Зөв дадалтай байхад дархлааны бэлдмэл хэрэглэх шаардлагагүй

Хуучирсан мэдээ: 2022.08.11-нд нийтлэгдсэн

Зөв дадалтай байхад дархлааны бэлдмэл хэрэглэх шаардлагагүй

АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн Дархлаа судлалын тэнхимийн ахлах багш, эмнэлзүйн дархлаа судлаач эмч, анагаах ухааны доктор Т.Хонгорзултай ярилцлаа.


 -Ханиад хүрэнгүүт л дархлаагаа сайжруул, халуун хоол ид, дархлаагаа дэмжих бэлдмэл хэрэглэ гэдэг. Ер нь дархлаа гэж юу вэ? Дархлаа муудаж, сайжирч байгааг яаж мэдэх вэ?

Дархлаа гэдэг нь бие махбодийг өвчин үүсгэгчээс хамгаалахаас гадна дотоод орчны тэнцвэрийг хадгалах үүрэгтэй эрхтнүүд, эдүүд, эсүүдээс тогтдог. Дархлааны эрхтэнд ясны чөмөг, сэрээ булчирхай, дэлүү, тунгалагийн булчирхай зэрэг хамаардаг. Эдгээр эрхтнүүд биеийн бусад эрхтний адилаар үүргээ гүйцэтгэдэг. Хүний биеийн дархлааны эрхтэн тогтолцоо нь өөрийн биеийг өвчин үүсгэгчүүдээс хамгаалдаг бөгөөд хүний биед гадаад орчноос хорт бодисууд болоод өөрийн биеийн эмгэг төлөвт хувирсан эсүүд бие дотор үүссэн даруйд дархлааны тогтолцоо тэдгээрийн эсрэг хариу үйлдэл үзүүлэн устгадаг гэсэн үг. Дархлааны хариу урвал хүчтэй явагдвал хэт мэдрэгшил, харшил болон аутоиммуны өвчнүүд үүсдэг. Харин дархлаа дутмагшлыг эрхтэн болон дархлааны эсийн шинжилгээгээр илрүүлдэг тул ямар нэг өвчин тусахад шууд дархлаагаа дэмж гэж хэлэх нь учир дутагдалтай.

-Монголчууд шороонд тоглож, хөдөө өссөн хүүхдүүдийг дархлаа сайтай гэж ярьдаг. Энэ ойлголтын тухайд?

Насанд хүрсэн хүнтэй харьцуулахад хүүхэд өвчлөмтгий байдаг нь хүүхэд цөөхөн өвчин үүсгэгчтэй “танилцсан” байдаг. Хөдөө өссөн хүүхэд өлчир чийрэг болдог. Энэ нь хоттой харьцуулахад хөдөө агаарын болон хөрсний бохирдол бага, идэвхитэй хөдөлгөөн, харьцангуй эрүүл хүнстэй холбон тайлбарлаж болно. Тэрнээс дархлаа нь илүү сайн ажиллана гэсэн ойлголт байхгүй.

-Төрөлхийн дархлаа султай хүүхэд гэж байдаг уу?

Ховор тохиолдолд төрөлхийн дархлаа дутмагшилтай төрсөн хүүхэд байдаг. Төрөлхийн дархлаа дутмагшлын үед хромосомын гажигаас үүдэлтэй дархлааны эрхтнүүд дутуу хөгжсөн, дархлааны эсүүдийн тоо цөөн байдаг. Нэг жилийн дотор олон удаа ойр ойрхон чих, хамар, хоолой нь өвддөг, өндөр ба жин нь наснаасаа бага, халдварт өвчнөөр хүндээр өвддөг бол дархлаа дутмагшилтай байх магадлалтай. Дархлаа дутмагшил оношийг дархлааны шинжилгээгээр баталгаажуулж байж тавих шаардлагатай.

-Дархлаагаа яаж дэмжих хэрэгтэй вэ? Ямар нэгэн дархлаа дэмжинэ гэсэн бэлдмэл хэрэглэх нь зөв үү?

Та ажил амралтын дэглэм барьдаг, шөнө сайн унтдаг, шим тэжээлтэй хүнс хоолондоо хэрэглэдэг, дасгал хөдөлгөөн хийдэг, стрессийн байдлаа хянадаг бол дархлаа дэмжих бүтээгдэхүүн шаардлагагүй. Харин эрдэс бодис эсвэл витамины дутагдалтай нь шинжилгээгээр тодорхойлогдвол тухайн хүний биеийн хэвийн үйл ажиллагаанд хэрэгтэй бодисыг нэмэлтээр авч болно.

-Тэдгээр бэлдмэлүүдийг хэрэглэвэл биед ямар нэгэн гаж нөлөөтэй юу?

Дархлаа дэмжих бүтээгдэхүүн ихэвчлэн олон эрдэс бодис, витаминуудыг агуулдаг. Хоол хүнсээрээ авах боломжтой эдгээр элемент таны биед дутагдалтай байгаа нь шинжилгээгээр нотлогдвол нэмэлтээр хэрэглэж болно. Харин хэрэгцээгүй үед нь хэрэглээд байвал сөрөг нөлөө үзүүлнэ.

Б.УНДРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж