Дэлхийн эрүүл мэндийн байгууллага сармагчны цэцэг өвчний нэрийг өөрчлөх талаар хэлэлцэж байна. Учир нь энэ өвчин сармагчнаас үүсээгүй атал хүмүүс сармагчныг ялгаварлан гадуурхаж байна гэж үзжээ. ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейюс энэ талаар зургадугаар сарын дундуур анх мэдэгдсэн. Шинэ нэрийг удахгүй зарлана гэв.
Сармагчны цэцэг гэх одоогийн нэр нь ялгаварлан гадуурхаж, гутаан доромжилсон утгатай байна гэж хэсэг эрдэмтэн хамтарсан мэдэгдэл хийжээ. “Олон улсын хэвлэл мэдээллээр сармагчны цэцгийн вирус африк хүмүүст түгээмэл байдаг гэсэн ойлголт давамгайлж байна. Гэхдээ 2022 оны дэгдэлтээс өмнө гарсан бүх тохиолдол амьтнаас хүнд дамжсан байжээ. Хүнээс хүнд дамжих тохиолдол тун ховор байсан. Дэлхий даяар энэ өвчнийг Африкаас гаралтай гэж нэрлэж, хэвлэл мэдээллээр африк хүмүүсийн зургийг ашиглаж буй нь ялгаварлан гадуурхсан явдал” гэдгийг тэд онцлов.
Уг өвчний анхны тохиолдол 1958 онд сармагчны колони буюу сармагчин судалдаг төвөөс олдсон тул ийн нэрлэсэн аж. Түүнээс биш жинхэнэ эх үүсвэр нь тодорхойгүй байгааг АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээллээ.
Зарим албан тушаалтан сармагчны цэцэг гэх нэрний улмаас сармагчингуудыг хөнөөж болзошгүй гэж сэрэмжлүүлж байна. “Хамгийн гол анхаарах зүйл нь энэ өвчин хүмүүсийн дунд тархахаас сэргийлэх арга зам болохоос биш амьтан руу дайрах биш” гэж ДЭМБ-ын хэвлэлийн төлөөлөгч хэлэв.
АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп Covid-19 вирусийн “Хятадын вирус”, “Ухань вирус” гэж нэрлэсэн. Энэ явдалтай зэрэгцээд сармагчны цэцгийн нэрийг өөрчлөх кампанит ажил өрнөж байна. ДЭМБ-ын албан тушаалтнууд энэ нэр томъёог ашиглахгүй байхыг анхаарууллаа.
Эх сурвалж: MSN
Холбоотой мэдээ