Тайванийг Хятадаас хамгаалж буй бамбай нь хагас дамжуулагч

Хуучирсан мэдээ: 2022.08.11-нд нийтлэгдсэн

Тайванийг Хятадаас хамгаалж буй бамбай нь хагас дамжуулагч

Тайванийг Хятадаас хамгаалж буй бамбай нь хагас дамжуулагч

Хятад, Тайванийн асуудал сүүлийн өдрүүдэд дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Үүн дээр АНУ-ын зүгээс Тайванийн талд гэдгээ мэдэгдсэнээр байдал улам л сонирхолтой болж ирэв. Технологийн талаасаа АНУ зүгээр харж байгаад Тайванийг алдахыг хүсэхгүй. Тайваньчууд өөрсдөө ч Хятадын эсрэг хориг тавих хангалттай боломжтой. Учир нь тэд дэлхийн хагас дамжуулагчийн гол нийлүүлэгч, магнат.


ТАЙВАНИЙН ХУВЬД ХАГАС ДАМЖУУЛАГЧ ХЭР ЧУХАЛ ЗҮЙЛ ВЭ?

Дээр хэлсэнчлэн Тайвань бол дэлхийн хагас дамжуулагчийн эх уурхай, гол нийлүүлэгч. Бидний өдөр тутамдаа хэрэглэж буй ухаалаг утас, гэр ахуйн цахилгаан бараа, компьютер, эмнэлгийн тоног төхөөрөмж, автомашин, онгоц гээд бүхий л цахилгаан барааны хагас дамжуулагч, чухал бүрэлдэхүүн хэсгүүд Тайваниас гаралтай. “TrendForce”-ийн мэдээлснээр дэлхийн хагас дамжуулагчийн зах зээлийн 64 хувийг Тайвань дангаараа эзэгнэдэг бөгөөд үүний бараг тэн хагасыг нь тус улсын “TSMC” компани бүрдүүлдэг аж. Тэдний араас Өмнөд Солонгос 16 хувь, Хятад 9 хувь, АНУ 6 хувь, Израиль 1.3 хувь, бусад 2 хувийг тус тус бүрдүүлж байна.

Сүүлийн үеийн хамгийн дэвшилтэт хагас дамжуулагчийн 92 хувь Тайваньд үйлдвэрлэгддэг гэх судалгааг “Boston Consulting” гаргажээ. Тус улсын хамгийн том чип үйлдвэрлэгч “TSMC” л гэхэд “Apple”, “Qualcomm”, “Nvidia” тэргүүтэй компаниудад дэвшилтэт хагас дамжуулагчийг нийлүүлж байна.

Өөрөөр хэлбэл, хагас дамжуулагч гэдэг бол тайваньчуудын эдийн засгийн гол эх үүсвэр, аюулгүй байдлын баталгаа болоод байна.

Тайванийн экспортын бараг 40 хувийг, ДНБ-ийн 15 орчим хувийг хагас дамжуулагч бүрдүүлдэг гэнэ. Хамгийн чухал нь хагас дамжуулагчийн эрэлт, хэрэгцээ жилээс жилд нэмэгдэж, зах зээл нь тэр хэрээрээ хурдацтай томорч буй.

Судлаач Жэймс Лигийн ярихдаа “Тайвань хэдийнэ өөрсдийгөө өндөр технологийн тэргүүлэгч гүрэн гэж тодорхойлон байр сууриа бэхжүүлж эхэлсэн бөгөөд дэлхийн аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал нь тус улсын компаниудын зохион бүтээж, үйлдвэрлэж чадах хагас дамжуулагч дээр түшиглэнэ. Ингээд үзэхэд Тайванийн хагас дамжуулагчийн салбар нь эдийн засагтаа чухал ач холбогдолтой. Мөн энэ бүтээгдэхүүний үйлдвэрлэл Тайванийн аюулгүй байдалд чухал нөлөөтэй, стратегийн ач холбогдолтой. Бусад улс орнууд ялангуяа АНУ, Европын орнууд Тайванийн хагас дамжуулагчийг өндрөөр үнэлдэг” гэжээ.

Хятадын зүгээс Тайванийн цитрус жимс, загасны экспортыг хязгаарлаж, хоригт оруулж байгаа ч энэ нь эдийн засагт нь бага нөлөө үзүүлж байгаа аж. Харин хагас дамжуулагчийн экспортыг нь хоригловол Хятад өөрсдөө том хохирол амсана гэж шинжээчид үзэж байна.

ЯАГААД ХЯТАДАД ТАЙВАНИЙН ХАГАС ДАМЖУУЛАГЧ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Тайванийн эдийн засаг, аюулгүй байдал хагас дамжуулагчаасаа хамаардаг шиг Хятад ч мөн хамааралтай. Конгрессын судалгаанд дурдсанаар Хятад бол дэлхийн хамгийн том хагас дамжуулагч хэрэглэгч улс. Тус улс нийт нийлүүлэлтийн 60 хувийг дангаараа “залгидаг”. Нийт эрэлтийнхээ ердөө 10 хүрэхгүй хувийг дотооддоо үйлдвэрлэж, үлдсэн 90 хувиа импортоор авдаг гэнэ.

Хятад улс сүүлийн жилүүдэд хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд олон тэрбум доллар зарцуулж байгаа ч Шанхайд төвтэй “SMIC” тэргүүтэй үндэсний компаниуд нь дотоодынхоо хэрэглээний 10 хүрэхгүй хувийг л хангаж байна.

Судлаач Жэймс Ли энэ талаар “Хятадын компаниуд хагас дамжуулагч зохион бүтээх чадвартай ч хүчин чадал нь хязгаарлагдмал учир Тайваниас хамааралтай байна. Тус улсын “SMIC” компани дэвшилтэт 7-нм чип үйлдвэрлэх боломжтой болсон гэж мэдэгдсэн ч дөнгөж эхний шатандаа яваа бололтой. Өөрөөр хэлбэл, “TSMC”, “Samsung” компаниудаас нэлээд хоцорч байна ” гэв.

Тайвань Хятад руу хагас дамжуулагч нийлүүлэхээ зогсоовол Хятадын цахилгаан бараа, технологийн компаниуд зогсонги байдалд орж, эдийн засагт нь томоохон хохирол учрах эрсдэлтэй.

ХЯТАД ИРЭЭДҮЙД ТАЙВАНИАС ХАРААТ БУС БОЛЖ ЧАДАХ УУ?

Тайванийн хагас дамжуулагчийн ноёрхол хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй байна. Хятадын дарга Ши Жиньпин гадаадын технологийн компаниудаас хараат байгаа нь тус улсад тулгараад буй хамгийн том далд аюул гэдгийг онцолж, дотоодын үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийг урьтал болгож байгаа. “Made in China” аяны хүрээнд Хятадын эрх баригчид 2020-2025 оны хооронд хагас дамжуулагч тэргүүтэй өндөр технологийн салбарт 1.4 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдсэн.

“TechNode”-ийн судалгаагаар Хятадын хагас дамжуулагч үйлдвэрлэгч компаниуд 2020 онд л гэхэд 227.6 тэрбум юань буюу 33.7 тэрбум ам.долларын санхүүгийн хөрөнгө оруулалтыг төрөөсөө авчээ.

Энэ асуудлаар Жэймс Ли ярихдаа “Хятад улс Тайванийн компаниудаас хараат хэвээр байгаа учир хагас дамжуулагчийн салбарт хориг арга хэмжээ авна гэж бодохгүй байна. Харин Хятад үндэсний илүү хүчирхэг үйлдвэрлэгчидтэй болж чадвал энэ байдал өөрчлөгдөж магадгүй. Гэхдээ миний бодлоор ийм зүйл болоход олон жил шаардагдана” гэв.

Хятадын урдаа барьдаг хагас дамжуулагч үйлдвэрлэгч “SMIC” компанийн үүсгэн байгуулагч Ричард Чан Ругингийн хэлснээр эх оронд нь энэ салбарт ажиллах чадварлаг боловсон хүчин тун хомс байгаа аж. Өөрөөр хэлбэл, 1.4 тэрбум хүн амтай Хятад улс хагас дамжуулагчийн салбарт хүний нөөцийн хомсдолд оржээ.

Хятад улс 100 тэрбум юань буюу 14.82 тэрбум ам.долларын хөрөнгөтэй аж үйлдвэрийн хөрөнгө оруулалтын сан байгуулж, бизнес эрхлэгчдээ дэмжих бодлого баримталж байгаа ч санаснаар нь болохгүй байна. Сүүлд л гэхэд тус сангаас хөрөнгө оруулалт авсан Цинхуа Юнигруппын үйлдвэрлэсэн чипнүүд асуудалтай нь нотлогдож, эцэст нь тус групп дампуурлаа зарласан. Эзэн Жао Вэйгуо нь ч баривчлагдан, хэрэг нь одоо мөрдөн байцаалтын шатандаа явж байгаа гэнэ.

Сингапурын менежментийн их сургуулийн Хятадын худалдааны мэргэжилтэн Хенри Гао Хятадын засгийн газраас Тайванийн эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээний талаар "Тэд дайнд бэлэн болсон үедээ л чипний импортыг хаана гэж би бодож байна. Хагас дамжуулагч хөгжүүлнэ гэдэг маш хэцүү. Тэдний өмнөх оролдлогуудын ихэнх нь бүтэлгүйтсэнийг салбарынх нь сүүлийн үеийн баривчилгаанаас харж болно” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
5
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж