгүй байгаа ч прокурорын хэрэгт тус болох нэмэлт нотлох баримт байсан байх магадлалтай аж. Холбооны мөрдөх товчоо болон архивын газар Трамп ба түүний туслахуудыг санаатайгаар хууль зөрчсөн гэдгийг нотлохыг оролдож байна.

ТРАМП ЯМАР ХАРИУЛТ ӨГСӨН БЭ?

Ерөнхийлөгч асан тэрбээр цахим сүлжээнд нийтэлсэн урт мэдэгдэлдээ түүний гэрийг Холбооны мөрдөх товчооны том бүлэглэл бүслэн, дайрч, эзэлсэн гэж мэдэгджээ. Тухайн үед Трамп эдлэндээ байгаагүй ч түүний хүү Эрик Трамп гэртээ байсан. Эрик Трамп "Fox News"- т өгсөн ярилцлагадаа, "Цагаан ордноос хайрцагтай бичиг баримттай холбоотой нэгжлэг хийх тушаал өгсөн бөгөөд аав нь энэ асуудлаар архивын газартай хамтран ажиллаж байсан" гэж мэдэгджээ.  Трамп өөрөө мөн холбогдох төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж ирсэн гэж мэдэгдэв.

Трамп эрэн хайх ажиллагааг онцын шаардлагагүй, зүй зохисгүй, прокурорын ёс бус үйлдэл гэж тодорхойлсон. Мөн шударга ёсны тогтолцоогоор зэвсэглэсэн радикал Ардчилсан намынхны халдлага гэжээ. Тус намынхан Трампийг 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхийг үнэхээр хүсэхгүй байгаа гэж тэр тайлбарлав.

Трамп өөрийн хэргийг улс төрийн өрсөлдөгч Хиллари Клинтонтой харьцуулжээ. Хиллари Клинтоныг Конгрессд дуудагдсаныхаа дараа 33 мянган цахим шуудангаа устгаж, нуусан гэх яриа байдаг. "Надтай хариуцлага тооцох юу ч болоогүй. Харин ч Хиллари Клинтон Цагаан ордноос эртний тавилга болон бусад эд зүйлийг авч явсан" гэж буруутгасан юм. Клинтоны хувийн цахим шуудан руу нууц мэдээлэл ирсэн болох нь 2016 онд тогтоогдож, холбооны мөрдөн байцаалтын ажиллагаа эхэлж байв.  Үр дүнд нь Клинтон болон түүний туслахуудын буруу болж мөрдлөг дууссан байдаг.

УРАГДСАН БИЧИГ БАРИМТ ЦАГААН ОРДНЫ НОЙЛЫГ БӨГЛӨСӨН

Трамп ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлынхаа үеэр болон албан тушаал хашиж байх хугацаандаа Клинтон руу удаа дараа дайрч байсан. Цагаан ордонд байх хугацаандаа тэрбээр ерөнхийлөгчтэй холбоотой аливаа бичиг баримтыг устгахыг хориглосон хуулийг  зөрчихгүйн тулд албан ёсны бичиг баримтаа байнга урж, стрессээ тайлдаг байсныг ойрын эх сурвалж мэдээлжээ. Харин дараа нь тасархай хэсгүүдийг буцааж наахыг туслахуудаасаа шаарддаг байжээ.

Нью-Йорк Таймс сонины нэгэн сэтгүүлчийн гаргасан шинэ номонд урагдсан бичиг баримтууд суултуурыг бөглөж, түүнийг нь Цагаан ордны ажилчид хэрхэн гаргаж авдаг байсан талаар бичсэн байна.

Энэ мэтчилэн Трампын зохисгүй үйлдлүүдийг Төлөөлөгчдийн танхимын хороо илчилсээр байна. Трампд үйлчилдэг байсан туслахууд түүнийг албан ажлаа Цагаан ордны тусгай утсаар бус хувийн утсаараа зохицуулдаг байсан гэв. Иймэрхүү зүйлс нь олон нийтэд ил болсоор улмаар нэгдүгээр сарын 6-нд болсон Капитолын бослогыг өдөөсөн гэж ажиглагчид таамаглаж буй.

Холбооны мөрдөх товчоо нэгжлэгийн талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй бөгөөд өндөр албан тушаалтнууд үүнийг эрэн сурвалжлах тушаалыг захиалгаар гүйцэтгэсэн үйлдэл гэж тайлбарлаж байна. Цагаан ордны албаны хүмүүс нэгжлэгийн талаар рюу ч мэдээгүй, зөвхөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэрхэн өрнөхийг харж байсан гэж мэдэгджээ. АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трампийн хувийн өмчид холбогдох ийм өндөр түвшний тушаалд ерөнхий прокурор Меррик Б Гарланд гарын үсэг зурсан байх магадлалтай гэдгийг "Sky news" цахим хуудас мэдээлэв. Байдены засгийн газраас нэр дэвшсэн Меррик Б Гарланд нь болгоомжтой байдлаараа алдартай. Тиймээс Даваа гаригт болсон нэгжлэг нь хэрэг цаашид хэрхэх өнгө аясыг тодорхой харуулж байна гэж үзжээ. 

ЭХ СУРВАЛЖ: SKY NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж