Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд нийслэлийн төвлөрлийг сааруулах зорилготой хэд хэдэн хөтөлбөрийг тусгаж өгсөн. Тухайлбал, хотын төвд буй төр, захиргааны байгууллагуудыг шинэ нисэх рүү нүүлгэх. Энэ ажлыг өнгөрсөн гуравдугаар сард Засгийн газрын хуралдаанаар оруулж дэмжсэн бол өчигдрөөс албажиж байгааг Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар онцолсон. Учир нь Хөшигийн хөндийд байгуулах шинэ хотын төлөвлөлтөд 150 мянга гаруй иргэнийг тухайн бүсэд суурьшуулахаар зорьж буй. Тиймээс тухайн хэсэгт төр, захиргааны зарим байгууллагыг нүүлгэх талаар шийдвэр гаргажээ.
Одоогоор аль аль нэгжийг нүүлгэх нь тодорхойгүй байгаа ч иргэд дараагийн их нүүлгэлт цаасан дээрх төлөвлөгөө хэвээр үлдэх вий гэжээ.
Учир нь өмнө нь хотын төвлөрөл, автомашины түгжрэлийг бууруулах зорилгоор төрийн өмчийн их сургуулиудыг хотоос гаргах, томоохон зах худалдааны төвүүдийг А бүсээс нүүлгэх ажлыг хэд хэдэн удаа санаачилж он, он дамжиж ярьсан ч амжилт олоогүй. 2018-2020 онд эхний ээлжид ХААИС-ийг Дархан-Уул аймаг руу, араас нь ШУТИС-ийг “Эрдэнэт” үйлдвэрийг түшиглэн шилжүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа албаныхан мэдээлж байв. Түүгээр ч зогсохгүй их сургуулиудын дараа 10 жилийн хугацаанд Ховд, Дорнод аймагт боловсрол, эрүүл мэнд, нийгмийн чиглэлийн сургуулийг шилжүүлэх бодлогыг Боловсрол, шинжлэх ухааны яам барьж буйгаа мэдэгдэж байсан юм. Гэвч их сургуулиудыг орон нутаг руу нүүлгэхээр багш нар нь дагаад явна гэх баталгаа байхгүй. Нүүх үлдэх гэдэг сонголтын аль нэгийг хийх шаардлага тулгарч байсан. Мөн их сургуулиудыг цогцолбор хэлбэрээр нүүлгэхэд нийт 11 их наяд гаруй төгрөгийн төсөв шаардлагатай болсон.
Тиймдээ ч боловсон хүчний асуудлаас үүдэж дээд боловсролын байгууллагуудыг нүүлгэхэд бэрхшээл гарч ирсэн. Ийнхүү энэ ажил гурван жилийн хугацаанд яригдаад замхарч байв.
ЦААСАН ДЭЭР ЦАРЦСАН ЭХНИЙ АЖИЛ НЬ ЗАХ ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДИЙН НҮҮЛГЭЛТ
Үүнээс өмнөх цаасан дээрх их нүүлгэлт бол томоохон зах худалдааны төвүүд. Нарантуул, 100 айл тэргүүтэй олны хөл тасардаггүй худалдааны төвүүдийг А бүсээс гаргах нь олон давуу талтайг танилцуулж, үйлдвэрлэлийг ч хотоос зайтай байгуулах тухай Барилга хот байгуулалтын яам санаачилж байлаа.
Ийнхүү 2014-2015 онд Зуун айл дахь барилгын материал үйлдвэрлэлийг Налайх дүүрэг рүү шилжүүлэх бодлогыг хотоос барьж, Үйлдвэр технологийн парк байгуулах шийдвэр гарсан ч өнөөг хүртэл тэг зогссон.
Мөн “Нарантуул” олон улсын худалдааны төвтэй хаяа залган байрлах “Өгөөмөр” авто техникийн захыг нүүлгэх шаардлагатай талаар ч танилцуулж байв. Гэвч хөрөнгө мөнгөнөөс эхлээд суурьшлын бүсийг шилжүүлэхэд газрын зохицуулалт, төлөвлөлт гээд олон асуудал байгаа учраас ийнхүү олон жил яригдаж, шат шатны удирдлагууд дэмжээд ч амжилт олоогүй.
Тэгвэл энэ удаагийн их нүүлгэлтийг Нийслэлийн захиргааны байгууллагаас эхэлсэн бол одоо дараа дараагийн төрийн шатлалын байгууллагуудыг шинэ хот руу шилжүүлэх болсноо Засгийн газар мэдэгдэв. Үүнд шаардлагатай төсвийг ч улсын төсвөөс санхүүжүүлж, ойрын хугацаанд хотын төлөвлөлтөд онцгой анхаарахаа мэдэгдлээ. Харин энэ ажил хэдэн жилийн дараа бүрэн биелэлээ олох бол?
Холбоотой мэдээ