Хуучирсан мэдээ: 2010.08.23-нд нийтлэгдсэн

Наймдугаар сарын 23

Наймдугаар сарын 23-ны өдрийн баяр

Боолын наймааны хохирогчдын дурсгалын өдөр

Олон улсын энэ өдрийг (International Day for the Remembrance of the Slave Trade and Its Abolition) ЮНЕСКО-гийн санаачилгын дагуу тэмдэглэдэг.

Сенегалын Дакараас гурван км-ын зайтай Горэ арал дахь Эрх чөлөөний хөшөө. Уг арал олон зууны турш боолын наймааны нэвтрэн өнгөрүүлэх бааз байжээ. Энэ өдөр уг хөшөөний дэргэд ёслол болдог.

Гаити арал дээр 1791 оны наймдугаар сарын 23-нд хар арьст боолчуудын бослого гарч Гаити улсын эрх мэдлийг боссон боолчууд авсан байв. Тэр өдрөөс боолчлол ухарч ирсэн юм.


Украины төрийн далбааны өдөр

Украины ерөнхийлөгч Леонид Кучма 2004 оны наймдугаар сарын 23-ны өдөр Украины төрийн далбааны өдрийг (День Державного Прапора України) бий болгосон зарлигт гарын үсгээ зуржээ. Украин тусгаар тогтнолоо зарласан 1991 оны наймдугаар сарын 24-нд Дээд радын байшин дээр хоёр тэнцүү хөндлөн цэнхэр шар өнгийн зураасаас бүтсэн тугийг анх мандуулсан байна. Казак уламжлалаар энэ хоёр өнгө Украинд гарч иржээ. Сонирхолтой нь энэ хоёр өнгийг монгол үгнээс гаралтай гэж түүхч ба хэл судлаач Б.Якимович хэлж байна. Украинчуудыг “хохол” гэж хэлдэг нь “хөх” ба “улу” гэсэн үгнээс гаралтай “хөх-шар” гэсэн утгатай хэмээн тэрээр тайлбарласан байв.

Өдрийн ишлэл

“Их буудсан хүмүүс ч байлаа…”

(“Тохтамыш хааны довтолгооны тухай тууж” номоос. 1382 оны наймдугаар сарын 23-нд Москвад Алтан ордын Токтомыш хааны цэрэг орж ирэхэд анх удаагаа оросууд их бууг тулалдаанд хэрэглэжээ)

Гурав хоногийн тулалдааны дараа татарууд Москваг залиар эзэлсэн юм. Харин тэр өдрүүдээс хойш галт зэвсэг ба их буу Оросын цэрэгт дорно ба өмнийн цэргээс давах боломжийг гарган өгснөөр Орос өнөөгийн хил хязгаараа их буугаар бий болгожээ.

Үйл явдал

Усан дагинын хөшөө нээгдэв

1913 он: Өнөөгөөс 97 жилийн өмнө шар айргийн томоохон үйлдвэрлэгч, урлагийг дэмжигч Карл Якобсены захиалгаар Андерсены “Усан дагина” үлгэрээр барималч Эдвард Эрихсены хийсэн зэс хөшөөг Копенгаген хотноо нээжээ. Барималчийн эхнэр, хаантны дуурь бүжгийн театрын бүжигчин Эллен Прайс уг баримлын загвар нь байсан гэдэг. Тэр жилийн энэ өдөр Карл Якобсен уг баримлыг хотод бэлэглэсэн бөгөөд тэр цагаас хойш энэ хөшөө түүний бэлгэдэл нь болжээ. Нэгэн муухай хэрэг 1964 онд гарч танхай этгээдүүд баримлын толгойг авсан байв. Танхай этгээдүүд олдоогүй юм. Хуучин хэв нь байсан учир түүнийг шинээр цутгажээ. Харуул хамгаалалт тавиад гэрэлтүүлж байсан ч тэр жилд нь баримлын баруун гарыг хөрөөдөн салгасан байв. Гарыг нь хөрөөдсөн гэмт хэрэгтнүүд болох хоёр залуу өөрсдөө цагдаад ирцгээсэн ба тэд согтуугаар уг хэргийг хийснээ хүлээсэн байв. Тэднийг нийтийн хөрөнгө сүйтгэсэн гээд зөөлөн шийтгэжээ. Усан дагиныг дахин засварлаад Лангелинийн эргийн усан боомтод байгаа саарал боржин дээр нь байрлуулсан билээ. Энэ жил уг баримлыг Шанхайн дэлхийн үзэсгэлэнгийн Данийн байрны өмнө түр хугацаагаар байрлуулсан байгаа. Үзэсгэлэнгийн дараа баримал дахиад өөрийн байраа эзэлнэ.

