ОХУ-ын нэр хүндтэй хүмүүсийн дийлэнх нь Кремлийг шүүмжлэхээс зайлсхийж, дайны талаар чимээгүй байсан. Борис Минц бол Путины эсрэг дуу хоолойгоо хүргэсэн Оросын цөөн хэдэн бизнесмэнүүдийн нэг юм. “Путиныг илт шүүмжилдэг хэн ч байсан хувийн аюулгүй байдалдаа санаа зовох үндэслэлтэй” гэж тэр хэлжээ.
“Орост бизнес эрхлэгчид Путины дэглэмийг үл тэвчвэл тэдний бизнесийн эсрэг зохиомол хэрэг үүсгэдэг. Ийм эрүүгийн хэргүүд нь бизнес эрхлэгчдээр тогтохгүй тэдний гэр бүл, ажилчдад ч нөлөөлдөг. Путинээс хараат бус аливаа бизнесийн удирдагчид сөрөг хүчнийг санхүүжүүлэх чадвартай тул тэднийг аюул заналхийлэл, төрийн дайсан гэж үздэг” гэж Минц хэлэв. Мөн Украин дахь дэлхийн түүхэнд сүүлийн үед тохиолдсон хамгийн эмгэнэлтэй үйл явдал гэж тэр нэрлээд, 1939 онд Адольф Гитлер Польш руу довтолсон үетэй харьцуулжээ.
Борис Минц нь 2014 онд ОХУ Крымийг авсны дараа Путины бодлогыг эсэргүүцэж анх үг хэлж байсан. Үүнээс хоёр жилийн дараа Минцийн удирддаг хөрөнгө оруулалтын компани Оросын Төв банктай ил тод зөрчилдөөнтэй байдалд орсон. Иймэрхүү зүйл тохиолдож эхэлбэл нэн даруй эх орноо орхих ёстой гэсэн дохио гэж тэр хэллээ.
Тэрбээр өдгөө гэр бүлийн хамт Их Британид амьдардаг бөгөөд Орост буцах бодолгүй аж. “Би тэсрэх бөмбөгнөөс хоргодох байранд амьдрахыг хүсэхгүй байна” гэж тэр хэллээ. Гэсэн хэдий ч тэрбээр Кремлийн хуулийн үйл ажиллагааны субьект хэвээр байна.
Борис Минц, Путин нар 1990-ээд оны эхээр танилцсан. Минц тухайн үед Оросын ардчиллыг 21 дүгээр зуунд өргөжүүлэхийн тулд орон нутгийн засаг захиргааг шинэчлэх санаагаа Путинд хэлсэн. Путин түүний энэ саналыг ямар ч тайлбар, маргаангүйгээр сонссон боловч ердөө маргааш нь л Минцийг ажлаас нь халжээ. Иймээс Минц улс төрийг орхиж, гурван жилийн дараа хувьцааны брокероор ажиллаж эхэлсэн байна.
Оросын бусад бизнесмэнүүдээс ялгаатай нь Их Британи засгийн газар түүнд хориг арга хэмжээ аваагүй юм. Гэсэн хэдий ч АНУ-аас 2014 онд гаргасан Путины ойрын хүмүүсийн жагсаалтад түүний нэр байдаг. Тэр өөрийгөө олигархи биш гэж тодорхойлсон.
“Оросын бизнес эрхлэгч бүр Путиныг дэмжигч биш. Мөн Оросын чинээлэг хүн бүр олигархи биш” гэж тэр хэлжээ. Орос улсад олигархи гэдэг нэр томъёо Путинтэй салшгүй холбоотой байдаг гэлээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