“Хил хязгааргүй гол мөрөн” эвслийн тэргүүн Е.Симонов болон Монгол дахь зохицуулагч Д.Сүхгэрэлтэй холбоотой мэдээлэл Германы хэвлэлд нийтлэгдсэн. Энэ нийтлэлд тэдний харилцсан и-мейлүүд задраад буй. Уг и-мейлд дурдагдаж буй Монгол Улсын иргэн Г.Ганбаттай ярилцлаа. Тэрбээр 2014 онд Тагнуулын ерөнхий газарт ОХУ-ын иргэн Е.Симоновыг шалгах хүсэлтийг өгснөөр Монгол Улсад 10 жилийн хугацаанд нэвтрэх эрхгүй болсон байдаг.
-ОХУ-ын иргэн Е.Симонов гэх хүнийг хэзээнээс мэдэх вэ. Яагаад та түүнийг Тагнуулын ерөнхий газарт шалгуулах хүсэлт гаргаж байв?
-“Хил хязгааргүй гол мөрөн” төрийн бус байгууллага 2011 онд Монгол Улсад бүртгэгдэж, үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Одоо 11 жил болж байна. Энэ байгууллага нь 2012 оноос идэвхтэй үйл ажиллагаа явуулж, тухайн үед энэ төрийн бус байгууллагыг Монголд бүртгүүлсэн гурван хүний нэг нь Д.Сүхгэрэл. Энэ хүмүүс дээр Е.Симонов гэдэг ОХУ-ын иргэн Монголд ирж, улсын эрчим хүчний томоохон төслүүдийн талаар хэвлэлээр дамжуулан байр сууриа илэрхийлж эхэлсэн.
Ингэхдээ Монгол Улсаас хэрэгжүүлж буй Эгийн голын УЦС, Орхон говь төсөл, Сэлэнгэ аймгийн Шүрэнгийн цахилгаан станцын төслүүдийн талаар олон нийтийг төөрөгдүүлсэн, сөрөг мэдээлэл хийж, зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
Е.Симонов Монголд амьдардаг юм шиг зурагт, сонин хэвлэлээр байнга ярилцлага өгдөг байсан. Тэр үед би Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Сав газрын удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан. Ажил үүргийн хуваариар Орхон, Шүрэнгийн УЦС-ын төслийн удирдах хороонд ажиллаж, төслийн хүрээнд Монголд ТЭЗҮ-г боловсруулах урьдчилсан судалгааны ажлуудыг хийж байсан. Эдгээр төслийн талаар Е.Симонов олон нийтэд сөрөг мэдээллүүд хийж эхэлсэн юм. Тийм учраас анхааралдаа авч, энэ хоёр хүний талаар хууль хяналтын байгууллагад хандаж, тодорхой мэдээллүүдийг өгсөн. Энэ асуудал Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийсний дараа гарч ирж буй юм биш.
-Та Д.Сүхгэрэл, Е.Симонов нартай биечлэн уулзаж байсан уу?
-Миний бие энэ хоёр хүнтэй нэг бус удаа таарч, уулзаж байсан. Е.Симонов 2014 онд Монголд ирэхдээ миний өрөөнд ирж уулзсан. Ингэхдээ “Яамны холбогдох албаны хүмүүсийг мэдээлэл өгөхгүй байна” гэдэг гомдол тавьсан. Би яг ямар мэдээлэл сонирхож байгааг нь асуухад Монгол Улсын амин чухал эрх ашиг хөндөгддөг төслүүдийн талаар маш дэлгэрэнгүй, өндөр нарийвчлалтай газрын зураг зэрэг мэдээлэл авах хүсэлтэй байгаагаа хэлсэн. Би улсын нууцад хамаарах мэдээллийг өгөх боломжгүй гэдгээ хэлсэн. Мөн тэр хүнд цаашид ийм ажиллагаа явуулахгүй байхыг хэлсэн.
Хэсэг хугацааны дараа Хил хязгааргүй гол мөрөн ТББ-аас тухайн үеийн Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдтай уулзах цаг өгөхийг хүссэн бичиг ирсэн.
Тиймээс би Тагнуулын ерөнхий газарт хэвлэлд нийтлэгдсэн мэдээ материалыг нэгтгэн, ийм үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага байна. Е.Симонов өмнө нь надтай уулзахдаа улсын нууцад хамаарах мэдээлэл шаардаж байсан. Ер нь энэ хүн хуульд нийцсэн юм хийж байна уу гэдгийг шалгаж тогтоох хүсэлтийг өгсөн.
Тэрний дараа Е.Симонов Монгол Улсад 10 жилийн хугацаанд нэвтрэх эрхгүй болсон тухай Оросын хэвлэлд нийтлэгдсэн байсан. Харин Монголын хэвлэлээр энэ талаар огт нийтлэгдээгүй. Тэгж л би Оросын хэвлэлээс түүнд хар тамга дарсан гэдгийг мэдсэн юм.
-Гэхдээ “Хил хязгааргүй гол мөрөн” эвслийн салбар нь Монголд албан ёсны бүртгэлтэй үйл ажиллагаа явуулсан хэвээр байгаа. Хилийн цаанаас Е.Симинов манай асуудалд оролцсон хэвээр байна шүү дээ?
-Уг эвслийн Монгол дахь салбарын тэргүүн гэж Д.Сүхгэрэл. Өөрөө тэгж хэлдэг, ярьдаг. Энэ эвсэл Монголд одоо ч идэвхтэй үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаа. Эдгээр хүмүүс Монголын иргэдийг ОХУ-д аваачиж, олон улсын хурал нэртэй үйл ажиллагаанд оролцуулдаг. Тэгээд илтгэлийг нь бэлтгэж өгөөд, олон улсад “Монголчууд дотооддоо энэ төслийг дэмжихгүй” гэдэг ойлголтыг өгдөг.
Тэр хүмүүсийн яриа бичлэг, зургаа ашиглан төрийн бус байгууллагынхаа нэрээр ЮНЕСКО-д гомдол гаргадаг.
Төсөл хэрэгжүүлэхэд зайлшгүй хамтрагчид шаардлагатай байдаг шүү дээ. Тэр үед Дэлхийн банктай хамтарч ажиллаж байхад ЮНЕСКО-оос “Энэ төслийг ард иргэд нь дэмжихгүй байна” гэсэн утгатай бичиг илгээж, төслийг зогсоосон. Байгаль орчны идэвхтэн гэдэг нь халхавч нь. Монголоос өөр ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Гүрж гэх мэт ганц нэг орнуудад салбартай бөгөөд үүнийгээ олон улсын эвсэл гэж нэрлэдэг.
-Тухайн үед яригдаж байсан бүх төсөл зогссон уу?
-Тэгсэн.
-Олон жил яригдсан Эгийн гол, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг дахин зогсоохгүй гэх баталгаа бий юу?
-Эгийн голын цахилгаан станцын ТЭЗҮ бүрэн дуусч, БНХАУ-ын “Экзим” банк санхүүжүүлэхээр болсон байсан. Гэтэл Хятадын “Экзим” банкинд шахалт үзүүлсээр байгаад ЮНЕСКО-гоос санхүүжилтыг нь зогсоосон. Бидний хэрэгжүүлж байсан Орхон, Шүрэнгийн УЦС-ын төслүүдийг санхүүжүүлж байсан Дэлхийн банк руу бичиг өгсөөр байгаад мөн зогсоосон. Одоо ямар ч ажил яваагүй. Тэд ингэж зорилгодоо хүрдэг.
Үүний дараа Е.Симоновыг ОХУ-ын Байгаль орчны яамнаас “Байгаль орчны онц ажилтан” цол тэмдгээр шагнасан байдаг. Ингээд тэр хүн гавьяагаа байгуулж, Монголын төслүүд зогссон. Одоо мөн адил энэ байгууллага Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг дэмжихгүй гэдэг байр сууриа Д.Сүхгэрэл илэрхийлсэн байна лээ.
-“Хил хязгааргүй гол мөрөн” төрийн бус байгууллага одоо гэр хорооллын нүхэн жорлонгийн төслийг эсэргүүцэж байгаа гэсэн үү. Нүхэн жорлонгийн төслийг хэрэгжүүлэх нь харин ч байгаль орчинд ээлтэй биш үү?
-Улаанбаатар хотын 200 гаруй мянган өрх гэр хороололд амьдарч, нүхэн жорлон хэрэглэдэг. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр гэр хорооллын дэд бүтцийн төслийг хэрэгжүүлэх гэж байна. Гэтэл энэ төрийн бус байгууллагаас төслийг эсэргүүцэж, Азийн хөгжлийн банк руу захидал бичээд эхэллээ. Байгаль орчны байгууллагад гэр хорооллын шугамын инженерийн ажил ямар ч хамаагүй. Харин ч хөрсний бохирдлыг шийднэ шүү дээ. Бас “Оюутолгойн хяналт” гээд төрийн бус байгууллагатай.
Олон жилийн турш үйл ажиллагаа нь танигдаж, агент болох нь илрээд эхлэхээр 2021 оны намар оросууд өөрөөсөө холдуулж, Е.Симоновыг гадаадын тагнуулын агент гэж албан ёсны жагсаалтад оруулсан.
Монголын тагнуулын байгууллага 2014 онд хар тамга дарсан. Түүнийг “Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд хохирол учруулахуйц үйл ажиллагаа явуулсан байна” гэсний улмаас Монголоос гаргасан. Тэгээд байхад өдийг хүртэл Д.Сүхгэрэлийн байгууллага үйл ажиллагаагаа явуулж, ажилчидтай, тогтмол цалин хөлстэй байгаа нь хардлага төрүүлж байгаа.
Мөн Д.Сүхгэрэл гэдэг хүнийг МҮОНРТ-ээр байн байн гаргаж, үндэсний эрх ашгийн эсрэг юм яриулж байдаг. Ядаж үндэсний телевизээр үгийг нь дамжуулахаа болиоч ээ. Яагаад холбогдох байгууллагаас арга хэмжээ авахгүй байгаа юм бэ. Энэ байгууллага цаашдаа ямар төслийг зогсоохоор төлөвлөж байна вэ. Миний хувьд иргэний үүргээ биелүүлсэн. Одоо хийж чадах юм надад алга. Хуульд заасан холбогдох эрх мэдэлтэй хүмүүс ажлаа хийх хэрэгтэй. Энэ хүнийг шалгаж, буруутай буруугүйг нь эцэслэ. Эсвэл ял шийтгэлийг нь өгөх хэрэгтэй.
-Танд ямар нэг байдлаар дарамт, заналхийлэл ирэх вий гэсэн болгоомжлол байна уу?
-Би ажил албатай байхдаа энэ асуудалд илүү болгоомжтой ханддаг байсан. Тухайн үед цахилгаан станцын төсөлтэй холбоотой ажлуудаар ОХУ-д очиж ажиллах санал хоёр, гурван удаа ирсэн. Би нэг ч очиж байгаагүй. Эрх бүхий байгууллагад мэдээлэл өгч байгаа нь бас болгоомжлол юм.
Монгол Улсыг эрчим хүчний хомсдолтой байлгаж байгаад ОХУ-аас жилдээ 100, 200 сая ам.доллар манайхаас авч байдаг эрх ашиг цаана нь байна.
Монголд эрчим хүч нийлүүлж байгаа бизнесийн ард Оросын нэр бүхий том олигархи байдаг. Тэр хүн нь сая Путины хамгийн ойрын хүн гэдгээр хориг тавиулсан байх жишээтэй. Өнөөдөр надад аюул занал байгаа гэж бодохгүй байна. Өнөөдөр энэ ажлыг явуулах гэж буй төрийн ажилчдад аюул заналхийлэл байхыг үгүйсгэхгүй.