Эцэг эхтэйгээ амьдарч, аягыг нь угаадаг аварга, саятан

Хуучирсан мэдээ: 2022.08.11-нд нийтлэгдсэн

Эцэг эхтэйгээ амьдарч, аягыг нь угаадаг аварга, саятан

Эцэг эхтэйгээ амьдарч, аягыг нь угаадаг аварга, саятан

Трент Александр-Арнольд бол Премьер лиг, УЕФА Аваргуудын лиг, ФА цом, Лигийн цом, УЕФА Супер цом, ФИФА клубуудын ДАШТ гээд бүгдэд нь түрүүлсэн өнөө цагийн шилдэг залуу хөлбөмбөгчин. Дөнгөж 23 настай гэхэд тэрбээр аль хэдийнэ олон гайхалтай амжилтыг үзүүлээд байна. Түүн шиг довтолгоо зохион байгуулдаг, дамжуулдаг, баруун жигүүрийн хамгаалагчийг олоход бэрх. Үүгээрээ Английн шигшээ баг болон Ливерпүүл клуб азтай. Хэдийгээр түүний алдар нэр, хөрөнгө жил бүр өсөн нэмэгдэж байгаа ч Александр-Арнольд өдийг хүртэл төрсөн гэрээсээ холдож чадахгүй л байна.

Дэлхийн хөлбөмбөгийн тод оддын нэг тэрбээр одоог хүртэл ээж, аавтайгаа хамт амьдарч, аяга таваг угаан “цэвэр, эрүүл” амьдралын дадал, хэвшилд суралцсаар байгаа аж.

Трент Александр-Арнольд ярихдаа “Залуу тамирчид их яаруу гэж би үргэлж боддог. Тэд мөнгөтэй болж эхлээд л эцэг эхээсээ тусдаа гарч, шинэ машин авч тансаг зүйлст мөнгөө үрдэг. Харин төрсөн гэртээ байвал эцэг эх нь даруулаг болж, бүх зүйлийг эмх цэгцтэй, цэвэр цэмцгэр байхыг шаардана. Ядаж л аяга таваг овоороод байхгүй, гэртээ үргэлж сайхан ааштай, цэвэрхэн байна шүү дээ. Харин өөрийнхөө гэрт байвал “За энийг дараа хийе” гээд хойш нь тавиад байх биз. Бэлтгэлээс ирсэн ч гэр цэвэрхэн биш, таагүй орчин хүлээж авна. Тийм байвал гэрлүүгээ ч яарах шаардлагагүй ш дээ. Би бол гэр бүлийнхэнтэйгээ ойр байх дуртай. Тэд намайг хэн байхыг минь сануулж, хэн болохыг минь зааж, зөвлөдөг. Тусдаа гарах тал дээр яараад байх юм алга” гэв.

Трент Александр-Арнольд хар багын л Ливерпүүлийн хөгжөөн дэмжигч байжээ. Тэдний гэр бэлтгэлийн талбайгаас ердөө тавхан минутын зайтай. Тэр үргэлж л ээжээсээ хайртай багийнхаа тоглолтыг үзэхийг гуйж, шүтээнүүдээ ойроос харахыг хүсдэг байв. Ливерпүүл клуб 2005 онд УЕФА Аваргуудын лигт түрүүлсэнийхээ дараа мянга мянган фанатуудынхаа өмнө парад хийх үед тэр мянган хүний дунд бяцхан Александр-Арнольд зогсч байсан гэнэ.

Тэр Ливерпүүлийн хүүхдийн академид элсэн орсон нь ч цэвэр аз аж. Тэрбээр энэ талаараа “Ливерпүүлээс манай сургууль руу улирлын амралтаар сурагчдаа зусланд явуулах урилга ирүүлсэн юм. “Хэн явахыг хүсч байна вэ” гэсэн чинь манай ангийн бүх хүүхэд л гараа өргөсөн. Тиймээс сугалаагаар явах хүүхдүүдийг тодруулах болсон юм. Малгайн дотроос явах хүүхдүүдийн нэрсийг сугалсан чинь минийх азаар гараад ирсэн. Би ангийнхаа хэдэн хүүхэдтэй явсан л даа. Гэхдээ нэг удаагүй байх. Ливерпүүлийн скаут манай ээжтэй уулзаж, “Хэрэв та хүсвэл бид хүүхдийг тань академидаа авмаар байна” гэсэн. Тэгээд л үлдсэн нь түүх дээ” гэв.

Трент Александр-Арнольд 2016 онд мэргэжлийн хөлбөмбөгийн дебют тоглолтоо хийснээс хойш Европын хамгийн шилдэг жигүүрийн хамгаалагчдын нэг болтлоо өсөн дэвжжээ. Түүний довтолгоог дэмжих чадвар, бие бялдар, дамжуулалтын оновч зэрэг нь Ливерпүүлийг 30 жил хүлээсэн Премьер лигийн цомоо хүртэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

Залуу Англи тоглогч Ливерпүүлийн төлөө Премьер лигт 161 тоглолтод оролцохдоо 10 гоол оруулж, 45 гоолын дамжуулалт өгчээ. Мөн тэрбээр Премьер лигт 114 тоглолтод ялалт байгуулж, ердөө 19 тоглолтод л ялагдсан гэх үзүүлэлттэй.

Трент Александр-Арнольдын зах зээлийн үнэлгээ 80 сая евро бөгөөд тэрбээр долоо хоногт 180 мянган фунт стерлинг, жилд 9 гаруй сая фунт стерлингийг зөвхөн цалингаасаа олж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж