АН: А.Гуттереш Монголыг хүний эрхийг дээдэлдэг гэж хэлээгүй

Хуучирсан мэдээ: 2022.08.11-нд нийтлэгдсэн

АН: А.Гуттереш Монголыг хүний эрхийг дээдэлдэг гэж хэлээгүй

АН: А.Гуттереш Монголыг хүний эрхийг дээдэлдэг гэж хэлээгүй
Ардчилсан намаас өнөөдөр /2022.0.8.11/ ээлжит 4:11 мэдээллээ хийлээ.

УИХ-ын гишүүн Д.ГАНБАТ:
-Монгол Улс зургадугаар сараас эхлэн дэлхийн анхаарлын төвд байлаа. Томоохон айлчлалууд ар араасаа болж, хамгийн сүүлд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттереш айлчлал хийлээ. А.Гуттерешийн хэлсэнчлэн "Миний бие дэлхий дахинд хаа сайгүй түгшүүрийн дохио өгсөн ийм нөхцөл байдалд Монгол Улсад айлчиллаа. Монгол Улс маань энх тайвны бэлгэ тэмдэг улс орон" гэдгийг онцолсон.
Ардчилсан намаас удаа дараа байр сууриа илэрхийлж, мэдэгдэл хийхдээ "Монгол бол НҮБ-ын гишүүн орны хувьд хоёр том хөрштэйгөө стратегийн иж бүрэн түншлэлийн гэрээгээр найрсаг харилцаатай улс. Гэхдээ гуравдагч хөршийн бодлогыг байнга баримтлах ёстой. Ялангуяа санхүү эдийн засгийн хоригт орж болохгүй" гэдгийг байнга дурдаж байсны үр дүн гарч байна.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровын айлчлал болсон. Засгийн газрын түвшинд мэдээлэл бага байна. "Сэлэнгэ-2022" хээрийн сургуулилалтын талаар Засгийн газраас мэдээлэл өгөхгүй байна. Ховд аймагт хэр хугацаанд хэчнээн цэрэг сургуулилалт хийж байгаа талаар алга.
Ойролцоогоор 1300 орчим цэрэг 300 гаруй зэвсэг техниктэй сургуулилалт хийж байна гэх мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээс авсан. Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг цухас дурдаад өнгөрсөн.
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И айлчлалаар чамлахаар чанга атга гэгчээр Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг хөдөлгөх, нүүрсээ гаргах Гашуунсухайтын замын санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ үед НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттереш Монголд анх удаа айлчилсан. Манай дипломат албаны олон жилийн хөдөлмөрийн үр дүн юм. Өмнө нь НҮБ-ын дөрвөн ч Ерөнхий нарийн бичгийн дарга айлчилж байсан. Бид эрчим хүчний хараат байдлаас салахын тулд Эгийн голын УЦС-ыг тодорхой хэмжээнд НҮБ-аас дэмжихээр болсонд талархаж байна. Миний бие А.Гуттерештай уулзахад Ардчилсан намыг нэлээн онцолж байсан.
Монгол Улс 10 гаруй жил эдийн засгийн хөгжлийн ахиц, дэвшилгүй байлаа. Тиймээс Ардчилсан намын зүгээс том төслүүдийг яаралтай хөдөлгөж, ард түмний эрх ашигт нийцүүлж ажиллах шаардлагатай байна.
Энэ жилийн наадам сайхан болж, Ерөнхийлөгчийн гаргасан санаачлагаар Чингис хааны эш хөргийг айл болгон залах зарлигийг дэмжиж байгаа. Гэхдээ энэ баяр наадам ард түмнийх болохоос биш хэдэн дарга нар, цүнх баригчдын баяр биш. Орон нутагт маш их зардал чирэгдэлтэй хүлээн авалт хийж байгаад иргэд дургүйцэж байна лээ.
2020 оны сонгуулийн үр дүнгээр УИХ-д Ардчилсан намаас нэр дэвшсэн 11 гишүүн сонгогдсон. Тэгээд бүлэг байгуулж, ажиллаж байна. Өнгөрсөн хоёр жилийг харахад ерөөсөө хамгийн зөв зүйтэй, цөөнх сөрөг хүчин бол Ардчилсан нам юм гэдгийг гадна, дотоод улс орнууд, ард түмэн ч хэлж байна. Гадаад, дотоодын нөлөө байгааг нуугаад байх юм алга. Хэн Монгол Улсын эрх ашгийн төлөө явж байгааг харуулж байна. Ардчилсан нам тамга тэмдгийн маргаантай байсан бол ирэх намраас энэ асуудал хууль ёсны дагуу шийдэгдэж байна. Монголд хууль биелүүлэх, хариуцлагын асуудал дээр дооргүй үгүйлэгдэж байна. Ардчилсан намаас гарч ирчихээд эсрэг намын бодлогын шийдвэрээр хөдөлж байгаа гишүүд бий. Бүр аргаа бариад МАН-тай нийлж, хууль хүртэл өргөн барьж байна. Дэлхийн аль  ч оронд ийм явдал болоогүй. Энэ асуудлыг намын бодлого шийдвэрийн хүрээнд шийднэ. Ардчилсан намын бүлэг гадаадын шийдвэрийг биелүүлдэг, ганц нэг хүний бүлэг биш. Үндсэн хуульд нэмэль өөрчлөлт хийх албан ёсны бичиг гараагүй байна. Хэрэв ард түмэнд хэрэгтэй өөрчлөлт хийх юм бол бид дэмжихэд бэлэн. Ардчилалаас ухрах юм дэмжихгүй.