Молотов-Риббентропын гэрээнд гарын үсэг зурцгаав

1939 он:
Харилцан үл довтлолцох Зөвлөлт ба фашист Германы  гэрээг түүхэнд  Молотов-Риббентропын пакт гэж нэрлэж иржээ. Энэ гэрээний нууц хавсралтыг Зөвлөлт үгүйсгэж байгаад зөвхөн 1980-аад оны сүүлчээр хүлээн зөвшөөрч дэлхийд танигдсан юм. Тэр үеэр Герман өөртөө Судет ба Чех, Моравийг нэгтгэсэн байлаа. Германы түрэмгийллийн эсрэг ЗХУ, Англи, Франц гурвын Москвагийн хэлэлцээр олон улсын аюулгүй байдлыг хангах ёстой байсан ч 1939 оны наймдугаар сарын 2-нд тэр нь харилцан  туслалцах гэрээний төслийг гаргаснаар дуусаад бодит болж чадаагүй юм.

Англи Францтай хэлэлцээрээ таслан Германтай  харилцан үл довтлолцох гэрээ байгуулах шийдвэрийг Сталин, Молотов хоёр гаргасан байв. Талууд өөр өөр зорилготой байлаа. Герман Польшид довтлохоор бэлтгээд уг гэрээ нь түүнийг хоёр фронтод байлдах аюулаас хамгаална гэж үзэж байв. Гитлер Сталиныг хуучин Оросын эзэнт улсын газар нутгийг авах сонирхолтой гэж үзсэн байлаа. Сталин энэ гэрээгээр залшгүй гэж үзэж байсан довтолгоонд бэлтгэх цаг хожин өөрөө өрсөн дайтах санаагаа хэрэгжүүлэх хүсэлтэй байв. Гэрээнд хоёр тал бүх зөрөлдөөнтэй асуудлаа энхийн яриа хэлцлээр шийднэ гээд хэрэв хэн нэг нь довтолгоонд өртвөл эсрэг талыг нь дэмжихгүй гэж заасан байв. Гэрээний нууц хавсралтаар тэд Зүүн ба Зүүн өмнөд Европт нөлөөнийхөө хуваалтыг хийсэн байна. Герман Польшид довтолбол тэдний нөлөөний бүс нь “Керзоны шугам” гэх нутаг хүртэл байхаар заагдсан ба Зөвлөлтийн нөлөөний бүсэд Финлянд, Эстони, Латви ба Бессарби орсон бөгөөд талуудыг Польшийн хувь заяаг “нөхөрсгөөр ” шийднэ гэсэн байв. Гэрээг бичигдсэнээс хойш долоо хоногийн дараа ЗХУ-ын Дээд зөвлөл баталсан ба депутатуудаас нууц хавсралтыг нь нуусан байжээ. Гэрээ батлагдсанаас нэг хоногийн дараа Герман Польшид довтолсон ба Зөвлөлтийн цэрэг гэрээний дагуу Польшид орох хугацааг түр хойшлуулахыг Германаас хүсч өөрсдийгөө түрэмгийлэгч гэдгээ харуулахгүйн үүднээс Баруун Украин, Белорусьт цэргээ оруулан эзэлж авсан байв. Герман Зөвлөлтөд довтолсноор гэрээ хүчин чадлаа алджээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж