Худалдаа хөгжлийн банк, Хаан банкийг залилж, байцаагдаж байхдаа оргон зайлсан этгээдийг өнгөрсөн сард баривчилсан. Тодруулбал, Худалдаа хөгжлийн банкийг залилсан хэрэгт холбогдуулан 2021 оны тавдугаар сарын 29-нд эрэн сурвалжлагдаж байсан дөрвөн этгээдийн гурвыг нь буюу Б.Бямбадорж, Б.Баттулга, Э.Золхүү нарыг баривчилсан тухай Цагдаагийн ерөнхий газрын хэвлэлийн албанаас мэдээлсэн. Тухайн үед сэжигтэн Б.Бямбадорж оргон зайлсан бөгөөд түүнийг цагдаагийн байгууллагаас эрэн хайсаар өнгөрсөн долдугаар сард Ховд аймгаас баривчилсан. Түүний талаар мэдээлэл өгсөн хүнд 20 сая төгрөг амлаад байсан билээ.
Тэгвэл тус этгээдэд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2022.08.11/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч зарим яллагдагч нарын өмгөөлөгчдийн зүгээс хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасны дагуу энэ сарын 25-нд шүүх хурлыг дахин товлосон байна.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 /хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй Залилах гэмт хэрэг/, 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэг/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б.Бямбадорж нарт холбогдох эрүүгийн 2109000000706 дугаартай хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг инй хойшлуулжээ.
Мөн ирэх хуралдааныг хүртэл яллагдагч нарын холбогдсон хэргийн нөхцөл байдал, яллагдагч нарын зүгээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх нөхцлийг хангах зорилгоор яллагдагч Б.Бямбадоржид урьд авагдсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, яллагдагч Ц.Энхтайван, Б.Түвшинжаргал, Э.Золхүү, Б.Энхбаатар, Д.Гажидваанчиг, Б.Баттулга, Б.Баясгалан, Э.Энхсанжаа, Ц.Ариунтамир нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг тус тус өөрчилж тэдэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.
Эргэн сануулахад, Худалдаа хөгжлийн банкны “Шангрила” дахь салбараас өнгөрсөн оны тавдугаар сарын 25-ны өдөр 50 орчим насны эмэгтэй хуурамчаар үйлдсэн бичиг баримтаар үйлчлүүлж, хоёр сая ам.доллар залилсан хэрэг гарсан. Тус эмэгтэй нь барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компанийн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн байжээ.
Тодруулбал, тэрбээр энэхүү гэмт хэргийг 41 настай Э, 32 настай Б, 34 настай Б нартай бүлэглэн үйлдсэн байна. Тус хэрэгт цагдаагийн байгууллагаас 13-14 хүнийг сэжигтнээр тооцож, мөрдөн шалгаж, эрэн сурвалжилсан юм.
Энэ хэрэгт холбогдсон, эрэн сурвалжлагдаж байгаа сэжигтнийг баривчилсан хэмээн зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээлсэн. Залилан үйлдэгчид тус банкны харилцагч гадаадын компанийг төлөөлөх эрх бүхий нас барсан иргэний бичиг баримтыг хуурамчаар үйлдэж гүйлгээ хийсэн байжээ. Мөн залилан хэлбэрээр гүйлгээ хийсэн хоёр сая ам.долларын 1.1 саяыг автомашин дотроос олсон гэх мэдээлэл байв.
Холбоотой мэдээ