"ЗАСГИЙН ГАЗРЫН ТҮВШИНД ҮНДСЭН ХУУЛИЙГ ӨӨРЧЛӨХ АСУУДЛЫГ ЯРИХГҮЙ"
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.ӨНӨРБАЯР:
-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажлын хэсэг байгуулж, Үндсэн хуулийн шинэ төсөл хийнэ гэх албан бус мэдээлэл байна. Эрх баригчид сая наадмаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг ярьцгаасан. УИХ-ын гишүүдээ орон нутагт ажиллуулсан. Төсөл нь байхгүй. Монголчууд төрөөгүй хүүхдэд нэр өгдөггүй шүү дээ. Үүнтэй адил төсөл цаас нь байхгүй байхад юу хэлэлцүүлж байгаа нь ойлгомжгүй байна. Би үүнийг үнийн өсөлт, эдийн засгийн хямралыг сарниулах гэсэн жижиг улс төр гэж харж байна. Мөн Н.Энхбаяр гуай Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн ажлын хэсгийг ахална гэж юу байхав. Тэр хүн улс төрийн тэтгэвэрт гарах болсон. Одоо амраах хэрэгтэй шүү дээ. Хоёрдугаарт, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийх гэж байгаа бол үүнийг парламентад суудалтай улс төрийн намууд оролцож, УИХ-ын түвшинд ярьдаг. Тэрнээс биш Засгийн газрын түвшинд Үндсэн хуулийг өөрчлөх асуудлыг ярихгүй. Үүний оронд ард түмний нуруун дээрх ачааг хөнгөлмөөр байна.
Энэ цаг үед НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ерөнхийлөгчийн урилгаар Монголд ирж байгаа нь маш чухал алхам. Харин С.Лавров, Ван Игийн айлчлалыг яаран дүгнэх болоогүй байна. Монголд ирсэн юм бол айлчлал үр дүнтэй байх ёстой. Хэдийгээр Эрдэнэбүрэнгийн УЦС стратегийн чухал ач холбогдолтой ч манайд нэг зовлон бий. Тэр нь нэг дарга ирээд гэрээ хэлцэл хийхээр араас нь гүйцэтгэл байдаггүй. Сүүлдээ нөгөө ажлаа мартчихдаг шүү. Тиймээс сайд нар нь санаачлагыг гартаа авч ажлаа хийх ёстой. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг "Нэгдүгээрт эдийн засаг, хоёрдугаарт эдийн засаг, гуравдугаарт эдийн засаг"гэж. Одоо бол энэ үг Л.Оюун-Эрдэнэ сайдын хийх ёстой гол ажил.
А.Гуттереш "Монгол энх тайван улс" гэж хэлсэн ч хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн улс гэж хэлээгүй. Бид өнөөдөр ОХУ, Украины аль нэг талд ороогүй нь зөв. НҮБ гэдэг бол хөрөнгө оруулагч биш. Энэ байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Монголд айлчилж байгаа нь маш чухал. Өмнөд хөршийн Гадаад хэргийн сайдын айлчлал харьцангуй хөрөнгө оруулалтын тал руу алхам хийж байгаа нь сайн хэрэг. Хойд хөршийн сайдын айлчлалын үр дүн тодорхойгүй байна.
Үндсэн хуулийн цэц энэ сарын 15-нд хуралдах гэж байгаа гэсэн. Давхар дээлийг 2019 оны нэмэлт өөрчлөлтөөр тодорхой болгосон. Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн нь УИХ-ын гишүүн байж болно гэсэн. Гэтэл тэрийг 100 болгох гэж байгаа юм шиг байна. Эрх баригч намын гар хөл болж, Ардчилсан намын хоёр гишүүн гүйж байна. Одоо болио. Ардчилсан намаас сонгогдсон бол намын үзэл баримтлалд захирагдаж ажиллах ёстой. Үндсэн хуулийн цэц ийм зарчимгүй шийдвэр гаргахгүй байх. Хэрвээ УИХ-ын дөрвөн гишүүн Үндсэн хууль зөрчсөн гэж тоог нь авч ярих гэж байгаа бол УИХ-ын 76 гишүүн гэдгийг авч хаях хэрэгтэЙ. Маш тодорхой заасан юмыг өөрөөр тайлбарлах боломжгүй. Эрх баригч намаас хоёр шинэ яамны сайдаа томилж чадахгүй байна. Манай хоёр гишүүн эрх баригчдын тоглоом болж дуусч байна. Ардчилсан намын бүлэг тараасан нь эрх баригчдын тоглоом.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж