Монголд валют орж ирэх урсгалгүй болсноор доллар дахин ховорджээ

Хуучирсан мэдээ: 2022.08.11-нд нийтлэгдсэн

Монголд валют орж ирэх урсгалгүй болсноор доллар дахин ховорджээ

Монголд валют орж ирэх урсгалгүй болсноор доллар дахин ховорджээ

Арилжааны банкууд дахиад л ам.долларыг хязгаартай өгч эхэлснээр зах зээлд “ноён ногооны” эрэлт ихэсч, олдоц мууджээ. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногоос эхлэн арилжааны банкууд өдөрт 20 сая төгрөг буюу 6000 ам.доллар гаргаж байгаа аж. Эргэн сануулбал, өнгөрсөн хавар ам.долларын ханш огцом өсч байв. Тухайлбал, ОХУ-Украины дайны улмаас банкууд ам.долларт хязгаарлалт тогтоож, “Найман шарга”-ын ченжүүд ам.доллараа нөөцөлж, иргэд хадгаламжин дах мөнгөө ам.доллар болгохоор “алалцаж” байв.

Тэгвэл арилжааны банкууд ам.долларт хязгаарлалт дахин тогтоожээ. Ямар сайндаа л “Ам.доллар нь Монголд “картын бараа” болжээ хөөрхий” гэж эдийн засагч Д.Ангар шүүмжилсэн байна. Энэ он гарсаар Монгол Улс гадаад 4.3 тэрбум ам.долларын нөөцтэй байсан бол өдгөө гурван тэрбум орчим ам.доллар болтлоо буурчээ. Энгийнээр бодоход манайх шиг гаднаас ихэнх бараа бүтээгдэхүүнээ худалдаж авдаг улсад ам.долларыг дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадах гарцаагүй дүр зураг ажиглагдаж буй.

“НАЙМАН ШАРГА”-Д АМ.ДОЛЛАР 3196 ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ

Арилжааны зах зээлд валютын нөөцийн гурван хувийг эзэлдэг гэх “Найман шарга”-д төвд мөн л ам.долларын эрэлт ихэсч, хүмүүс ч бужигнаж байна. Наадмын дараагаас эхлээд ам.долларын эрэлт ихэсчээ. Өнөөдрийн байдлаар Туркийн лира, БНСУ-ын вон, юань солиулах нь нэмэгдсэнийг эндхийнхэн хэллээ. Тэднээс ам.доллар яагаад эрэлттэй байгааг лавлавал “Жил бүрийн наймдугаар сард гадаад, дотоодыг чиглэх хөдөлгөөн ихэсдэг учраас дагаад л валют солиулах хүмүүсийн тоо нэмэгддэг” гэх тайлбарыг хэлж байна. Валютын ченжүүдийн хэлж байгаагаар ойрын хугацаанд ам.долларын ханш буухгүй өснө. Тэгэхээр хүмүүс их бага хамаагүй авах гэж зорьж байна гэсэн юм. Мөн тус валют арилжааны төвд юань гэхэд л 470-476 төгрөгөөр зарж байна. Харин рублийн ханш сүүлийн саруудад чангарчээ.

“Найман шарга” төвд өнөөдрийн байдлаар ам.долларыг 3185 төгрөгөөр авч, 3196 төгрөгөөр зарж байна. Монголбанкнаас зарласан өнөөдрийн ханшаар ам.доллар 3179 төгрөгтэй тэнцэж байна. Энэ нь өнгөрсөн сарын 25-ны өдрийн Монголбанкны ханштай харьцуулбал,22 төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт аж.

Арилжааны банкуудаас яагаад ам.долларын хязгаарлалт дахин хийх болсныг тодруулахад дорвитой хариулт өгсөнгүй. “Хаан”, “Хас”, “Төрийн банк”, “Худалдаа хөгжлийн банк”, “Голомт” банкууд ам.доллар авах хүсэлтэй иргэн бүрт зарахгүй хүсэлт гаргасан хүмүүст өгч буй талаар хэлж байлаа. Монголбанк хуулиараа арилжааны банкуудын үйл ажиллагаанд оролцох эрхгүй. Банкууд өөрсдийн нөөцөд тулгуурлаж хязгаарлалт тогтоодог аж.

ВАЛЮТ ОРЖ ИРЭХ УРСГАЛ БАЙХГҮЙ БОЛЧИХООД БАЙНА

Ам.доллар хомсдож буй шалтгааны талаар эдийн засагч Б.Лакшмигаас тодрууллаа. Тэрбээр "Манайх валютын хомсдолд орсон нь тодорхой. Яагаад гэхээр Монгол Улсын хувьд валют орж ирэх урсгал байхгүй болчихоод байна.

Орж ирж буй валютын урсгал нь экспорт, гадаад хөрөнгө оруулалтаас хамаардаг. Ингээд урсгал байхгүй болчихоор хомсдолд орж байгаа юм. Гадаад валютын нөөц багассанаар төгрөгийн ханш дагаад суларч, худалдан авах чадвар буурна. Дагаад бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэнэ.

Ер нь жил бүрийн наймдугаар сард ам.долларын ханш өсдөг. Энэ нь гадаадад сурдаг иргэдтэй холбоотой. Тиймээс түүнтэй холбоотой арга хэмжээ авч байгаа юм байна” гэсэн тайлбарыг өгөв.

ТӨГРӨГИЙН АМ.ДОЛЛАРТАЙ ХАРЬЦАХ ХАНШ СҮҮЛИЙН ЖИЛД 10 ХУВИАР СУЛАРСАН

Валютын нөөцийн талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн энэ сард дараах тайлбарыг өгчээ. Тэрбээр “Манай улсын валютын орох, гарах урсгалыг харуулдаг төлбөрийн тэнцэл энэ оны эхний зургаан сарын байдлаар 1.1 орчим тэрбум ам.долларын алдагдалтай гараад байна. Үүнд хил боомт дээрх гацаанаас шалтгаантай нүүрсний экспортын биет хэмжээний гүйцэтгэл бага байснаас гадна бидний гаднаас авч хэвшсэн импортын шатахуун, хүнсний бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дээрх үнийн өсөлт голлон нөлөөлж байна. Сүүлийн  жил гаруй хугацаанд ам.долларын индекс буюу бусад голлох валютууд (евро, иен, фунт, юань гэх мэт)-тай харьцах ханш 15 хувиар чангараад байна.

Харин төгрөгийн ам.доллартай харьцах ханш энэ хугацаанд 10 хувиар л сулраад байна. Өнөөгийн хүнд сорилтын үед Монголбанк төгрөгийн ханшаас илүү валютын нөөцөд анхаарах хэцүү сонголтын хүрээнд ажиллаж байгаа ч ханш уян хатан байдлаар тогтворжсон байдалтай байгаа.

Бодлогын хүүг шат дараатай өсгөн төгрөгийн харьцангуй өгөөжийг нэмэгдүүлж байгаа нь төгрөгийн ханшийг тогтвортой байх суурь нөхцөл болж байна” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХарамсалтайХарамсалтай
9
БурууБуруу
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж