Хичээлийн шинэ жил эхлэх дөхсөн энэ үед ахиад л сурагчийн дүрэмт хувцас тойрсон хэрүүл идэвхжив. Зарим нь үнэтэйг нь гайхаж, зарим нь чанаргүйг нь шүүмжилдэг. Гол нь үндэсний үйлдвэрийн сурагчийн дүрэмт хувцас эдэлгээ сайтайгаас гадна өмсөхөд биед эвтэйхэн байх ёстой. Гэтэл зарим үйлдвэрийн хувцас дарга, амархан бөөсөрдөг гээд эцэг, эхчүүдийн зүгээс багагүй гомдол гаргадаг.
Мэдээж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих нь төрийн бодлого. жлын байр нэмэх, үндэсний үйлдвэрлэлийг өргөжүүлэх, дотоодод мөнгөө эргэлдүүлэх зэрэг олон давуу талтай. Гэхдээ иргэдийн хувьд чанар муутай, өмсөхөд тааламжгүй хувцасыг шахалтад орж авах ёсгүй. Өөрөөр хэлбэл, үндэсний үйлдвэрлэгчид бараа материалынхаа хийцээс гадна, чанар, биед эвтэйхэн байх зэргийг нь бодолцох шаардлагатай юм. Үнэ нь өсөөд л байдаг, чанар хийц нь яг хэв, хэвээрээ байх нь үндэсний үйлдвэрлэгчийн нэг алдаа юм.
2020 оны наймдугаар сард бага ангийн эрэгтэй хүрэм 38-43 мянган төгрөг байсан бол энэ жил 75-78 мянган төгрөг болж өсчээ. Мөн дунд ангийн эмэгтэй хантааз хоёр жилийн өмнө 45-51 мянган төгрөг байсан бол 2022 оны наймдугаар сард 95-103 мянгаар худалдаалж байна. Ийнхүү иж бүрэн дүрэмт хувцасны үнэ 2020-2022 онд 50-85 мянган төгрөгөөр өсчээ.
ЧАНАРТАЙ БОЛ ҮНЭТЭЙ БАЙСАН Ч ЭКСПОРТЛОХ БОЛОМЖТОЙ
Чанарыг харьцуулж үзвэл анх үйлдвэрлэж байсан үеэс дотоодын үйлдвэрийн дүрэмт хувцас бөөсрөх нь багассан ч материал нь нимгэрч, элэгдэл даахгүй болсон байгааг эцэг эхчүүд илэрхийлжээ. Мөн хүүхдийн өсөлт зэргээс шалтгаалж жил бүр дүрэмт хувцас авах нь иргэдийн нуруун дээр хүнд ачаа болж байгаа юм. Тиймээс сурагчид дүрэмт хувцсаар биш цамцаар жигдрэх нь зүйтэй гэдэг саналыг ч гаргаж байна. Дүрэмт хувцастай холбоотой Боловсролын яам болон Нийслэлийн боловсролын газраас ямар нэгэн шийдвэр гараагүй. Гэхдээ дүрэмт хувцсыг нийтээр өмсөх ёстой гэх сургуулийн дотоод журам бий. Тиймээс үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнд анхаарах цаг болжээ.
Дотоодын үйлдвэрүүд Хятадын дүрэмт хувцаснаас ялгарах онцлогтой чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл үнэтэй байсан ч авах хүн олон бий. Мөн өөр бусад бүтээгдэхүүнийг нь экспортод гаргах ч бүрэн боломжтой.
Мэдээж зах зээлийн чөлөөт өрсөлдөөнийг хориглох арга байхгүй ч худалдан авагчдын эрэлт хэрэгцээнд нийцүүлж бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь хамгийн чухал.
ДОТООДЫН ДҮРЭМТ ХУВЦАСНААС ИМПОРТЫНХ НЬ 30-40 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ХЯМД
Цар тахлаас шалтгаалсан эдийн засгийн хямрал айл өрх бүрд тулгамдаж буй. Тиймдээ ч нэг айлын 2-3 сурагч ерөнхий боловсролын сургуульд сурдаг бол жилд зөвхөн дүрэмт хувцсанд 400-450 мянган төгрөг зарцуулна гэсэн үг. Үүн дээр хичээлийн хэрэгсэл бусад шаардлагатай зүйлсийг нэмж тооцвол сарын цалингаар гурван хүүхдийн хичээлийн бэлтгэлийг хангана. Өнөөгийн нийгэмд энэ нь харамсалтай дүр зураглал. Тиймээс хүмүүс дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүн ядаж импортынхоос бага ч болов хямд байх нь зүйтэй гэдгийг илэрхийлж байна.
Гэтэл бодит байдал дээр импортын дүрэмт хувцас үндэсний үйлдвэрлэгчийнхээс 30-40 мянган төгрөгөөр хямд байгаа юм.
Тэгэхээр чанар дагасан үйлдвэрлэлийг хөгжүүлж экспортыг нэмэх, эсвэл үнэ дагасан чанар бий болгох стандарт, хариуцлагыг нэхэх ёстой. Монголчууд тэр цагт үйлдвэрлэгч орон болж үндэсний хэрэгцээгээ хангах боломж бүрдэнэ.
Холбоотой мэдээ