Хуримын ордон залуусын хүсэлд тулгуурлан явуулын үйлчилгээ гаргажээ

Хуучирсан мэдээ: 2022.08.11-нд нийтлэгдсэн

Хуримын ордон залуусын хүсэлд тулгуурлан явуулын үйлчилгээ гаргажээ

Хуримын ордон залуусын хүсэлд тулгуурлан явуулын үйлчилгээ гаргажээ

Хүний амьдралд тохиох хамгийн сайхан мөчүүдийн нэг бол хурим байдаг. Тиймээс ч хосууд Гэрлэх ёслолын ордонд хуримаа хийхийг илүүд үздэг. Харин covid-19-тэй холбоотойгоор сүүлийн хоёр жил олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулахыг түр зогсоосон. Тэгвэл энэ жил хөл хорио цуцлагдсанаар Гэрлэх ёслолын ордон ч мөн хосуудыг хүлээн авч эхэлсэн байна. Тиймээс Гэрлэх ёслолын ордны ёслол удирдагч Б.Амгалантай ярилцлаа. 


Энэ жил хэр олон хос Гэрлэх ёслолын ордонд хуримаа хийж байна вэ?

-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цар тахалтай холбоотойгоор олон нийтийг хамарсан үйл ажиллаагаа зохион байгуулах боломжгүй  байсан. Эдгээр жилүүдэд хуримаа хийнэ гэж төлөвлөөд хийж чадаагүй олон хүн бий. Тиймээс энэ жил илүү олон хос хуримаа хийж, захиалга өгч байна.

Он гарснаас хойш 400 орчим хуримын ёслол хийсэн. Урьд өмнөх жилүүдтэй харьцуулахад илүү олон захиалга ирж байна.

Хуримын ёслолын үйл ажиллагаа 30-40 минут үргэлжилдэг. Дараа нь ордонд дурсгалын зургаа авхуулаад нийтдээ цаг орчим Гэрлэх ёслолын ордноор үйлчлүүлдэг. Нэг дор 40 орчим хүн хүлээж авдаг. Цар тахалтай холбоотойгоор оролцох хүний тоог цөөлсөн. Мөн заалны багтаамж, үйлчлүүлэгчдийн ая тухтай байдлыг хангах үүднээс хүний тоог ингэж гаргадаг. Харин хөдөө орон нутгаас  ирсэн хосын ураг төрөл нь Гэрлэх ёслолын ордонг үзье гээд тоогоо давуулаад ирдэг. Энэ тохиолдолд бид тэднийг оруулахаас өөр аргагүйд хүрдэг. Тийм сайхан өдөр нь бид хүний тоо хэтэрсэн байна гээд гаргах нь хүн чанаргүй үйлдэл шүү дээ.

Хэдээс хэдэн насны хүмүүс ихэвчлэн гэрлэлтээ батлуулж байна вэ?

-Голдуу 18-35 насны залуус  хуримаа хийж байна. Сүүлийн үед 25 жил ханилсан хосууд "мөнгөн хурим", 50 жил ханилсан хосууд "алтан хурим", 60 жил ханилсан хосууд "очир эрдэнийн хурим" хийдэг болсон. Эдгээр хуримын захиалгууд өмнөх жилүүдтэй харьцуулахад нэмэгдсэн байна. Хүүхдүүд нь аав ээждээ бэлэг барих үүднээс хуримыг нь хийж өгөх нь элбэг. Түүнчлэн олон жил гэрлэлтээ хадгалсан хосууд  үр хүүхдүүддээ үлгэр дуурайлал болох үүднээс алтан, мөнгөн хуримаа хийх нь нэмэгдсэн.

Хуримлах сайн цаг гэж байдаг уу? Ихэвчлэн хэдэн цагийн хооронд хуримаа хийдэг вэ?

-Бид хүний амьдралын гарааг эхлүүлдэг маш сайхан ажил хийдэг. Тиймээс хосууд хэдэн цагт хуримаа хийхийг хүснэ тэр цагт нь бидний үүд хаалга нээлттэй байдаг. Жишээлбэл, хөдөө морин цагт хуримын найраа эхлүүлнэ гээд  үүрийн таван цагт гэрлэлтээ батлуулах тохиолдол байдаг. Энэ үед тэдний хүссэнээр гэрлэлтийг нь баталж өгдөг. Тиймээс хосууд хэзээ, хэдэн цагт гэрлэлтээ батлуулахыг хүснэ тэр үед бид хүлээж авахад бэлэн байдаг.

Жил бүрийн хуримын онцлог гэж байдаг уу? Энэ жилийн хувьд ямар онцлогтой байна вэ?

-Хурим бол хүний амьдралд ганцхан тохиох  хэзээ ч мартагдашгүй ариун нандин зүйл гэсэн үзэл залууст байна. Тиймээс том найр, цэнгүүн хийхээс илүүтэйгээр хуримын ордонд тэр сайхан мөчөө мөнхлөх сонирхолтой залуус олон болсон. Өмнөх жилүүдтэй харьцуулахад хүмүүсийн хандлага үзэл бодол их өөрчлөгдөж байна.

Хурим хийхээс хэдэн хоногийн өмнө захиалгаа өгч болдог вэ?

-Одоогоор манай байгууллага найм, ес, аравдугаар саруудын захиалгуудаа аваад явж байгаа. Хуримын захиалгыг хоёр сарын өмнө авдаг. Ингэхдээ гэрлэлтээ батлуулсан хосууд гэрлэлтийнхээ баталгааг авчраад гэрлэх ёслолын ордонд захиалгаа өгдөг.

Хуримын үйлчилгээний үнэ тарифын хувьд?

-Үнийн хувьд ажлын болон ажлын бус цаг, сайн өдрүүдээсээ хамаарч өөр 1’190’000-2’500’000 мянган төгрөгийн хооронд байдаг. Намрын дунд сарын шинийн 17-ны өдөр хамгийн үнэтэй буюу 2’500’000 төгрөг болдог.

Сүүлийн үед залуус голын эрэг, сайхан байгальтай газар, ресторан зэрэг газруудад хуримлах сонирхолтой болсон. Тиймээс бид явуулын үйлчилгээ гаргасан. Энэхүү үйлчилгээ маань хосуудын хүссэн газар очиж Гэрлэх ёслолын ордонд үзүүлдэг бүх үйлчилгээгээ тэдгээр газарт нь үзүүлдэг.

Д.НАМУУНЦЭЦЭГ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж