Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн энэ оны наймдугаар сарын 8-11-ний өдрүүдэд хийсэн айлчлал амжилттай өндөрлөлөө.
НҮБ-ын тэргүүн айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нартай тус тус уулзсан. Мөн Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Энхийг сахиулагчдын төгөлд мод тарих арга хэмжээнд оролцов.
Тэрбээр НҮБ-ын Суурин зохицуулагчийн газарт зочилж, манай улсын санаачлан байгуулсан Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн үйл ажиллагаатай танилцсан. Мөн монгол хүүхдүүдээс монгол бичгээр буулган, бийрээр урнаар сийрүүлсэн НҮБ-ын Дүрмийг бүтээсэн эх хувийг хүлээн авч, бэсрэг наадам үзэж сонирхон, монгол айлаар зочилж, ахуй, соёл, ёс зан заншилтай танилцжээ.
Ийнхүү Гутеррешийн албан ёсны айлчлал өндөрлөж, Өмнөд Солонгос руу морджээ.
Холбоотой мэдээ