Монголын улс төрийн тулгуур баганын нэг бол Ардчилсан нам. Авчиг өнөөдөр морь унасан толгойгүй нам болоод Монголын улс төрийн тавцангаас бараг арчигдаж байна. Товчхондоо, Монголд ганцхан МАН гэж “мам” бий болж мэдэх нь. Хэрэвзээ АН-ынхан гэрээ засч чадахгүй болж шүү дээ. Гэрээ байтугай биеэ засаагүй хүмүүс АН-д дэндүү олон. Тийм учраас л тэднээс иргэд улсаа засуулахыг хүсэхгүй байна. Уг нь, АН-ынхан цагтаа энэ улсад, эдийн засагт хэрэгтэй реформыг эхлүүлж, хийж явсан байдаг.
Сууж буй мөчрөө хөрөөдөж, тамга тэмдэг, сандал суудлын төлөө намаа там болтол талцаж байгаа АН-д нэр төдий шинэчлэл, нэг хүний “засаглал” биш шинэ реформ, шинэ үе хэрэгтэй болжээ.
Өнгөрсөн онд МАН гучдугаар Их хурлаа зарлаж, намын даргаа шинэчилсэн. Атал Ардчилсан нам наадмын өмнө 14 их хурлаараа намын даргаа шинэчлэх нь бүү хэл эв нэгдлээ ч хангаж чадсангүй. Өнөөдөр ч АН хэзээ дараагийн Их хурлаа зарлаж, С.Эрдэнийн “залгамжлагчийг” тодруулах нь тодорхойгүй бас ойлгомжгүй.
Цагтаа засгийн эрхийг барилцаж, эгнээндээ 180 мянган гишүүнтэй явсан Ардчилсан нам гурав байтугай хуваагдаж, гудамжны “хулгианууд” болж хувирчээ. С.Эрдэнийгээ индэр дээр зодож, Э.Бат-Үүлийгээ үсдэж байгаа Ардчилсан намын уналт, өвдөлтөд ах нар нь ч, дүү нар нь ч, залуу, хөгшин бүгд буруутай. Тэд АН-ыг ардчилалын хамгаалалт гэхээсээ илүү албан тушаалын гишгүүр төдий болгож буй нь хагарал талцалынх нь хамгийн том шалтгаан.
Үнэндээ долоо хоног болгон хэвлэлийн бага хурал хийж, /харамсалтай нь иргэд гөлөөг ч гэж тоохоо больсон/ эрх баригчдыг ил, тод шүүмжилж байгаа нь өнөөдөртөө Ч.Өнөрбаярөөс өөр залуу алга. Ихэнх нь компьютерийн араас л ам ангайх бүрдээ ах нараа харааж суух нь бий.
Твиттерт хаа нэг цэцэрхсэн жиргээ хийдэг Х.Тэмүүжин, хашраас цаашгүй Лу.Гантөмөр, С.Эрдэнийнхээ араас гарч ирж чадахгүй байгаа М.Тулгат, экс Ерөнхийлөгч Х.Баттулгад барьцаалагдсан Ж.Батсуурь, О.Цогтгэрэл, С.Эрдэнэболд нар лав АН-ыг ах нараасаа илүү авч явж чадахгүй нь бололтой. Тэдэнд Л.Оюун-Эрдэнийн хэмжээний амбиц, Т.Доржхандын хэмжээний тоглолт, Д.Амарбаясгалангийн хэмжээний арга, заль алга. Ядаж л Х.Нямбаатарын хэмжээний улс төр хийж чадахгүй байна шүү дээ.
АН-ын ахмадууд ч гэсэн С.Баяр шиг, М.Энхболд шиг зайгаа залууст тавьж өгөөд өгөлгүй, үлгэрлэл болох нь бүү хэл тамга тэмдгээ булаацалдаад талцаад сууэ байгаа нь ч бас буруу. Ийм болохоор АН-ынхан биеэ ч, гэрээ ч, улсаа ч засч чадахгүй харагдаад байгаа юм шүү дээ.
Өнөөдөр МАН-д ачааны хүндийг нь алдаа, оноотой ч гэсэн 70, 80-аад оныхон үүрч байна. Зөвхөн МАН-д биш Монголын ачааны хүндийг гэвэл бодит үнэнд нийцэх байх. Тэд Оюутолгойн гэрээг өөрчилж, Хөгжлийн банкны асуудлаар “ах нар”-тай дайн зарласан. ҮХНӨ-ийг мөн л МАН-ын 70, 80 оныхон хийхээр болж байх шиг.
Үнэнийг хэлэхэд АН-ын залуусын дунд өнөөдөр олонд танигдсан фигур алга. Их л сайндаа твиттерийнхэн л мэддэг байх. Атал твиттерийнхэн нийт сонгогчдыг төлөөлж чадахгүй. Үндсэндээ Ах нарыг нь эс тооцвол АН-ын залуус гэхээр санаанд бууж байгаа нь хэн байгаа юм бэ, “лайвчин” Д.Мөнх-Эрдэнээс өөр. Адаглаад дуучин Нарагийн хэмжээнд олон танигдсан залуу улстөрч АН-д байна уу. Эрх баригчдын эсрэг үгээ тодхон хэлчих, үзэл бодлоо хамгаалж чадах хүн Ардчилсан намын залуус дунд үзээд өгье гэхнээ байхгүй байна.
АН-ын залууст уг нь улстөржих сэдэв, өөрийгөө таниулах боломж мянга түмээрээ л байна. Даанч хэт ёс суртахуун, хэтэрхий аминч үзэл, айдас, хүйдсэндээ баригдсан АН-д ачааны хүндийг нь үүрээд явчих залуу үе алга. Тиймээс экс Ерөнхийлөгч Х.Баттулгын халаасанд гүйж орох эсвэл С.Эрдэнийг дагаж намирахаас өөрөөр арга тэдэнд алга бололтой.
У.Хүрэлсүх ч тэр, Л.Оюун-Эрдэнэ ч тэр өөрсдөө тэмцэж байж л энэ суудалдаа хүрсэн. “Унжаад байхаар унаад өгөөсэй” гээд суугаад байвал гудамжиндаа лааз өшиглөхөөс яах билээ. Тэмцэж чадахгүй бол улстөрч болж чадахгүй. Тэгэхээр тэмцэх нь бүү хэл нэр зүс нь танигдаагүй АН-ын залуусыг олон нийт яаж таньж сонгох юм бэ. Ах нарынхаа өөдөөс тэмцэж чадахгүй тэд Ардын намын өөдөөс яаж дуугарч чадах юм бэ.
Үнэнийг хэлэхэд, МАН үеэ сольж, үзэл бодлоо шинэчилж байхад АН залуус нь өлгийндөө өтлөж байна. Гээд чаддаг юм бол хоосон цэцэрхэж, намчирхаж суухаар намынхаа хаалгыг зад өшиглөөд ах нараасаа тамга ав, үнэт зүйл дээрээ нэгд. Үгүй бол ёстой чацга царайлаад сууж байхаас яахав.
Холбоотой мэдээ