Сөүлийн үерийн хохирол

Хуучирсан мэдээ: 2022.08.11-нд нийтлэгдсэн

Сөүлийн үерийн хохирол

Сөүлийн үерийн хохирол

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод энэ долоо хоногт үргэлжилсэн хүчтэй аадар бороо орсны улмаас орон сууц, авто зам, метроны буудлууд үерт автсан. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээс харвал, үерийн  улмаас есөн хүн нас барж, 17 хүн гэмтэж бэртжээ. Мөн дор хаяж долоон хүн сураггүй алга болсон байна. Цаг уурын албанаас ахиад ч бороо орох төлөвтэй байгааг анхааруулсан.

Нас барсан хүмүүсийн гурав нь подвалын орон сууцанд амьдардаг байсан учир гарч чадалгүй амь эрсэдсэн. Хоёр хүн нь хятад хүн байсныг Хятадын гадаад хэргийн яам Мягмар гаригт мэдэгдлээ. Нэг хүн хөрсний гулгалтын улмаас нас барсан бол үлдсэн хүмүүс нь тогонд цохиулж амь үрэгджээ.

Аадар бороо Даваа гаригийн шөнө орж эхэлснээс хойш 570 орчим хүн орон гэргүй болж, 1400 хүнийг нүүлгэн шилжүүлсэн. Засгийн газар майхан, хөнжил болон бусад шаардлагатай зүйлээр тэднийг хангажээ. Эрх баригчид цэвэрлэх, аврах ажиллагааг эхлүүлсэн бөгөөд өчигдрийн /2022.08.10/ байдлаар 145 хүнийг аврав.

Энэ ажиллагаанд 210 цэрэг оролцож буй бөгөөд өнөөдрөөс /2022.08.11/ эхлэн 500 болгож нэмэгдүүлэхээ албаны хүн мэдэгдлээ. Зөвхөн цэргүүдээр тогтохгүй сайн дурын хүмүүс ч оролцож байна.

Ойролцоогоор 2800 орчим байшин барилга, дэлгүүр хоршоо эвдэрч сүйдсэн. Эдгээрийн ихэнхийг нь өчигдөр өглөө засварлаж дууссан гэж Аюулгүй байдлын яам мэдээллээ. Хан мөрний өмнөд бүс хамгийн их хохирол амссан ба чинээлэг Ганнам дүүрэгт цахилгаан эрчим хүч тасарсан. Мөн метроны буудлууд руу үс түрэн орж ирсэн тул хэд хэдэн чиглэл хаагджээ.

Тус улсын эрх баригчид 1907 оноос хойш бүртгэл хөтөлж эхэлсэн аж. Энэ удаагийн үер түүхэнд байгаагүй рекорд тогтоожээ. Сөүлийн зарим хэсэгт Мягмар гаригийн шөнө хур тунадасны хэмжээ 497 мм болсон. Цагт орж буй хур тунадасны хэмжээ нь 141.5 мм байсан нь түүхэнд байгаагүй үзүүлэлт юм. Сөүл хотод наймдугаар сард дунджаар 348 мм бороо ордог бөгөөд энэ нь жилийн хамгийн чийглэг сард тооцогддог. Гэтэл хэд хэдэн байршилд ганцхан өдрийн дотор ийм хэмжээний хур тунадас орсон нь үерийн аюулд хүргэсэн юм.

Эх сурвалж: CNN, REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж