ҮХЦ-ийн шийдвэрээс хамаарч ҮХНӨ яригдах уу?

Хуучирсан мэдээ: 2022.08.11-нд нийтлэгдсэн

ҮХЦ-ийн шийдвэрээс хамаарч ҮХНӨ яригдах уу?

ҮХЦ-ийн шийдвэрээс хамаарч ҮХНӨ яригдах уу?

Улс төр сэрж, унтаа байсан Төрийн ордон хөл хөдөлгөөнд орох бололтой. Энэ намрын улс төрийн гол үйл явдал Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт байх гэсэн таамаглал, хүлээлт байна. Өнгөрсөн хаврын чуулганаар эрх баригчид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг /ҮХНӨ/ зүтгүүлсэн ч найр наадам таарсан тул намар болгож түр хойшлуулсан.  Үнэндээ, үнийн өсөлт, инфляцийн нэмэгдлээс улбаалан МАН-ынхан Үндсэн хуулийг өөрчлөлтийг ярихаас эмээж байв. Гэхдээ тэд санасандаа хүрч ҮХЦ-ээр ҮХЦ-ийн гаргасан өмнөх шийдвэрийг хүчингүй болгосноор ямар ч байсан сонгуулийн холимог тогтолцоог эргэж сэргээсэн.  Энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн  дарга Д.Амарбаясгалан  тайлбар өгөхдөө “Сонгуулийн тогтолцоо аль нэг хэлбэрээр Үндсэн хуульд хатуу заагдах ёсгүй юм. Монгол Улс дэлхийгээс өөр байж болохгүй. Дан ганц мажоритар тогтолцоог хэрэглэдэг байж болохгүй. Улс төрийн зорилгоор 2012, 2016 онд ч тэр, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр гарч үүнийг хааж байсан. Эдгээр шийдвэрүүд тухайн цаг үедээ шуугиан тарьж байсан. Харин Үндсэн хуулийн Цэц энэ удаа "Үндсэн хуулийн Цэцээр хаагаад, хориглох зүйл биш юм байна. Нээлттэй байх ёстой юм байна" гэдэг агуулгаар шийдвэр гаргалаа гэж ойлгосон”  байлаа. Тухайн үед Цэцээс шийдвэр гарснаар ҮХНӨ-ийг явуулах боломжгүй гэлцэж байсан  ч эрх барьж байгаа генсекийн тайлбараас харвал ҮНХӨ-ийг явуулах ч юм шиг.

Н.ЭНХБАЯРЫН ГАРТ ҮНДСЭН ХУУЛИЙН ТӨСЛИЙГ АТГУУЛАВ

УИХ-ын чуулган завсарлахаас өмнө намууд ҮХНӨ-ийг явуулах тунхагт гарын үсэг зурсан. Тэгвэл  ҮНХӨ-ийн талаар намуудын саналыг нэгтгэх ажлыг Н.Энхбаярт даалгажээ. Уг ажлын хэсэгт Иргэний зориг ногоон намын дарга Ц.Ганхуяг, Монголын уламжлалын нэгдсэн намын дарга Б.Батболд, Монголын үндэсний ардчилсан намын дарга Б.Цогтгэрэл, Шинэ намын дарга Ц.Гантулга нарыг багтсан нь олны анхаарлыг татаж байна. Өөрөөр хэлбэл Н.Энхбаяраар шинэ Үндсэн хууль бичүүлэх нь гэх албан бус яриа гарчээ.

Н.ГАНИБАЛ, Ш.АДЬШАА НАРЫН ГОМДЫГ ЭНЭ САРЫН 15-НД ХЭЛЭЛЦЭНЭ

Цэцээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн холбогдох заалтын талаарх маргааныг 2022 оны наймдугаар сарын 15-ны өдрийн Их суудлын хуралдаанаар хянан хэлэлцэхээр товложээ. Сануулбал, 2021 оны арваннэгдүгээр сард УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ш.Адьшаа нарын иргэний хувиар гаргасан гомдолд Цэц маргаан үүсгэсэн. Тэднийг МАН-ын даалгавраар хөдөлсөн гэдэг яриа оргүй биш юм. Гишүүдийн гомдолд, “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөн сайд “давхар дээл”-тэй байх заалт Үндсэн хууль зөрчиж байна гэж үзсэн юм. Үүнээс гадна Шүүхийн тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчиж байна гэсэн гомдлыг гаргасан. Ийнхүү МАН-ын даалгавраар Цэцэд хандсан гишүүдийн гомдлыг хэрхэн шийдвэрлэхээс хамаарч ҮНХӨ явах уу, гацаанд орох уу гэдэг нь тодорхой болох юм.

ЦЭЦ АРАЙ Ч ИЙМ ЗАРЧИМГҮЙ, УВИАГҮЙ ШИЙДВЭР ГАРГАХГҮЙ БАЙХ

АН-ын хоёр гишүүний Цэцэд хандсан асуудлаар АН-ын генсек Ч.Өнөрбаяраас тодруулбал “Эрх баригч нар наадмын үеэр Үндсэн хууль өөрчлөнө гээд давхисан. Төсөлгүй яваад байгаа юм. Цаас нь байхгүй байхад юу хэлэлцүүлэх нь ойлгомжгүй байна. Н.Энхбаяр гуай Үндсэн хуулийг төслийг хийнэ гэж юу байх вэ. Улс төрийн тэтгэвэрт нь гаргах болсон. Төсөл нь гараагүй байгаа юман дээр улс төр хийхээ боль. Үндсэн хуулиа өөрчилнө гэж гүйхийн оронд ард түмний амьдралыг бод.

Энэ сарын 15-нд Цэц хуралдана гэж сонссон. Мэдэж байгаагаар “давхар дээл”-ийн асуудлаар хуралдана. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг хавсран гүйцэтгэж болох, болохгүй тухай ойлголт юм. 2019 оны нэмэлт өөрчлөлтөөр тодорхой хэлсэн. Гэтэл тэрийг зуун хувь болгох гэж байна. АН-ын хоёр гишүүн битгий МАН-ын гар хөл, зарцын ажлыг хийгээд бай гэж өмнө нь хэлж байсан. Цэц арай ч ийм зарчимгүй, увиагүй шийдвэр гаргахгүй байх. Цэц Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн шийдвэр гаргаж, дөрвөн гишүүн Үндсэн хууль зөрчсөн байна гэж тоог нь авч хаях гэж байгаа бол УИХ-ын гишүүн 76 гэдэг тоог авч хаях хэрэгтэй гэдэгтэй адилхан байхгүй юу. Маш тодорхой заасан юмыг өөрөөр тайлбарлах шаардлага байхгүй. Тиймээс ҮХЦ, Үндсэн хуулиа барьж ажиллах байлгүй дээ. “Манай” хоёр гишүүн эрх баригчдын тоглоом болоод дуусч байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж